Олон улсын тарвага судлаачдын VII хуралд 13 орны 121 эрдэмтэн оролцож байна

"Дэлхийн тарваганы зүйлүүд" сэдэвт олон улсын тарвага судлаачдын долдугаар хурал өнөөдөр эхэллээ. Монгол орны ойт хээр, уулын хээр, хээр, тал хээрийн экосистемийн түлхүүр зүйл нь монгол тарвага (Marmota sibirica) юм. Монголын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрчээ.
Иймд 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлийн хуралдаанаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хориглох шийдвэр гаргасан юм. Энэ удаагийн хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Киргиз, Украин, Франц гэх мэт 13 орны нийт 121 эрдэмтэн судлаачид оролцож байна.
"Хустайн байгалийн цогцолборт газар"-ын судлаач Д.Өсөхжаргал “Дэлхийд одоогоор 15 төрөл зүйлийн тарвага бий гэж үзэж байгаа. Харин Монгол оронд Монгол тарвага болон Алтайн тарвага гэсэн хоёр төрлийн тарвага бүртгэгдсэн. Монгол тарвага нь Алтайн тарваганаасаа тархац нь илүү өргөн.Алтайн тарвага нь харьцангуй өндөр газарт нутагладаг бөгөөд баруун Алтайн уулсад 2,400 метрээс дээш өндөрлөг орчинд байдаг.
-ТАРВАГАН ТАХАЛ ГЭСЭН НЬ Ч ТИЙМ ОНОВЧТОЙ НЭРШИЛ БИШ-
Хустайд ойролцоогоор 20 мянга орчим тарваганы нөөц байна гэсэн судалгаа бий. Шинжлэх ухааны нэр товъёогоор тарвагыг хээрийн инженер зүйл гэж үздэг. Учир нь тарвага зургаан килограмм жинтэй, богинохон бахим биетэй ч бүх мөч нь булчингаас бүрдсэн байдаг. Иймд ямар ч хөрсийг сэндийлж, ухах чадвартай. Тарвагыг шимэгчилж амьдардаг өвчний вирус тээдэг бүүрэг гэдэг амьтан бий. Тэрнээс биш тарвага өөрөө өвчин тээдэг юм биш. Тарваган тахал гэсэн нь ч тийм оновчтой нэршил биш. Учир нь тарваганд шимэгчилж амьдардаг бүүрэг нь ижил төрлийн бүх мэрэгч амьтад байдаг. Бусад мэрэгч амьтад биеийн хэмжээ нь тарваганаас бага. Мөн бид иддэггүй болохоор л бусад мэрэгчээс өвчин авдаггүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ