ГССҮТ: Таван эмчийн бие муу, сэхээнд байгаа

Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн эмч нар орон нутагт осолдсон тухай албан бус мэдээлэл өчигдөр /2017.07.02/ олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ. Эмч нарыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар сонгуулийн ажлаар орон нутгийг зорьсон байсан гэх энэхүү мэдээлэлтэй холбогдуулан албан ёсны тайлбар өгөхөөр ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан болон эмч нар мэдээлэл хийлээ.

Тус эмнэлгийн эмч нар УБН 89 79 улсын дугаартай 'Приус' машинтай Элсэн тасархайгаас10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдож, таван эмч хүнд гэмтэл авсан байна. Осол өчигдөр /2017.07.02/ 14:00 цагийн үед гарчээ. Тэд Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу зорчиж явсан байна.

Эмч нарын хоёрынх нь бие маш хүнд байгаа гэх мэдээллийг өглөө. Осолдсон машин хоёр эрэгтэй, гурван эмэгтэй эмч байжээ. Осолд өртсөн таван эмч тавуулаа сэхээнд байгаа бөгөөд нэгэнд нь яаралтай мэс засал хийсэн байна.

ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР БОЛСОН ЯВДЛЫН ТАЛААР

-'Манай эмнэлгийн таван эмч осолд өртөж, бидэнд хүнд байдал тохиолдоод байна. Эмч нарын маань хувьд амралтын шугамаар Өвөрхангай аймгийг зорьж, Эрдэнэзуу хийдэд мөргөөд, буцаж явах замдаа осолдсон байна. Олон нийтэд мэдээлж байгаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар намын сурталчилгаа зэрэг ажилд оролцож байсан гэх мэдээлэл ор үндэсгүй. Манай эмч нар энэ жилийн хувьд 'Элэг бүтэн Монгол' хөтөлбөрийн хүрээнд л орон нутагт ажилласан. Өөр хөдөөд албан ёсоор ажилласан тохиолдол байхгүй. Энэ удаагийн осол болсон тохиолдол уг хөтөлбөртэй хамаагүй. Эмч нар маань чөлөөт цагаараа явж байгаад харамсалтай осол боллоо. Ийм хүнд хэцүү үед олон нийтэд ташаа мэдээлэл хүргэхгүй байхыг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна' гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ