Урианхай сур харваа эхэллээ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Урианхай сур харваа өнөөдөр Сурын талбайд 09.00 цагт эхэллээ.

Урианхай сурын харвааны наадамд 100-аад харваач цэц мэргэнээ сорьж байна. Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өнөөдөр тодорч маргааш Буриад сурын харваагаар үргэлжлэн явагдана.

Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм. Манай оронд үндэстэн ястны онцлогийг дагаад гурван янзын сур харваа буюу халх, урианхай, буриад гэсэн төрлөөр сур харваж байна.

Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдлэж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн аж. Урианхай сурын өөр нэг онцлог нь баг болж тоглодог. Нэг баг хэдэн ч хүнтэй байж болдог гэнэ. Багийнхан хамгийн ахмад болоод сайн харвадаг хүнээ магнай, дараагийн хүнээ бахлуур, сур баригч гэж нэрлэдэг. Наадаж эхлэхийнхээ өмнө өрсөлдөгч багтаа “Манай баг танайхыг тэдэн сураар илүү хожно” гэж хэлнэ. Түүнчлэн тийм хугацаанд хожно гэж хугацаа зааж өгдөг.Бас заавал бооцоотой тоглодог байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ