Шүүгчийг Ерөнхийлөгч томилвол хараат бус байдалд шууд нөлөөлнө


“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.09.14/ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгууллаа.
УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Уг төсөлд шүүх эрх мэдэлтэй холбоотой дөрвөн ч төрлийн өөрчлөлт оруулснаас шүүгчийн томилгоотой холбоотой заалт хамгийн их шүүмжлэл дагууллаа.
УИХ шүүгчийг томилох нь буруу
Шүүгчийг УИХ дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч томилдог болох нь шүүгчийн хараат бус байдалд шууд нөлөөлнө гэж үзэж байна.
Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь энэ тухай “Одоогийн зохицуулалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг УИХ-д танилцуулаад Ерөнхийлөгч томилдог. Харин дээрх өөрчлөлтөөр шүүгчийг УИХ дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч томилно. Дэмжинэ гэдэг санал хураана гэсэн үг. УИХ дэмжинэ гэдэг заалт орсноороо тухайн УИХ-д аль нам олонх болно, тэр улс төрийн намтай ойр, эсвэл тэдний дэмжлэгийг авч чадахуйц хүн байж, УИХ-аар дэмжигдэх бололцоотой болно.
Зөвхөн УИХ-д Улсын Дээд Шүүхийн шүүгчийг танилцуулахаар оруулахад л УИХ-ын гишүүн хэрэг ярьдаг. Энэ хэргийг буруу шийдсэн гэх мэтээр. Хэргийн буруу, зөвийг УИХ-ын гишүүн шүүх эрх байхгүй. Гэсэн ч шүүгч УИХ-ын гишүүнд загнуулаад сууж байдаг. Тийм болохоор энэ өөрчлөлтийг дэвшил гэж харахгүй байгаа.
Шүүгч нарын хувьд хараат бус байдал нэн чухал. Бусад улс орнууд шүүх эрх мэдлийг гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээс хараат бус байлгахын тулд томилгоонд оролцуулдаггүй жишигтэй. Тийм учраас Улсын Дээд Шүүхийн шүүгчийг томилогдох болбол нас, мэргэжлийн ур чадварт тавигдах шалгуурыг өндөр болгож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, улс төрөөс хамааралгүйгээр томилогддог тогтолцоотой болгох талд зохицуулалт хийх нь хамгаас чухал гэсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогсод мөн санал нэг байгаагаа илэрхийллээ. Ингэхдээ шүүхийг Ерөнхийлөгч, УИХ, Шүүхийн ерөнхий зөвлөл гэж гурав хувааж эзэмших нь шүүгчийг улс төрийн бүлэглэлийн гарт шилжүүлэх бодит аюул дагуулах учраас шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангахын тулд шүүгчийг нэг эх үүсвэрээс сонгодог арга замыг эрэлхийлэх. Үүний тулд нэг бол шүүхээс шүүгчийг томилдог байх, эсвэл ард түмнээс шүүгчийг томилдог зарчимтай болох гэсэн санал дэвшүүлэв.
Дээрх заалтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбар хийсэн юм. Тэрбээр “Зарим судлаач эзний тухай ярьж байна. Шүүгчид эзэн байх ёсгүй. Хууль л байх ёстой.
Хоёрдугаар асуудал нь бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилж байгаа нь маш буруу гэх зүйл өнгөрсөн хугацаанд их яригдсан. Танил талаа шүүгчээр томилдог, намдаа үйлчилдэг шүүгчийг томилдог гэх мэт шүүмжлэл олонтаа гарсан учраас Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг УИХ-аас томилдог болбол яасан юм бэ. УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага учраас бас ч гэж шалгууртай болох юм гэж үзсэн гэлээ.
Шүүгчийн насны хязгаарт босго тавих нь зөв үү?
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийн насны доод хязгаарыг нэмэх асуудал хөндөгдөж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Лүндэндорж “Шүүгчийн насны хязгаарыг 25-аар тогтоосон нь дэндүү залуу. Шүүгч хүн гэдэг элээсэн оймсныхоо хэмжээгээр туршлага сууж байдаг. Тийм учраас нас нэмэхийг дэмжиж байна” гэдгээ илэрхийлсэн бол зарим шүүгч болгоомжтой хандахыг санууллаа.
Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “Улсын Дээд Шүүхийн шүүгч 40, анхан шатны шүүгч 30 наснаас дээш байх ёстой гэж үздэг. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Шүүгчийн насыг хэт өндөр тогтоох юм бол зовлонтой. Хөдөө орон нутгийн анхан шатны шүүгчид 26, 27 настай залуучууд өрсөлддөг. Үндсэн хуулийн босго нь 25 насаар хязгаарладаг учраас. 40 настай шүүгч өөрөө аль нэг газар карьертай болсон байдаг учраас шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдоггүй. Ихэнх тохиолдолд энэхүү сонгон шалгаруулалтад шүүгч, өмгөөлөгч, прокурорын туслах оролцож, шалгалт өгдөг. Зарим газрын анхан шатны шүүгчийн сонгон шалгаруулалтыг 2-3 удаа зарлах шаардлагатай болдог. Насыг хуулиар өсгөх нь амьдралынхаа бодит байдалтай нийцэхгүй” гэсэн юм.
Хотуудтай болбол хорооны шүүхтэй болно
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Дархан-Уул, Орхон зэрэг аймгийг хот болгохоор заажээ. Шүүхийн зохион байгуулалтыг засаг захиргааны нэгжээр нэрлэсэн учраас дээрх аймгууд хот болонгуут хорооны шүүх гэдэг нэр томъёо орж ирж, энэхүү зохион байгуулалтад шилжих шаардлага үүсэх аж. Үүнийг анхаарахгүй бол том проблем дагуулж мэдэх гэнэ.
Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагуулаад дагнасан шүүх байгуулах асуудлыг ажил хэрэг болгох шаардлагатайг зарим шүүгч хөндлөө. Энэ тохиолдолд шүүгч илүү мэргэшнэ.
Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн тайлбарласнаар бол "УИХ-ын гишүүд, мөн ард иргэд аймаг бүртээ Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхтэй байхыг хүсдэг. Үйлчилгээг илүү ойрхон авахыг хүсдэг. Хэрэв дагнасан шүүхийг байгуулах болбол 2-3 аймгийн дунд нэг давж заалдах шатны шүүх байгуулагдана. Энэ нь эргээд иргэд өөр аймаг руу явж хэргээ шийдүүлэх шаардлагатай болж, зардал чирэгдэл үүсгэх учраас зөрчил үүсгэдэг байна. Иймээс маргаан дагуулсаар байгаа асуудлын нэг" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ