АН: Наадмаар санал хураалт явуулбал ирц хүрэхгүй байх магадлалтай

АН-ын дарга С.Эрдэнэ, дэд дарга Я.Санжмятав, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар дөнгөж сая Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Төрийн алба хаагчид сонгуульд Монгол Улсын иргэний хувиар оролцох ёстой.Гэвч төрийн алба хаагчдыг албан тушаалаар нь дарамтлах зэрэг үйлдэл гаргасан нь харамсалтай байна. Тухайлбал, нэг төрийн алба хаагч 5-аас доошгүй хүн олоорой. Саналын хуудасны баримтаа авч ирж үзүүлээрэй гэх мэтээр дарамт учруулсан байна. Бид үүнийг зүгээр орхихгүй. Хуулийн дагуу шалгуулна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг 1 сая 300 мянган сонгогчийн 40 орчим хувь нь дэмжсэн байна. Нийт санал өгсөн сонгогчид, Монголчууддаа баярлалаа. Та бүхний санал үр хүүхдийн ирээдүй, Монголын тусгаар тогтнолын төлөө байсан юм шүү гэдгийг хэлье. Энэ удаагийн сонгуульд хэвлэл мэдээллийнхэн, урлаг соёлынхон тэнцвэргүй ажиллалаа. Дараа, дараагийн сонгуульд тэнцвэртэй хандаж, иргэдэд үйлчлэхийг хүсье” гэв.

Мөн тэрээр “Наадмын өдрүүдэд дахин санал хураалтыг зохион байгуулж байгаа нь сонгуулийн ирцийг хүргэхгүй байх гэсэн санаархал байж мэднэ” гэсэн юм.

Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас СЕХ-нд албан тоот хүргүүлж байна. Манай нам долдугаар сарын 09-нд дахин санал хураалтын товыг зарласан нь хууль зөрчсөн агуулгатай байна гэж үзэж байна. Санал хураалтыг амралтын өдөр болон Монгол төрийн наадам эхэлсэн үед зохион байгуулахаар болсон.09-10-нд аймгуудын наадам таарч байгаа учраас ийм өдөр сонгуулийн товыг зарласан нь буруу юм. Тиймээс бид долдугаар сарын 05-06-нд зохион байгуулах шаардлага хүргүүлсэн” гэлээ.

АН-ын дэд дарга М.Санжмятав “Монгол улсын иргэд, гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдэдээ талархал илэрхийлмээр байна. Мөн саналаа шөнөжин манаж хоносон алба хаагчдадаа баярласнаа хэлмээр байна. Хэдийгээр энэ удаад хараахан сонголтоо хийгээгүй бол манай нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр болон Монголоо ялуулахын төлөө сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ удаагийн сонгууль хар бараан мэдээллийн дунд өрнөлөө. Жирийн сэтүүлчдэд буруу байхгүй. Цаад эзэд нь нөгөө талд байлаа. Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед дараагийн санал хураалтад идэвхтэй оролцож, бидэнтэй хамт байгаарай.Монголын ард түмнийг би зөв сонголтоо хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ярив.

Нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль их хүнд болж өнгөрлөө. Иргэд төрт ёсны уламжлал, авлигал, хээл хахууль, баялагийг хулгайлагчдын эсрэг саналаа өглөө гэж ойлгосон. Хуулийн баг маань 50+1 гэдэг бүрхэг хуулийн тайлбар дээр ажиллаж байгаа. Дараагийн санал хураалтыг наадмаар зохион байгуулж байгаа нь СЕХ эрх баригчдын талд ажиллаж байгааг харууллаа. Миний бие олонхи болсон гэдгээ зарлахад таатай байна. Нийт ажилласан хүмүүс, бидэнд итгэсэн сонгогчдодоо баярлалаа гэдгээ дахин хэлье” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ