МоАХ дахин санал хураалтыг 6-нд явуулахыг шаардлаа

Монголын ардчилсан холбооноос Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг Ардчилсан намын гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Их аварга Д.Дагвадорж нар уншиж танилцуулсан юм. Тэд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын долдугаар сарын 6-нд явуулах нь зүйтэй хэмээн шаардаж буй юм.

Уг шаардлагад “Эрх баригч нам төрийн эрх мэдэл, хуулийн байгууллагыг ашиглаж, Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагаанд халдсан хүч тэнцвэргүй сонгууль боллоо. Гэвч Монголын ард түмэн Ардчилсан намын нэр дэвшигчийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, олноороо итгэл хүлээлгэн, Ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулга тэргүүлсэн хэдий ч СЕХ хоёр дахь санал хураалтыг явуулахаар шийдсэн.

СЕХ санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар шийдсэн нь ирц болон саналын үр дүнд сөргөөр нөлөөлөх зорилго агуулж байгаа учраас МоАХ үүнийг эсэргүүцэж байна. СЕХ хуулиа биелүүлэхгүй, сонгуулийг шударга явуулж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь С.Ганбаатарт өгсөн 20 мянга орчим санал алдагдсан. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нь МАН-ын нэр дэвшигчтэй найз нөхдийн холбоотой. Энэ талаархи бичлэг сошиалд цацагдсан. Тиймээс санал хураах өдрийг товлосон шийдвэрээ цуцалж, долдугаар сарын 6-нд болгохыг шаардаж байна. Энэхүү шаардлагын хариуг зургадугаар сарын 29-ний 11:00 цагт авах хүсэлтэй байна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” гэжээ.

МУГЖ Д.Сосорбарам хэлэхдээ "Монгол хүн бүрийн эрх, өсөж өндийж байгаа хүүхдүүдийнхээ ирээдүйг бид өмөөрч байна. Энэ сонгууль хүч тэнцвэргүй болсон. Ялангуяа цагдаа, хүчний байгууллага эрх баригчдын даалгавраар инээмсэглэсэн дарангуйлал хийлээ. Төрийн албан хаагчдад асар их дарамт ирсэн. Үүнийг би өөрөө орон даяар явахдаа мэдэж авлаа. Урд, хойд хоёр хөршийн харилцааг дипломат харилцаагаар шийдэх ёстой. Ингэж чадах хүн бол Х.Баттулга гэж харж байгаа. Аливааг бид бодитой үнэлэхгүй байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ