Д.Содном: Засгийн газарт бондын мөнгийг дахин хуваарил гэж хэлсэн

Ерөнхий сайд асан Д.Содномыг “Ярилцах танхим” булангийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногт анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Энэ уулзалтаар юу ярилцав, ямар шийдэлд хүрсэн бэ гэдэг нь сонин байна?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд энэ зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг урьж уулзалт зохион байгууллаа. Уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн. Энэ үеэр манай улсын эдийн засаг, санхүүгийн одоогийн байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийсэн юм.
Ингээд улс орны эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хийх вэ, Засгийн газар цаашид юунд анхаарал хандуулах ёстой вэ гэдэгт хүмүүс өөрсдийн саналаа илэрхийллээ.
Миний хувьд Ерөнхийлөгчийг энэ уулзалтыг зохион байгуулсанд нь баяртай байгаа. Манай улсын гадаад худалдааны алдагдал ихэсч байна. Экспортын хэмжээ үнийн дүнгийн хувьд ч, тоо хэмжээний хувьд ч багаслаа. Төгрөгийн худалдан авах чадвар буурснаас болж импортын барааны үнэ нэмэгдлээ. Эцсийн дүндээ энэ бүхэн ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Ер нь эдийн засгийн хямрал ойрхон байна гэсэн санааг уулзалтад оролцсон хүмүүс илэрхийлсэн. Үүнээс үүдээд хүмүүс цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар өөрсдийн саналаа хэлсэн байгаа. Ямартай ч УИХ, Засгийн газраас энэ байдалд дүгнэлт хийж шуурхай арга хэмжээ авах байх гэж бодож байна.
-Таны хувьд ямар санал илэрхийлэв?
-Би үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэдэг саналаа хэлсэн. Үйлдвэрлэл нэмэгдэхгүй л бол төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэг бүтэхгүй. Экспорт ч нэмэгдэхгүй. Ер нь бүх зүйлийн үндэс нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих шүү гэж хэлсэн. Монголын үндэсний зарим компани экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох төслүүдийг хэрэгжүүлж байна. Гэтэл төр засгаас үйлдвэрлэл хөгжүүлэх гэж чармайж байгаа үндэсний компаниудаа дэмжихгүй байна. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжлэггүй явж ирлээ шүү дээ. Өнөөдөр дэд бүтэц барих зөвшөөрөл авах, ажиллах хүч бүрдүүлэх зөвшөөрөл гэх мэт ажлыг шийдвэрлэхэд төр засгаас хүнд суртал их байна. Шийдвэрлэж өгөхгүй удааж байна. Ядаж үүнийг хурдан шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Нийтийн хэрэгцээнд ашиглах дэд бүтцийн хөрөнгө санхүүгийн асуудлыг төрөөс яаралтай шийдвэрлэчихдэг болмоор юм. Зам, дэд бүтэц байхгүй бол ямар ч үйлдвэрлэл хөгжүүлээд борлуулалт хийхэд хэцүү.
Тухайлбал, бид одоог хүртэл төмөр замаа барьж чадахгүй байна. Төмөр зам барих талаар сүүлийн дөрөв, таван жил ярьж байгаа боловч төр засгаас баримталж буй буруу бодлогын гайгаар ажил болж чадсангүй. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод урд хөрш рүү тавих төмөр замын ажлыг хоёрдугаар ээлжинд хийх, ингэхдээ заавал өргөн царигаар барих ёстой гэж тусгасан. Үүнээс болоод энэ төмөр замыг барьж чадсангүй. Хойд чиглэлийн зам нь ч тэр, урд чиглэлийнх нь ч баригдсангүй.
Хоёрдугаарт экспорт нэмж, импорт хэмнэхэд зориулсан ач холбогдолтой олон төсөл байна. Тухайлбал, миний ажиллаж байгаа “Монголын алт” компани Дорноговь аймгийн Мандах суманд Цагаансуваргын зэсийн ордыг ашиглах төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энд Эрдэнэтийн ордын 60-70 хувьтай тэнцэх хэмжээний нөөц буюу 300 мянга орчим тонн зэсийн баяжмал олборлох боломж бий. Ажил үргэлжилж байна. Засаг төрийн зүгээс энэ мэт төсөлд анхаарлаа хандуулж юунд зарцуулахаа тодорхойлж чадахгүй байгаа бондын хөрөнгөөс багахан хэмжээний зээл олгочих боломж бий шүү дээ.
Чингис бондын мөнгөний зарим хэсэг нь зам, дэд бүтцийн ажилд орсон. Зам бариад бондын мөнгийг эргүүлж төлж чадахгүй шүү дээ. Шууд бүтээгдэхүүн гаргаад ашиг олж өрөө төлөх төсөлд л зарах хэрэгтэй. Энэ төслийн нэг нь зэсийн баяжуулах үйлдвэр. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суманд нэг сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр барих ажил үргэлжилж байна. Тоног төхөөрөмжийг нь удахгүй оруулж ирнэ. Манай улс жилд хоёр сая 500 мянган тонн цемент хэрэглэдэг. Энэ хэрэглээний дийлэнхийг БНХАУ-аас авч байна. Тиймээс сая тонн цемент үйлдвэрлэхээр ажиллаж байхад төрөөс хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэхэд бага ч болов дэмжмээр байгаа юм. Эдийн засгийн хүнд байдлаас гарах хамгийн чухал алхам бол дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудал. ҮАБЗ-ийн хуралдаанд оролцсон хүмүүс надтай адил тодорхой төсөл яриагүй боловч үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байсан.
-Энэ саналыг ажил хэрэг болгох талаар Засгийн газрын зүгээс яаж анхаарна гэж байна вэ?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын дараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд УИХ, Засгийн газар хамтарч ажиллах хэрэгтэй гэж хэлсэн. Мөн цаашид үүнд анхаарлаа хандуулна гэсэн. Одоо УИХ, Засгийн газар яаж ажиллах вэ гэдгийг харах л үлдэж байна. Зарим хүн УИХ, Засгийн газрыг нэлээд шүүмжилсэн. Асуудлыг шийдвэрлэдэг биш, асуудал үүсгэдэг төр засаг байж болохгүй гэж зарим хүн хэлсэн.
-Таны хувьд Шинэчлэлийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Би шүүмжлэхээсээ илүү зөвлөх, санал тавихыг илүүд үзэж байгаа.
-Одоо цаашид яах ёстой юм вэ. Бондын мөнгөний үлдсэн хэсгээс үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах шийдвэр гарсан уу?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бондын хөрөнгийн 70 хувиас доошгүй мөнгийг үйлдвэрлэлийн төслүүдэд зарцуул гэж хэлсэн. Би ч үндэсний компаниудын хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцаад импорт хэмнэж, экспорт нэмэгдүүлэх төслүүдийг шалгаруулан бондын мөнгийг дахин хуваарил гэдэг санал гаргасан байгаа. Засгийн газраас сайн төслүүдийг эрэн сурвалжилж олоод санхүүжүүлэх хэрэгтэй.
-Оюутолгой төслийн ажлыг урагшлуулж, хөрөнгө оруулагчидтай зөвшилцөх талаар юу ярилцсан бэ?
-Энэ талаар нэлээд ярилцсан. Хүмүүс далд уурхай барих гэх мэт ажлуудыг саатуулахгүй урагшлуулж явцын дунд асуудлаа шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж байсан. Оюутолгойн гэрээний дагуу явбал бид ойрын хэдэн жил юу ч авахгүй. Манай талд орж ирэх ёстой нөөц ашигласны төлбөр, ашгийн татвар, ногдол ашиг зэргийг аль болох багасгах хандлагатай байна гэсэн хардлага байгаа шүү дээ. Ингэж хардах нь ч аргагүй. Одоогийн нөхцөл байдал хардахаас ч аргагүй байна. Тийм учраас Оюутолгойгоос манайд гурван шугамаар орж ирэх ёстой мөнгийг найдвартай авч байх аргыг эхний ээлжинд олох хэрэгтэй. Тэгээд үүнийг тусгасан нөхцлийг гэрээндээ оруулж гэрээг өөрчлөх хэрэгтэй гэдэг саналыг хэлсэн.
-“Риотинто” компанийн удирдлагууд манай Засгийн газрыг шантаажлаад ажил гацаагаад байна гэсэн хардлага байгаа. Ер нь энэ компанийн удирдлагуудтай яаж харилцах ёстой юм бэ?
-Зөрчилдөж, маргалдаад хэрэггүй. Гэрээнд ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ сайтар боловсруулаад хэлэлцэх хэрэгтэй. Гэрээнд өөрчлөлт оруулахгүй хуучин хэвээрээ явна гэвэл бүтэхгүй. Оюутолгой төслийн ажил доод тал нь 30 жил үргэлжлэх учраас энэ хүмүүстэй 30, 40 жил маргалдаад, хардаад байж таарахгүй. Тийм учраас ямар ч маргаангүй явах харилцан итгэлцлийн гэрээг л байгуулмаар байна. Үүний тулд ажиллах хэрэгтэй. Гэхдээ ийм итгэлцлийг бий болгосон саналаа тодорхой болгох нь чухал. Үүнийг Засгийн газар л хийнэ. Түүнээс биш ТУЗ-д найдаж орхиж болохгүй. ТУЗ-д манай талыг төлөөлөн сууж байгаа гурван хүн үүнийг шийдэж чадахгүй шүү дээ. Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс нь энэ гурван хүн ч биш. Тиймээс Засгийн газар л санаачилгыг гартаа авч, төслөө боловсруулж ажиллах хэрэгтэй.
-Монголын талыг төлөөлөн “Оюутолгой” компанийн ТУЗ-д байгаа ерөнхийлөгч асан Н.Багабанди энэ үеэр ямар байр суурь илэрхийлсэн бэ. Түүнийг ТУЗ-ийн гишүүн болсноосоо хойш таг дуугүй болчихсон гэдэг. Одоо түүний байр суурь чухал шүү дээ?
-Н.Багабанди гуай бол “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлөн томилогдсон хүн шүү дээ. Тиймээс Н.Багабанди гуай энэ гэрээг өөрчлөх асуудлыг хариуцах боломжгүй. Дээр нь Засгийн газар, сайд нар байна. Энэ хүмүүс л асуудлыг шийдвэрлэх ёстой.
-УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагатай гэж олон хүн хэлж байна. ҮАБЗ-ийн гишүүдийн уулзалтын үеэр энэ талаар ярилцсан уу?
-Энэ талаар яриагүй. Миний бодлоор ээлжит бус чуулган хуралдуулахын өмнө юу хэлэлцэж ямар асуудал шийдвэрлэх вэ гэдгээ урьчилж сайн боловсруулаад чуулганаар хэлэлцэх ёстой. Түүнээс биш асуудал их байна, яах вэ гээд цуглавал ямар ч үр дүнгүй хэрүүл болно.
-Олон улсын зах зээлд гаргасан “Чингис” бондын үнэлэмж буурч байна. Цаашид 3.5 тэрбум ам.долларын бонд гаргана. Энэ бондын үнэлэмжийг дээшлүүлэхийн тулд яах ёстой юм бэ?
-Өмнө нь гаргасан бондын хөрөнгөө ямар төсөлд зарцуулсан бэ, ямар үр дүнтэй болов гэдгээс дараагийн бондын үнэлэмж нь хамаарна. Ер нь цаашид дэлхийн зах зээлд бонд гаргах нь зүйтэй. Гэхдээ хуучин туршлагаар бус шинэ хэлбэрээр гаргах хэрэгтэй. Шинээр бонд гаргах бол эхлээд ямар төсөлд зарцуулах вэ гэдгээ тогтчихсон нь дээр. Эхний ээлжинд хөрөнгийн эх үүсвэр байхгүй, төсөл хэрэгжүүлэхэд санхүү, мөнгөгүй зовж байснаас мөнгөтэй байгаа нь сайн л хэрэг. Тиймээс шинээр бонд гаргахдаа ямар төслүүд хэрэгжүүлэх вэ гэдгээ заавал урдьчилж тогтох ёстой.
-Төмөр зам барих, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гээд хийх ажил их байна. Эндээс хамгийн түрүүнд аль салбараа дэмжих ёстой вэ. Уул уурхайгаас гадна ямар салбарыг нэн түрүүнд хөгжүүлэх шаардлагатай вэ?
-ҮАБЗ-ийн гишүүдийн уулзалтын үеэр хамгийн түрүүнд уул уурхайн салбар ашигт малтмалаа олборлох хэрэгтэй, мөн хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал гэдэг санал гарсан. Хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбарыг хөгжүүлж малын ашиг шим, мах, арьс ширийг боловсруулах үйлдвэр байгуулах юм бол ирээдүйтэй. Бэлчээрийн мал аж ахуйгаас авч буй бүтээгдэхүүн хамгийн чанартай. Харин үүнийгээ боловсруулж чадахгүй л байна. Мөн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь чухал. Газар тариалангийн салбараа хөгжүүлж, цэвэр хөрсөнд ургуулсан хүнсний бүтээгдэхүүн ч эрэлттэй байх болно.
-Ойрын хэдэн жилд нүүрсний салбарын ирээдүй тодорхойгүй байх шиг байна. Энэ салбарыг унагачихагүй авч явахын тулд яах ёстой вэ. БНХАУ-аас өөр оронд нүүрсээ экспортлох арга замыг хайх нь оновчтой юу?
-Ирээдүйд нүүрс эрчим хүчний чухал эх үүсвэр байна. Тиймээс манай улс нүүрсний нөөцөө ашиглах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талаар нүүрсний томоохон хэрэглэгч зах зээлийн хажууд нь манай улс байгаа учраас энэ зах зээл рүү нүүрсээ гаргаж экспортлох талаар нэгдсэн бодлоготой байх ёстой. Одоогийн байдлаар төрөөс баримталж байгаа бодлого тун хангалтгүй байна. Бид үүнээс болоод нүүрсээ ашиглаж чадахгүй байна шүү дээ. Нүүрс экспортлох төмөр замаа төрийн буруу бодлогын гайгаар барьж чадахгүй өдий хүрлээ. Тиймээс нүүрсийг экспортлох талаар ажиллах хэрэгтэй. Мөн томоохон нүүрсний уурхайнууд төрийн мэдэлд байгаа нь зохисгүй санагдаж байгаа. Хувийн өмчийн нүүрсний уурхай боломжийн хэрээр ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрээ барьчихлаа. Нийгмийн асуудлаа шийдвэрлэж, төмөр зам барих төслөө бэлэн болгоод байна. Гэтэл төрийн өмчийн уурхай нь ажиллах аргагүй болоод зогсчихсон. Тийм учраас Тавантолгойн уурхайг хувьчлах асуудлыг ярих цаг нь болсон юм биш үү гэж хэлсэн.
-Хятадууд манай хил хүртэл төмөр зам татчихсан. Гэтэл манай төмөр зам барих ажил урагшгүй байна. Эхний ээлжинд ядаж Цагаан хаднаас Хятадын хил хүртэлх төмөр замаа яаралтай барих хэрэгтэй байх?
-Цагаан хаднаас Хятадын хил хүртэл 30 орчим километр урттай өргөн царигийн төмөр зам барих шийдвэр гаргасан гэсэн. Би байсан бол Хятадын хил хүртэл нарийн царигийн төмөр зам л барьчих байсан юм. Энд өргөн төмөр зам бариад хил дээр шилжүүлж ачна гэж байгаа. Энэ бол ухаалаг шийдвэр биш. Ингэж илүү зардал гаргах ямар шаардлагатай юм бэ. Гэхдээ яах вэ. Ямар ч байсан төмөр зам барихаар болж автозамын тээврийг зогсоох гэж байгаа бол сайн л байна.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Санжаасүрэн

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ