Бакула Ренбүчи гэгээнтний 20 дахь дүрийг Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн сэнтийд заллаа


Бакула Ренбүчи гэгээнтний 20 дахь дүрийг Бэтүб Данжай Чойнхорлин хийдийн арслант сэнтийд залах ёслол өнөөдөр боллоо. Тус хийдийн Хамба лам Ж.Дашдэмбэрэлийн санаачилгаар 20 дахь дүрийн Бакула Ренбүчийг Монголд анх удаа залах ажлыг зохион байгуулсан юм.
Тэрбээр хэлэхдээ “Дээрхийн гэгээн XIV далай ламын тодруулсан XX дүрийн Бакула Ренбүчи багшийг урьдын гэгээний Улаанбаатар хотноо байгуулсан Бэтүб хийдэд залах хурлын үеэр багшдаа Гүнсүн тугийн мандал өргөлөө. Монголын сүсэгтэн олны буян заяаг түшиж, ширээнд заларч буй ламынхаа ирээдүйн ном эрдмийн үйлс дэлгэрэхийн тухайд энэхүү номыг өргөж байна. Бакула Ренбүчи багш Бэтүб хийдийг анхлан байгуулсан учраас 20 дахь дүрийн Бакула Ринбүчийг урьд дүрийг анхлан залсан ширээнд нь залах ёслолыг хийж буй юм” гэв.
20 дахь дүрийн Бакула Ренбүчийг арслан ширээнээ залах ёслолд 200 гаруй лам хувраг ном хурлаа. Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь өдгөө 11 настай бөгөөд Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлсэн нэгэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ