Бондын төлөлтийг бодох "бядтай" улстөрч байна уу?


Монголчууд бид өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэдэг. Гэхдээ зах зээлийн нийгэмд өр тавьж, зохистой зөв зарцуулвал хөлжих, баяжих боломжтой хэмээн хүн бүр зүтгэсэн. Үүний нэгэн адил улс маань ч өр тавьж томрох төлөвлөгөө боловсруулан 1.5 тэрбум ам.долларын зээл авсан нь саяхан. Гэвч эргэн төлөлтийн хугацаа хаяанд иржээ.
Монгол Улсын Засгийн газар таван жилийн өмнө олон улсын зах зээлээс 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг босгосон. Энэхүү бондын эхний эргэн төлөлт болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард хийх үүрэг хүлээж, хэлэлцээр ид өрнөж байсан ч улс төрийн ээдрээт нөхцөл, элдэв мэдэгдлээс болж гацаанд орон зогсчээ. Хэлэлцээр зогссоноор дөрвөн сарын дараа хийгдэх ёстой 500 сая ам.долларыг хаанаас ямар эх үүсвэрээр босгож төлөлт хийх нь тодорхойгүй болж, өрийн дарамтад орох эрсдэл нүүрлээд байна.
Чингис бондын мөнгийг төсвөөс төлөхгүй. Тус бондын хөрөнгөөр 888 төсөлд олгосон зээлийн эргэн төлөлтөөс хийнэ гэж тооцож байгаа ч өнөөдөр тийм боломж байхгүй. Улсын төсвөөс эргэн төлөлт хийх бөгөөд 2017, 2018 онд бондын эргэн төлөлт ойролцоогоор нэг их наяд гаруй төгрөгийн дарамт төсөвт ирнэ.
Ингэснээр богино хугацаанд 5.3 хувийн өсөлттэй гарсан эдийн засаг, сөрөг үнэлгээнээс тогтвортой түвшинд шилжсэн Монголын зээлжих зэрэглэлийг алдаж болзошгүй болох юм. Урт хугацаанд хөрөнгө оруулалт орж ирэхгүй, дотоод зөрчил даамжирч эдийн засгийн хүндрэл үргэлжилсээр байвал манай улс зээлээс зээлийн хооронд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд явахаас өөр аргагүй болно.
Гэвч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн ч удаан үргэлжлэхгүй. Учир нь гадны улс орон манай эдийн засгийн салбарыг хүнд байгаатай холбогдуулан хөрөнгө оруулалтаа татаж, бид аргагүй байдалд орсноор дахиад л өндөр хүүтэй мөнгө зээлэх, цаашлаад өрийн дарамтанд орох зэрэг сөрөг хандлага гарахыг үгүйсгэхгүй.
Хэрвээ боломжгүй бол бондын эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж ч магадгүй гэсэн бор шувуу ниссэн ч бондын гэрээ, түүний талаарх заалтууд ил тод биш учир баталгаатай биш юм. Гэсэн ч авсан нь үнэн болохоор төлөх нь үнэн. Мөн ирэх онд манай улс Чингис бондын эргэн төлөлт болох 500 сая ам.доллараас гадна “Дим сан” бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.долларын төлбөр хийх үүрэг хүлээж байгаа юм.
Өөрөөр хэлбэл гадаад зах зээлд босгосон бондын эргэн төлөлтийн цикл ойр ойрхон үргэлжлэх юм. Тэгэхээр эдгээрийг хаанаас ямар шугамаар гаргаж төлөх, төллөө гэхэд дараалсан өрийн “пянг” манай эдийн засаг даахуу гэдэг асуудал мэдээж үүснэ. Хэдийгээр 2017, 2023 оны эргэн төлөлтийг Хөгжлийн банк төлөх ч баталгаа гаргагч нь Засгийн газар.
Эдийн засгийн статистик мэдээллээр гадаад худалдааны тэнцэл эерэг нөлөө үзүүлж ам.долларын гадагш урсгалыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа ч үүнийг удаан үргэлжлэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж буй.
Иймд улстөрчид “засагаа унагана, зайгаа тавьж өг гэж” суудал булаалдаж хэрүүл тэмцэл хийхийн оронд улс орныхоо асуудлыг нэгт тавьж, оновчтой шийдвэр гаргамаар байна.Мөн Засгийн газрын бүтцийг маш сайн хумих, бүсээ чангалах гэх мэтээр төсвөө хэмнэх шаардлага нэн тэргүүнд шаардлагатай юм. Цаашлаад төсвийн хөрөнгийг оновчтой хуваарилах, эргээд үр ашгийг хянадаг, хариуцлага тооцдог механизм
бүрдүүлэх хэрэгтэй юм.
Г.Хулан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ