М.Энхболд: Долдугаар сарын 09-нд санал хураалтыг зохион байгуулах нь зөв зүйтэй гэж үзэж байна

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд хоёр дахь шатанд тунаж үлдсэнМ.Энхболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланнар дөнгөж сая мэдээлэл хийлээ.

М.Энхболд “Юуны өмнө өчигдрийн санал хураалтанд оролцож надад саналаа өгсөн сонгогчдод болон намын идэвхтэн зүтгэлтэнгүүддээ баярласан талархсанаа илэрхийлье.

УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар зохион байгуулагдлаа. Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар СЕХ-ноос мэдээлэл өгч танилцуулсан. Үүнтэй холбогдуулан би өнөөдөр мэдээлэл хийж байна.

Сонгуулийн эцсийн үр дүн хараахан гараагүй байгаа ч гэсэн ямар ч үед улс орныхоо эдийн засгийн хямрал нөхцөл байдлаас гарах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг өөд татах асуудал дээр анхаарал тавьж ажилласаар байх болно. Сурталчилгааны ажил эхлэх үед хоёр нэр дэвшигчдэдээ хандан ил захидлыг алд цэнхэр хадгийн хамт илгээсэн. Энэ сонгуулийг хуулийн дагуу, олон түмнээ хүндэтгэсэн сонгууль явуулъя гэсэн уриалагыг би гаргасан. Харамсалтай нь сонгуулийн сурталчилгааны эл өдрүүдэд миний уриалсан уриалгын дагуу болж чадсангүй. Гутаан доромжилсон, эвлүүлэг хэрээс хэтэрсэн, иргэдийг элдэв зүйлд уриалсан, орон нутагт тэрбум тэрбумаар нь мөнгө тээвэрлэсэн, гадаадаас сая саяар нь хандив авсан сонгууль болж өндөрлөсөнд харамсаж байна. Ийм учраас дараагийн санал хураалт болох байдалтай болж байгаа гэж ойлгож байна. Нэр дэвшигч миний хувьд олон удаагийн нэвтрүүлэгт тухайн бүрт хариултыг нь өгч, эцсийн мэтгэлцээн болоход МАН амлалтаасаа яагаад буцсан бэ гэдгийг тодорхой тайлбарласан. Олон түмэн зөвөөр ойлгож байгаа. 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэдгийг хэлсэн. Газрын наймаачин гэж олон жил ярьж байна. Үүнд ч хариултыг өгсөн. Өчигдрийн санал хураалтад иргэдийн идэвх оролцоо сайн байлаа. Нийт 68 хувь нь сонгуульдаа саналаа өгсөн. Өнөөдөр СЕХ хуралдаж долдугаар сарын 09-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар зарласан. Дараагийн санал хураалтыг зарлаж байгаатай холбогдуулан эдийн засгийн нөхцөл байдлаа бодсон ч, үндэсний их баяр наадмаа бодсон ч энэ өдрийн санал хураалтыг хуулийн дагуу зохион байгуулах нь зөв зүйтэй юм гэж бодож байна. Үүнийг зохион байгуулахдаа орон нутгийн сонгуулийн ажилд оролцсон байгууллага, иргэд идэвхтэй оролцож үр дүнтэй болгох тал дээр нь анхаарал тавихыг хүсч байна” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн асуусан асуултад тэрбээр дараах хариултыг өглөө.

-МАХН сая хурал хийж сонгуулийн дүнгийн талаар 30 мянган сонгогчийн саналын зөрүү гарлаа. Танайхыг будлиантуулсан гэж мэдэгдлээ. Үүнд хариулт хийгээч?

-Сонгуульд нэр дэвшсэн, оролцсоны дараа МАН руу дайрдаг. Өмнө нь удаа дараа дайрч ирсэн. Бид аль ч сонгуулийн үед хууль дүрмээ барьж, СЕХ-ноос тавьсан шаардлагыг биелүүлж соёлтой оролцдог улстөрийн хүчин юм. Юм болвол хойд талын хар овоохой гэгчээр бидэн рүү санал луйвардсан гэж дайрч байна. СЕХ-оог шалгая, саналын хуудсыг тоолъя гэсэн саналыг нь дэмжинэ. Хэрвээ тэр 35 мянган санал нь ямар зөрүүтэй байгаа вэ гэдгийг хамтраад шалгаж болно. СЕХ-ноос 50 хувийнхаа тооллогыг хийхдээ ямар нэгэн асуудал гараагүй гэж өглөө мэдээлэл хийсэн. Энэ хардлага сэрдлэгийг арилгая гэж бодож байгаа бол бид хамтран шалгалт хийхэд бэлэн байна.

-Долдугаар сарын 09-ны өдрийг иргэд сонгогчид дэмжихгүй байна. Яагаад гэвэл амралт болон наадам таарч байгаа учраас ирц хүрэхгүй, дахин сонгууль болчихвий гэсэн хардлага байна?

-Долдугаар сарын 09-ний өдрийг СЕХ зүгээр нэг сонгож аваагүй байх. Хэн нэгэн нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор дахин санал хураалт зарлаж, зохион байгуулах эрх үүрэг нь СЕХ-нд бий. Саналын хуудас бэлтгэхээс эхлээд хөрөнгө хүч гарна. Тэр бүгдийгээ бодож тооцож энэ хугацааг гаргасан байх. Тиймээс СЕХ-ноос гаргасан хугацаандаа иргэд идэвхтэй оролцож өндөрлүүлэх нь зүйтэй болов уу.

-Хэрвээ дахин сонгууль явуулахаар болвол МАН МАХН-тай хамтарч оролцох талаар ярилцсан уу?

-Одоогоор энэ талаар яригдсан зүйл байхгүй.

Д.Амарбаясгалан “Манай намын нэр дэвшигч 10 аймагт илт давуу байдлаар ялсан. Өчигдөр 23.30 цагийн үед мэдээлэл хийх явцад 10 мянган орчим саналын зөрүү гарсан байсан. Тэр цаг мөчид улс орон даяар ажилласан 1983 хэсгийн хорооноос 290 орчимынх саналын дүн ирээгүй байсан үед дүнгээ танилцуулсан гэдгийг онцлон хэлмээр байна. Дахин санал хураалтаар сонгуулийн ирцийг хүргэх тал дээр СЕХ хариуцах ёстой. Ирцийг хүргэхэд ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэй гэж заасан зүйл хуулинд байхгүй учраас хөшүүрэг хэрэглэнэ гэж хэлэх боломжгүй юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ