С.Эрдэнэ: 60 тэрбумын баримт эвлүүлэг байсан гэвэл нотол.

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд тус намын дарга С.Эрдэнэ,

-МАН-ын дотроос шударга гишүүд гаргаж тавьж байгаа байх. Ямар нэг сахилга хариуцлагаа өөрсдөө барьж чадаагүй байж өрсөлдөгч нам руу бухаж болохгүй. Мэтгэлцээн бол жүжиг байсан.Энэ бол Монгол төрийн эрх мэдлийг хууль бусаар зохион байгуулалттайгаар авах гэсэн нэг хэлбэр. Аархал нэртэй нэвтрүүлгийг чөлөөт уран бүтээлчид хийсэн. Манай намтай ямар ч хамаагүй гэдгийг АН-ын даргын хувьд хэлж байна.

60 тэрбумын асуудал нэг газар нэг цагт бичигдсэн байна гэдгийг АНУ-ын шинжээчид тогтоосон. Шаардлагатай гэвэл шалгадаг, тогтоодог байгууллагад нь өгч шалгуулахад бэлэн байна. Ичгүүр сонжуургүй 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг гээд зогсч байгаа хүн шударга байж чадах уу. Энэ бичлэгийг шалгах талаар хууль хяналтын байгууллага ямар ч үйлдэл хийхгүй байна.Тэд өнөөдөр Монгол төрийг худалдан авах ажлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг дуугүй байгаа. Би 2010 онд санаачлаад төрийн эрхийг хууль бусаар зохион байгуулалттайгаар авах нь төрийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэсэн заалт оруулж УИХ-ын гишүүний хувиар батлуулж байв. 60 тэрбумын баримт эвлүүлэг байсан гэвэл нотол. Эвлүүлэг байсан гэдэг ганц үгээр бүх зүйлийг хаах гэж оролдож байгаа нь эмгэнэлтэй. 60 тэрбум зөвхөн нийслэлийн хэмжээнд зарах албан тушаал шүү дээ. Улсын хэмжээнд хэдэн тэрбум болсныг мэдэхгүй.

-Өчигдөр эрх баригч намын Засгийн газар ноцтой хэд хэдэн алдаа хийлээ. Хүүхдийн мөнгө АН-ын санаачилсан ажил. Энэ бол халамж биш. Уг мөнгө олон гэр бүлд дэмжлэг болж байсан. Энэ мөнгийг манай нам засаг барьж байхад дөрвөн жил олгосныг МАН засгийн эрх авахдаа түр зогсоосон. ОУВС-ийн өмнө хүлээсэн үүрэг дотор хүүхдийн мөнгийг танах амлалт авсан гэж өөрсдөө олон удаа хэлж байв. Одоо олгох гэж байгаа бол энэ талаараа ОУВС-тай зөвшилцөөгүй. Ямар ч баримт алга. Хүүхдийн мөнгийг Засгийн газрын шийдвэрээр дан ганц олгох боломжгүй. Төсөвт тодотгол хийж байж олгох мөнгө юм. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан шоу хийж байна. Бид хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг эрх баригчдад гарсан цагаас нь эхэлж шаардсан. Худал хуурмаг байдлаар ийм шийдвэр гаргаж байгаа нь ард түмнээ дахин хуурч байна. Ямар эх үүсвэрээс мөнгө олох гэжбайгаа юм. УИХ-аас төсвийн тодотголыг батлаагүй байхад Засгийн газар дангаараа төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэж чадахгүй. Ингэж Монголын ард түмэнд юу гэж амласан яадаг юм гэж бодож байвал эндүүрэл шүү. Ард түмэн тэнэг биш.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг ард түмэнд олгоно гэж байна. Уул уурхайтай холбоотой баялгаас иргэддээ хувьцаа ногдол ашиг олгохыг бид шаардаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-гоос авч байгаа орлогыг ард түмэндээ хамгийн түрүүнд ногдол ашиг хэлбэрээр өгөх хэрэгтэй. Тиймээс нэн түрүүнд зарим хүмүүсийн мушгиад байгаа шиг баян чинээлэг хэдэн тэрбумын зээлтэй хүмүүсийн бус нийгмийн амьдралын хүнд хэцүү нөхцөлд байгаа цалин, орлого, малчны зээлийг тэглэе гэж байгаа юм.“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал шүүхээс төрд авсан нь хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гараад байгаа. Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг зөрчиж байгааноцтой үр дагавар. Одоогоор 49 хувийн эзэмшлийн асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Хэн нэгний өмч биш гэсэн үг. Уул уурхай түүнээс олсон ашгийг баялгийн хуваарилалтыг иргэддээ тэгш хуваарилах ёстой гэдэгт АН хэвээр байгаа.

-Говь-Алтай, Дорноговь аймагт тараасан мөнгөтэй бид санал нийлэхгүй. Сонгуулийн үеэр баруун таван аймагт ажилласан 8000 орчим ажилтны цалинг өгөхөөр явж байсан машиныг саатуулж, мөнгийг нь хурааж аваад түүнийг сонгогчдод тараах гэж байсан хэмээн гүтгэлэг тараасанд харамсаж байна. Цагдаа хүчний байгууллага эрх баригчдын талд хэт их үйлчилж байгаа. Хуулийг ноцтой зөрчиж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардах болно. Аливаа хууль бус гэмт ажиллагаа хэзээ ч илэрдэг. Хариуцлага тооцоход хэзээ ч оройтохгүй гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ