СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нарших тохиолдол ихэссээр байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градус давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжлэхийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. Ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градус давж халж, хурц нартай байх тул наршилтаас өөрийгөө хамгаалах, зүрх судасны өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байхыг сануулсаар байна. Мөн бага насны хүүхэд болон хууч өвчтэй иргэд, ахмад настангууд нарших, нарны хордлого биеэр туурах, ухаан алдах, даралт ихсэх зэрэг тохиолдлууд их байгаа талаар албаныхан мэдээлэв.

Иймээс хэт нартай өдөр өндөр настан болон бага насны хүүхэд онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, даралт ихтэй зүрх судасны өвчтэй хүн тогтмол эмээ уух, нарны малгай өмсөх, шүхэр хэрэглэх, нарны шил зүүх, шингэн ус сайн уух, алчуур болон малгайгаа хүйтэн усаар норгож хэрэглэх, хурц нартай үед удаан хугацаагаар алхахгүй байх шаардлагатай юм. Хэрэв наршсан тохиолдолд сэрүүн газар амрах, бүлээн шингэн уулгах, арьсны нимгэн хэсгүүдэд хүйтэн жин тавих эсвэл спиртээр арчих, массаж болон иллэг хийж цусны эргэлт зогсохоос сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулж байна.

1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ