Цэцэрлэгт хүрээлэнгийн "тэнхээтэй" нэгэн

Нарны туяа ээсэн намрын нэгэн өдөр цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчим хүмүүсийн хөдөлгөөн их байв. Аав ээжийгээ дагасан жаалууд, амраг хосоороо зугаалсан хүмүүс цэцэрлэгт хүрээлэнг чимнэ. Тэдний нүд аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн. Цэлмэг тэнгэр нарыг үүл халхалж сүүдэрлэдэгтэй адилаар энд бага насны жаргалыг мэдрээгүй хүүхдүүд ч бас бий. Аав ээжтэйгээ амттаны дээдийг шилэн явах багачуул байхад тэднийг харан битүүхэндээ атаархаж, гуйлга гуйх жаалууд дутахааргүй олон. Тэд үеийн жаалуудын гарыг дагуулан горьдлогын харцаар ширтэнэ. Үнэндээ ингэж суугаа тэдэнд буруу байхгүй. Арчаагүй аав, ээжийнх нь алдаа энэ бяцхан хүүхдүүдэд төлөөс болон буужээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гуйлга гуйж суух тоотой хэдхэн хүүхэд байх. Тэднийг зарим нэг нь өрөвдөж "хармаанд" байгаа хэдэн бороосоо өгнө. Зарим нь үзэн ядсан харц чулуудаж, дайрчих шахаад өнгөрөх нь энүүхэнд. Ингэж гуйлга гуйх нэгэн жаал нүдэнд содон тусав. Нэрийг нь бичихээс татгалзая. Тэр урьд нь их дэлгүүрийн өмнө хавиар зогсдог байсан аж. Тэнд гуйлга гуйх хүмүүсийн тоо ихэссэн учраас энэ жаал жилийн өмнөөс бууриа сэлгэж цэцэрлэгт хүрээлэнд иржээ. Гэвч эндхийн хүмүүс бас ихэссэн гэх. Энэ жаал цэцэрлэгийн голд байрлах усан оргилуурын урдхан талд суудаг. "Өгөх гэсэн хүмүүс өгдөг л юм. Зарим нь бүр харах ч үгүй, түлхээд гардаг. Санаатай ч юмуу санамсаргүй ч юмуу хаясан шүлс нь толгойд унах тохиолдол олон" гэж жаал гоморхоно. Түүний хэлснээр гуйлга гуйж олсон хэдийг нь "өрсөлдөгч" хүүхдүүд нь булаах ч цөөнгүй аж. Гэсэн ч тэр шантралгүй ажлаа хийсээр..

Түүний ажил ойролцоогоор 22 цагт дуусна. Олсон хэдээрээ гэр рүүгээ харих гэсээр байтал шөнийн 12, заримдаа 01 цагтай золгодог гэх. Гэвч түүний олсон хэдийг авах гурвын гурван насанд хүрсэн хүн гэрт нь бий. "Ээж тахир дутуу, аав ажилгүй, ах маань саяхан цэргээс халагдаж ирсэн болохоор бас ажилгүй. Тийм учраас би л мөнгө олохгүй бол болохгүй. Орой их мөнгө олж шалихгүй ч олсон мөнгөө аавдаа л хураалгадаг" гэж ярих түүний нүд жаахан хүүхдийнх шиг биш. Түүний нүдийг ажиглавал хэзээний нас бие гүйцсэн хүнийх шиг харц ажиглагдах. Гэсэн ч тэр энэ хувь заяандаа харамсдаггүй аж. "Ямар ч байсан би том болоод сайн хүн болно. Би хэзээ ч хүүхдээрээ гуйлга гуйлгахгүй" гэж энэ жаал шазуур зуун хэлнэ.

Энэ мэтчилэнгээр түүнтэй ярилцаж суусаар нэг мэдсэн орой болчихож. Гэсэн ч үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүний хөлөөр тасарсангүй. Хосоороо зугаалах залуус, гэр бүлээрээ ирсэн хүмүүсээр шөний цэцэрлэгт хүрээлэн дүүрэв. Өдөр аав ээжтэйгээ, эх эгчтэйгээ зугаалж байсан багачууд нь аль хэдийнэ гэртээ дуг нойрондоо дугжирч байгаа. Харин тэд үгүй. Өөрийгөө, өрөөлтэй хэмт тэжээх ухаан тэдэнд суучихаж. зарим нэгнээс дээр..

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ