Урьдчилгаагүйгээр байрны зээлд хамрагдах гэр хорооллын иргэдийн материалыг авч эхэллээ


Улаанбаатар хотын агаарын бохирдлын1, 2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бүрдсэн тухай Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Орон сууц авах хүсэлтэй иргэд хэзээнээс энэ хөтөлбөрт хамрагдаж, урьдчилгаа 30 хувийн дэмжлэг авах боломжтой вэ?
-Нийслэлийн Засаг даргын санаачилсан энэхүү сангийн журам батлагдан, хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс авч эхэллээ. Тиймээс Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчид өчигдрөөс эхлэн Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт очиж өргөдлөө өгөх боломжтой.
-Энэхүү сангаас дэмжлэг авах хүсэлтэй иргэдийн тоо нэлээд их байгаа байх. Гэр хорооллыг хөгжүүлэх сан хэдий хэр хугацаанд энэ дэмжлэгийг үзүүлэх чадамжтай вэ?
-Хотын дарга энэхүү санг зарласнаас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Гэр хорооллын дэд бүтцийн газар руу маш олон иргэн утсаар ярьж, өөрийн биеэр ирж хамрагдах хүсэлтээ илэрхийлж байна. Үүнээс харахад энэхүү үйл ажиллагаа иргэдэд хүрч, тэдний хэрэгцээ, шаардлагад нийцсэн ажил болжээ гэж үзэж байна. Сан байнгын үйл ажиллагаатай байх болно. Магадгүй Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа 216 мянган өрх бүгд тохилог орон сууцаар хангагдаж чадсан тэр үед татан буугдах байх.
Судалгаанаас харахад тогтмол ажилтай, орон сууцны зээлийн төлбөрөө сар бүртөлөх боломжтой ч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй иргэд олон байна.
-Яагаад зөвхөн Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн оршин суугчдыг хамруулж байгаа юм бэ. 3, 4-р бүсэд амьдарч байгаа иргэд тэгэхээр сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах боломжгүй гэсэн үг үү?
-Энэ сангийн үндсэн зорилго нь агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдэж байгааг хотын дарга хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Агаарын чанарыг сайжруулах 3, 4-р бүс бол байшин хорооллын бүс нутаг буюу агаар, хөрсний бохирдол харьцангуй бага бүс юм. Тэгэхээр юун түрүүнд гэр хорооллын иргэдээ түлхүү хамруулж, тохилог орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын удирдлага иргэдийн газрыг хямд худалдан авах гэж байна гэсэн шүүмжлэл гарч байна?
-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндэрч барилгын салбар зогсонги байдалд орсон. Энэ жилийн хувьд 35 мянган орон сууц эзнээ хүлээн хоосон байна. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд иргэдэд хуримтлалтай болох боломж бага. Судалгаанаас харахад тогтмол ажилтай, орон сууцны зээлийн төлбөрөө сар бүртөлөх боломжтой ч урьдчилгаа 30 хувийн төлбөрийг бүрдүүлэх хуримтлалгүй иргэд олон байна.
Тэгэхээр эдгээр иргэнээ дэмжсэн бодлогыг хотын удирдлагаас хэрэгжүүлж эхэллээ гэж ойлгож болно. Хамгийн гол нь энэ бол захиргааны аргаар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа биш, иргэдийн хүсэлт, эрэлт, хэрэгцээнд тулгуурласан, тэдэнд боломж олгосон арга хэмжээ гэдгийг онцолж хэлье. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд сангаас дэмжлэг үзүүлнэ. Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд ч иргэд орон сууцтай болох боломж бий.
-Чөлөөлөгдөж байгаа газрыг хэрхэн ашиглах вэ?
-Чөлөөлөгдөж байгаа газар дээр цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж, амрах тохилог орчин бүхий тоглоомын талбай барихаар төлөвлөж байгаа. Мөн эдгээр газарт төсөл сонгон шалгаруулах замаар хямд, чанартай орон сууц барина. Хотын төвөөсөө буюу төв зам, автобусны буудлаас хол зайтай амьдардаг айл өрхүүдийн газрын зах зээлийн үнэлгээ харьцангуй бага байдаг.
Тэгэхээр энэ өрхүүд хэзээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдана гээд хүлээж байх вэ? Гэр хороололд өвөл нь агаарын бохирдол, зун нь хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч тав тухтай амьдрах нөхцөл бололцоо жилийн 4 улиралд байхгүй байна. Тиймээс хүсэлт гаргасан иргэдийг нэг ч гэсэн өдрийн өмнө тохилог орон сууцанд амьдрахад дэмжлэг үзүүлэх нь хотын удирдлагын зүгээс баримталж байгаа бодлого юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ