СЕХ: Хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 9-нд болно

Сонгуулийн Ерөнхий Хорооноос дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 1,357,788 сонгогч буюу нийт сонгогчийн 68.27 хувь нь санал хураалтад оролцлоо.
Нэр дэвшигчдийн авсан санал, дүнгийн талаар авч хэлэлцлээ. Санал хураалт болсноос хойш дүн автомат системээр СЕХ-ны автомат системд ирсэн. Хамгийн сүүлийн дүн өнөөдөр өглөө 09:10 цагт ирлээ.
Харин Говь-Алтай аймгийн Цогт суман дээр асуулт гарсан. Тэндээс мэдээгээ дамжуулж чадахгүй байсан. Мөн хорлон сүйтгэх ажиллагаанаас болж нэг хэсэг дээр мэдээ дамжуулж чадаагүй. Үүнийг шалгана" гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр нэр дэвшигчдийн саналыг танилцуулав. ТодруулбалАН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517,478 санал буюу 38.11 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411,748 санал буюу 30.32 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409,899 санал 30.19 хувийн санал авчээ.
СЕХ-ны хуралдаанаар хэлэлцээд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэр гаргаж, СЕХ-ны тогтоол гаргажээ. Хоёр дахь шатны санал хураалтыг 2017 оны долоодугаар сарын 9-нд зохион байгуулахаар болсон байна. Харин гадаадад байгаа сонгогчдын санал хураалт 7 дугаар сарын 4-д болно.
Хамгийн олон санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарыг дахин санал хураалтад оруулахаар боллоо" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ