Бонд “боомилогдож”, төсөл тасрав

Амралт, аяллын цаг дуусаагүй үеэр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой хэмээн мэдэгдэж, Төрийн ордонд тухлагсдыг нойрноос нь сэрээв. Сөрөг хүчний дуу хоолой эрх баригчдыг сандаргасан төдийгүй доройтон буй эдийн засгийн нөхцөл байдлыг ҮАБЗ хэлэлцэж, Ерөнхийлөгч үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг хүлээн авч, гарах гарц хайлаа. Бүр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга “Монгол Улсын эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдлыг судалж, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон. Хэзээ мөдгүй хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ” гэж буйгаас харвал хэрэг явдлаас үүдэлтэй маргаан даамжирч Н.Алтанхуягийн Засгийн газрын орших уу, эс орших уу гэдгийг шийдэх хэмжээнд хүргэж мэдэхээр болжээ.
Уламжлал ёсоор зуны налгар энэ өдрүүдэд Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийн ойгоо “тэмдэглэж” байх учиртай. Гэсэн ч байгуулагдсан цагаасаа шинэчилж, шийднэ, босгож бүтээнэ хэмээн ярьж, хэлж ирсэн Засгийн газар нэг жилийн ойгоо дурсах нь бүү хэл, хийж бүтээсэн ажлын жагсаалтаа дэлгэхээс жийрхэж байна. Үйл явдлыг эргэн харахад Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн онд 2013 оны улсын төсвийг ихэд гэгээлгээр төсөөлж, оны зааг дээр олон улсын санхүүгийн зах зээлд Эзэн хааныхаа нэртэй бонд арилжиж, халаасаа зузаалсан. Гэвч ердөө хагас жилийн дараа могой жилийг халаасандаа хөрөнг өтэй, хийх ажилтай, олсон орлоготой давна гэж тооцсон монголчуудын итгэл бөхөж, Н.Алтанхуягийн танхим улс орны эдийн засгийг унагасан хэрэгт буруутгагдаж, эл шалтгааныг тогтоох кампанит ажил Төрийн ордон хавьцаа өрнөж эхэллээ.


Эх сурвалжууд уул уурхайн салбараас босгох хөрөнгө, тэр дундаа “Оюутолгой”-н зэс алтны ордын үйлдвэрлэл, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний олборлолт болон бусад баялаг, газрын тос, газар тариалан, хөдөө аж ахуйн салбар, барилгын материалын үйлдвэрлэл буурч, улсын төсвийн орлого тасалдаж, төрийн данс улайлаа хэмээн мэдэгдэж байна. Түүнчлэн бизнес, хууль эрх зүйн орчин муудсанаас болж уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гаднын компаниуд дүрвэж, тэдэнтэй уялдаатай ажилладаг дотоодын олон компани татвар төлөх чадваргүй болсон. Төсвийн орлогын чамлахааргүй хувийг бүрдүүлдэг эл компаниудын ард олон мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжив” гэхчилэн улс орны эдийн засаг сульдаанд орсныг илтгэх гинжин холбоотой мэдээ ар араасаа түгэх болов. Улсын төсөв, “Чингис” бондын хөр өнгөөр халаасаа зузаалсан Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө мөнгөний хувьд харьцангуй боломжтой цагт ажиллаж байгаа ч энэ оны улсын төсвийн орлого тооцоо ёсоор нь бүрдэнэ гэж найдахад хүнд, “Чингис” бондын ирээдүй ч бүрхэг болж байгаа мэдээ дуулдаж, олны гайхлыг төрүүлж байгаа юм.
Н.Алтанхуягийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр долоо хоног бүр хийж буй ажлаа сүржин тайлагнаж ирсэн. Энэ мэдэгдлийн ард засгийн ажил цалгардаж, хоорондоо ямар ч уялдаагүй болсныг өдгөө нуухын аргагүй болж байгаа аж. Засгийн газар энэ онд бондын хөрөнгөөр Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй холбох 1347 км авто зам, Нийслэл хотын дахин төлөвл өлтийн төлөвлөгөөнд тусгаж, “Гудамж” төслийн хүрээнд хийгдэх хотын төвийн автозамын 33 уулзвар, Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны зам, Тавантолгойн уурхайд 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын суурь бүтэц барих ажил, “Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Сүү, сүүн үйлдвэрлэл”, “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” зэрэг төслийг санхүүжүүлэхээр шийдсэн. Гэвч бүтээн байгуулалтын улирал өндөрлөх дөхөж байгаа энэ цагт бондын мөнгө Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яаманд хав дарагдаж, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацаж байгаа аж. Шалтгааныг нь сонирхвол дийлэнх төсөлд нь ТЭЗҮ, тооцоо, судалгаа байхгүй. Холбогдох яамд нь өнгөрсөн өвөл, хавар, зуны турш тооцоо, судалгаа хийх гэж цаас, үзэг барж яваатай холбоотой гэнэ.
Бондын мөнгө гацааж буй яамны нэг нь ҮХААЯ. Тус яам бондоос 170 мянган ам.доллар авч, ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж байсан. Гэсэн ч яамны эрх мэдэлтнүүд энэ хөрөнгийг ямар шаардлагын дагуу, ямар нөхцөлтэйгээр, хэнд олгох вэ гэдгээ өнөөдрийг хүртэл тодорхойлж чадахгүй, бондыг боомилж сууна. Түүнчлэн ачааллаа чадан ядан үүрч буй Улаанбаатар хотын цахилгаан, эрчим хүчний дутагдлыг нөхөх дулааны цахилгаан станцыг Баянзүрх дүүргийн Амгалан буюу УС-15-д барих ажил засгийн чихнээс хонх уяж буй. Эрх баригчид дулааны цахилгаан станцын тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэй зарласан ч зураг, төслийг нь шалгаж үзээгүй юм билээ. Улаанбаатарчуудын найдварыг тасалсан станцын зургийг өдгөө БНХАУын Харбинд төвтэй компани гаргаж байгаа бөгөөд Улаанбаатарт танилцуулж, баталгаажуулна гэсээр ажил нь энэ онд биш ирэх онд эхлэхээр болж байгаа гэсэн.
Ирэх сарын эхээр хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ мэт олон асуудал хөндөгдөж, хариуцлага яригдах нь тодорхой болжээ. Н.Алтанхуягийн Засгийн газарт сөрөг хүчний зүгээс төдийгүй АН дотроос хүчтэй цохилт ирж, асуудал Шинэчлэлийн Засгийн газраар “туг тахих” хэмжээнд хүртэл хурцдаж магадгүй гэсэн таамаг Төрийн ордонд яригдах болов. Түүгээр ч зогсохг үй АН-аас тодрох дараагийн Ерөнхий сайдын нэр сонсогдож байгаа. Юутай ч УИХ-ын ээлжит бус хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлэг гадаадын хөрөнгө оруулагчдын нүүр бууруулах болсон шалтгаан болон “Чингис” бондыг үнэгүйдүүлж байгаа асуудлыг нухацтай ярих сураг байна. Тус намын бүлэг Шинэчлэлийн Засгийн газрыг бондоороо “гоёж” байх үед “Барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил явуулах боломжгүй өвлийн улиралд Засгийн газрын бонд арилжаалсан нь цаг хугацааны хувьд тохиромжтой биш байна. Тэгээд ч бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх төсл үүдийн зураг төсөл, тооцоо судалгаа, ТЭЗҮ нь бэлэн болоогүй учраас бондын хөрөнгө хугацаандаа зарцуулагдахгүй хойшлогдож мэднэ.
Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолд Бондыг эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулна гэж заасан. Н.Алтанхуягийн танхим энэ тогтоолыг зөрчиж, Монголбанктай гэрээ байгуулан бондын мөнгийг гадаадад бага хүүтэй байршуулах, дотоодын арилжааны банкуудад тодорхой шалгуур, сонгон шалгаруулалтгүй дамжуулан зээлд үүлж, бондын үндсэн зорилго, зориулалт, зарцуулалтыг илт зөрчиж байна” гэж байсан билээ. Тиймээс ээлжит бус чуулганаар МАН хагас жилийн өмнөх тооцоогоо дэмий улстөржсөн мэдэгдэл биш гэдгийг нотлох бол АН-ын фракцууд нэг жилийн дотор ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж асан хүргэн дүү, түүний гэргийн компани “Эрдэнэс Тавантолгой”-н тендерт ялсан зэрэг цөөнгүй дуулианд нэр холбогдож, АН-ын нэрийг сэвтүүлж буй Н.Алтанхуяг болон түүний Засгийн газрыг нэг мөсөн огцруулах ажиллагааг эхлүүлсэн сураг байна. Тэд улс орны эдийн засаг унаж, төсөв тасарч, бонд “боомилогдож” буйн бурууг Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар үүрэх ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Төсвийн төсөөлөл, бондын хөрөнгийн тооцоо судалгааг гардан хийж, тухайлбал төсөл, ТЭЗҮ, хөт өлб өрг үй бүтээн байгуулалтад бондын мөнгө “шахах” мэргэн санаа олж, бондын эрсдэлийг буруу тооцоолсон гэх хэргийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт тохох бол бондын зарцуулалтын эрх мэдлийг УИХ-ын бүрэн эрхээс тусгаарлан, Төсвийн тухай хууль тогтоомж зөрчиж, улс орны эдийн засгийг уруудуулах хэмжээнд хүргэсэн бурууг Ерөнхий сайд тэргүүтэй “Бондын бодлогын зөвлөл”-д үүрүүлж мэдэхээр байна.
Д.ЦАЦРАЛ
ӨНӨӨДӨР СОНИН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ