Өнөөдрийн Монголд хамгийн эрэлттэй бараа болждээ

    Монголчууд бид архийг далай шиг үйлдвэрлэж түүнийгээ эр эм хөгшин залуугүй л хүртэх болж.. Насанд хүрсэн Монгол хүн бүр гурван литр цэвэр спирт /үйлдвэрлэсэн болон хилээр оруулж ирсэн бүх архи, шар айраг, болон дарсыг цэвэр спиртэнд шилжүүлсэн тоо жил бүр хэрэглэдэг гэсэн судалгаа ч бий.

    Архины үйлдвэрлэл, худалдаа үлэмж өсч, Монголын Төрийн сан архины тусгай татвараар баяжиж болжээ. Бид төрсөн өдөр, гэрийн болон одонгийн найр, хонхны баяр, эцэс төгсгөлгүй цэнгээн наадам, дээр нь нэмэгдээд дэлхийн болон олимпийн тэмцээнүүдийг архи, пиво уухгүйгээр төсөөлж чадахгүй болжээ. Архи, шар айраг үйлдвэрлэгчид үнэхээр ч хичээж байна. Ресторанаасаа арав дахин олон суудалтай задгай асар дэргэдээ барьж чадаагүй хоолны газар алга болжээ. Хажуугаар нь хүүхдийн мөнгө гэдэг нь олон айлын хувьд архины мөнгө нь болж. Монголчуудын хавтгай архидалтын үр дүнд үр удам нь эмгэг согогтой гарсаар л. Гэвч үүнийг хэн ч үл тоон. Заа ямар өдөр болгон ууж байгаа биш дээ гэж өөртөө зөв өгөх хүн ч олон. 

    Саяхан Шаргалжуутын амралтанд яваад ирсэн залуу нуруу нугасны сааталтай олон зуун хүүхдүүдийг эх эцэг нь тэргэнцэр дээр нь түрэн рашаанд оруулж байгааг ярьлаа. Гэтэл ноднин бол үүнээс гурав дахин олон хүүхэд ирсэн гэнэ. Ер нь монголойдууд төрлийн шар арьстнуудад архийг бүрэн задлаж боловсруулах фермэнт цагаан арьстантай харьцуулахад байдаггүй бөгөөд бид хурдан согтож, илүү гүн хорддог байна. Оросын умардын шар арьстан, жижиг үндэстнүүд, чукча, коряки, ненец, Америкийн индианчууд нар бидний адилаар архинд хавтгайгаар орж, гүн гүнзгийн хордож иржээ. Энэ архидалт мансуурлын нийгмийн шалтгаан гэж байна уу? Энэ тухай бид хэлэлцэх цаг нэгэнт болжээ.  

   Нийгэмд тодорхой зорилгогүй хүмүүс олон болж байна. Ихэнх хүмүүсийн зорилго өөрсдийнх нь жинхэнэ боломжоос хамаагүй доогуур байна. Нийгмийн үлгэр дууриал болохуйц загвар хүн бараг алга. Амьдралдаа том зорилт тавиад, өөрийгөө ялж амжилтанд хүрсэн монголчуудынхаа тухай иргэд мэдэхгүй байна. Хотын төвд хагас нүцгэн шахуу хэвтэх гартай, хөлтэй эрхтэн бүтэн ажил хөдөлмөрийн насны залуус. Тэднийг өрөвдмөөр байв ч амьдралд бууж өгсөн арчаагүй зангийн бодохоор зэвүүцмээр. Ганцхан удаа амьдрах биш гэж үү. Зүгээр л явах замд чинь саад хийх хар дарснаас нүдээ аниад өнгөрч яагаад чадахгүй байна вэ. Өнөөдөр уусан ч маргааш нь согтуу сэрэх хувь тавилангаар архи үйлдвэрлэгчид бизнес хийсээр л. Арга ч үгүй юм даа. Эрэлт байгаа нөхцөлд нийлүүлэлт хийж л таараа.Дээрээс нь  хөдөлмөрийн үнэлгээ хэт доогуур, жоохон цалингын бараг тал хувийг улсын нэрээр хурааж авсан төр дэндүү том, дарга удирдлага нь хар амиа л бодож, нийтийн хөрөнгийг ил далд хумсалж байгаа юм чинь.

Монголчууд бид хүүхдүүдээ архигүй орчинд хүмүүжүүлэх шаардлагатай гэж ярисаар хэдийн  20 оод жилийг өнгөрүүлжээ.

    Уг нь хүмүүст архинаас өөр сонголт бий болгох цаг хэдийн болсон баймаар.  Энэ бүхнийг нийгмээрээ хэлэлцэж холбогдох арга хэмжээг яаралтай авч архидалтаа багасгахгүй бол Монголчууд бид энэ том орноо эзэгнэн амьдарч чадахгүйд хүрч байна. “Ариун газар эзэнгүй байдаггүй” шүү дээ.

Л.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ