Хэт халалтын улмаас ургац алдах эрсдэлтэй байна

Энэ онд хэт халалтын хэмжээ олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү байгаагийн улмаас газар тариалангийн бүс нутгуудад ган, гачиг нүүрлээд байна гэж Монголын үр тариалан эрхлэгчдийн холбоо мэдэгдсэн юм. Мөн хэт халалтын улмаас ургац алдаж болзошгүй байгааг салбарын яам мэдээллээ.

Улсын хэмжээнд ургацынхаа 40 хувийг алдах эрсдэлтэй байгаа аж. Үүнээс гадна хүчтэй салхи гарч, мөндөр орсны улмаас зургаан аймагт цахилгаан дамжуулах шугам гэмтсэнийг засах ажил үргэлжилж байгааг ОБЕГ мэдэгдсэн. Нийт 125 суманд тог цахилгаангүй болжээ.

Гэхдээ эдгээр суманд байрладаг шатахуун түгээх станцууд цахилгаан үүсгүүрээ ашиглан түгээлтээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэж "Петровис" компани мэдээллээ. Харин "Мобиком"-ын үүрэн холбооны сүлжээнд доголдол үүссэнийг хэвийн горимд шилжүүлэхээр шуурхай ажиллаж байгаа аж.

Цахилгаан тасарсан газруудын хоёроос бусад байршилд "Мобиком"-ын сүлжээ тэжээлийн нөөц эх үүсвэрээр хэвийн ажиллаж байна.

Түүнчлэн баасан гарагт Булган, Хөвсгөл аймгуудад аадар бороо орно гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ. 7, 8 дугаар сард улсын хэмжээнд хуурайшилт дунджаас илүү түвшинд байх магадлалтай байгааг онцолсон. Мөн тус саруудад газар тариалангийн бүс нутагт дундаж хэмжээний тунадастай байх төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ