Маргаашаас 65-аас дээш насны иргэд элэгний В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдана

Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас 65-аас дээш настай иргэдийг В, С вирусын илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн жил “Вируст гепатитын дэлхийн стратеги 2016-2021” хөтөлбөр батлан, элэгний үрэвслийг таслан зогсооход улс орны Засгийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагууд онцгой анхаарахыг даалгасан. Энэ хүрээнд манай улс “Элэг бүтэн Монгол” нэртэй үндэсний, томоохон хөтөлбөр хэрэгжүүлж буй. Өдгөө 40-65 насны 230 гаруй мянган иргэн хөтөлбөрт хамрагдаж, В, С вирусын илрүүлэг, шинжилгээ өгөөд байна. Энэ нь хамруулахаар төлөвлөсөн иргэдийн 40 хувь нь аж.

Иймд маргаашаас эхлэн нийслэлийн 65-аас дээш насны ахмад настнууд В, С вирусын шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой. Тодруулбал, Элэгний төв лаборатори дээр маргааш өглөөний 08:30-17:00 цаг хүртэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэхтэйгээ ирж үнэгүй шинжилгээнд хамрагдах боломжтой юм.

Мөн тэд хэвлэлийн бага хурлын үеэр “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн санаачлагч мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг элэгний вирүсийн өвчлөл маш өндөр байдаг 65-аас дээш насны ахмад буурлуудаа энэ жил цаг алдалгүй хамруулах саналыг Эрүүл Мэндийн Яаманд хүргүүлсэн ч харамсалтай нь хүлээж аваагүй болно. 65-аас дээш насны ахмадууд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяны гадна үлдсэндээ сэтгэл дундуур байгаа.

Иймээс Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо хамтран жил бүрийн долдугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн гепатитын өдөр”-ийг тохиолдуулан элэгний өвчлөл хамгийн өндөртэй Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан 2017 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахаар боллоо" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ