Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн дөрвөн өрхөд гэр бэлэглэхээр болжээ

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр болсон байгалийн аюулт үзэгдэлд өртсөн хоёр хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, өнөө өглөө эмнэлгээс гарчээ. Бороо орж, 2,5-4 см хүртэл диаметртэй мөндөр бууж, 28 м/сек хурдтай салхины улмаас долоон настай, эмэгтэй Л.Асинат мөндөрт цохигдон биедээ гэмтэл авч, долоон настай, эрэгтэй Б.Тэнгисмөрөн аянга цахилгааны долгионд цохигдон эмнэлэгт хүргэгдсэн байна.
Мөн байгалийн гэнэтийн аюулын улмаас сумын төвийн 16 айлын гэр нурж, 64 байшингийн дээвэр эвдэрч, арван аж ахуйн нэгж, байгууллагын цонх хагарч, 149 машины салхины шил, гэрэл хагарч эд анги нь гэмтсэн байна. Түүнчлэн сумын төвийн хүнсний ногоо тарьсан өрхүүдийн тариалан мөндөрт цохигдон ургах боломжгүй болж, газар тариалангийн нэг аж ахуйн нэгжийн ургац мөндөрт цохигджээ. Аймгийн онцгой комиссын гишүүд газар дээр нь ажиллаж, орон гэргүй болсон дөрвөн өрхөд гэр олгохоор шийдвэрлэлээ гэж тус аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ