С.Одонтуяа: Д.Батхуягийн зөвшөөрөл өгсөн компаниуд төрөөс нөхөн төлбөр авах болчихоод байгаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяатайэдийн засгийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдлын талаар улстөрчид болоод эдийн засгийн хүрээнийхэн сүүлийн үед янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Та эдийн засагч хүний хувьдхэрхэн дүгнэж байна?

-Эдийн засаг элгээрээ хэвтчихээгүй ч цаашид хүндрэх байдал ажиглагдаж байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байсан топ компаниуд өрийн сүлжээнд орж бүхий л зүйлээ зарж байна. Мөн улстөрчдийн хутгалдсан банкууд дампуурч, компанийн эзэд НӨАТ-ын ялаар эрэн сурвалжлагдаад, уул уурхайн компаниуд лицензээ хураалган хаагдаж байгаагаас харахад олон хүндрэл гарах бололтой. Ер нь эдийн засаг гэдэг бол бодит зүйл юм. Шууд хэлбэл, махны тухай, талхны тухай, бензиний тухай асуудал яригддаг гэсэн үг. Эдийн засаг гэж юуг ойлгож болох вэ гэвэл хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах явдал. Тухайлбал, тухайн айл өрх эдийн засгийн хямралд орохоор юун түрүүнд орлогоо ихэсгэхийг боддог. Ажилгүй бол ямар нэгэн байдлаар ажил олж хийхийг боддог. Бүх зарлагаа хянаж эхэлнэ, хэмнэлтийн байдалд ордог гэсэн үг. Тэгэхээр улс орон ч гэсэн адилхан. Тиймээс орлого нэмэгдүүлэх асуудлаар хамгийн том салбар ажиллах ёстой. Уул уурхайн салбар бол манай эдийн засгийн гол орлогыг бүрдүүлж байдаг. Гэтэл өнөөдөр энэ салбарын гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурчихсан байна. Үүнийг дагаад уул уурхайн компаниудад өгдөг зээл болоод бусад дэмжлэг асуудалд орж байна. Нэг үгээр хэлбэл уул уурхайн компаниуд зогсонги байдал орж, маш олон компани зардал, татвараа дийлэхээ болиод хаалгаа барьж эхэллээ.

-Уул уурхайн сайд Д.Ганхуягт та асуулга тавьсан байсан. Энэ талаар тодруулъя?

-Тийм ээ. Эдийн засаг цаашид хүндрэх байдал харагдаж байгаа болохоор цаг алдалгүй зохих арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. АМГ-ын дарга байсан Д.Батхуяг нарын буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин ажиллаж байгаа ААН-ийн тусгай зөвшөөрөл шүүхийн шийдвэрээр хүчингүй болоход хүрч, их хэмжээний хохирол амсахад хүрч байгаа тухай Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн. Мөн урт нэртэй хууль батлагдсанаар маш олон тусгай зөвшөөрөл цуцлагдлаа. Иймд дээрх үндэслэлүүдээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж байгаа хэдэн аж ахуйн нэгж байгаа, тэд ямар хэмжээний хөрөнгө оруулалт, зардал гаргасан. Тэднийхохирлыг төр барагдуулбал хичнээн хэмжээний мөнгө зарцуулахаар байгаа, эдгээр тусгай зөвшөөрлүүд хүчингүй болсноор Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөхөөс гадна төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хохирол багатайгаар асуудлыг зохистойгоор шийдвэрлэх арга зам, гарц шийдлийн талаар саналаа илэрхийлэхийг Уул уурхайн сайдаас хүсч байгаа юм.

-Урт нэртэй хуульд яг ямар чиглэлээр олборлолт явуулдаг компаниуд өртсөн юм бол. Хууль нь түүхий байсан гэсэн үг үү?

-Үйл ажиллагаагаа зогсоосон уул уурхайн компаниудын ихэнх нь алтны компани байгаа. Байгаль орчноо хамгаалах биш харин ч эсрэгээрээ маш ихээр сүйтгэж эхэлсэн гэж болно. Нэг ёсондоо хууль гарснаараа ухаад орхисон нүхийг хариуцах эзэнгүй болсон. Өнөөх хэдэн компани нь үйл ажиллагаагаа зогсоочихсон. Гэтэл нөхөн сэргээлт гээд хийх их ажил байдаг. Тэгээд эцэст нь нинжа нар уурхайд нь орж бүр долоон дор болгоно. Нөхөн сэргээлтийн хувьд бүр ярих ч зүйл байхгүй. Ийм л дүр зураг байна. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн компаниудад боломж олгож байх хэрэгтэй. Ингэхийн тулд бид судалгаа хийж байгаа.

-АМГ-ын дарга асан Д.Батхуягийн асуудалтайхолбоотой гаргасан тооцоо судалгаа бий юу?

-Энэ хэрэгтэй холбоотойгоор 100 гаруй лицензийн асуудал байгаа. Шүүхээс эдгээр лизенцүүдийг хүчингүй болго гэсэн шийдвэр гаргачихсан. Хүчингүй болгоод эхэлбэл Д.Батхуягийн үед болон өмнө нь хөрөнгө хүч хаяад үйл ажиллагаагаа эхлүүлж байсан эдгээр компаниуд төрөөс нөхөн төлбөр авах болчихоод байгаа юм. Шууд хэлбэл төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж компаниуд дампуурч, их хэмжээний хохирлыг нь төр төлөх болж байгаа юм. Энэ талаар УИХ дахь Өргөдөл гомдлын байнгын хороонд маш их гомдол ирсэн. Энэ нь магадгүй хадгаламж зээлийн хоршооны хэрэг шиг зүйл болохыг үгүйсгэхгүй. Тэдгээр компаниудыг нэг бүрчлэн судалж үзээд бодит хөрөнгө оруулалт хийчихсэн компаниудыг энэ хямралын үед ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн эдгээр компаниудын дийлэнхи нь банкнаас их хэмжээний зээл авчихсан байгаа юм билээ. Гэтэл тус компаниуд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, банкны өр зээлтэй байсан эсэх нь хэнд ч хамаагүй байсан бололтой. Энэ чиглэлээр салбарын яам нэлээд ажил хийсэн боловч хана мөргөсөөр л.

-Тэгвэл энэ байдлаас яаж гарах ёстой вэ?

-Ямар гарц байна тэдгээрийг олох шаардлагатай. Бусад орнуудын хувьд эдийн засгийн хүндрэл үүссэн үед эдийн засгийн онц байдал тогтоодог. Ингэснээр ямар ч эрсдэл, муу зүйлээс мултарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зарим хууль тогтоомжоо эргэж харахын зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийг аливаа татвар, төлбөр тооцооноос тодорхой хугацаанд хөнгөлж болдог. Нэг хэсэг татварыг нь хөнгөлж болно. Ингэснээр тэдгээр хүмүүст хөрөнгө оруулалтаа сайжруулахад боломж гарч байгаа юм. Дахин хэлэхэд өнөөдөр бид бие биенээ хоосон буруутгаж яллаж суух уу, эсвэл үр хүүхдийнхээ ходоодыг хоосон хонуулахгүйн тулд бүхий л маргаанаа орхиж, байж болох гарц боломжоо хайх уу гэдэг сонголтыг хийх цаг нь болсон.

-Дэлхий нийт эдийн засгийн уналтад ороход Монголд нөлөөлөөгүй. Харин дэлхийн эдийн засаг эргээд сэргэхэд Монголын эдийн засаг уналаа. Бид хаана нь алдсан юм бол?

-Монголчууд бид нэг зүйлийг л сайн ойлгох ёстой. Бидний юм үйлдвэрлэдэггүйн гай л гарч байгаа байхгүй юу. Дандаа импортоор юм авдаг учраас энэ нь эргээд бидэнд маш хүнд тусч байгаа юм. Хэрвээ бид маш их экспорт хийдэг, үйлдвэрлэдэг байсан бол бидэнд сайнаар нөлөөлөх байсан. Экспортоо аль болох нэмэгдүүлээд валютад зардаг тэрхүү зарлагыг багасгах ёстой. Тэгж байж л гадаад худалдаа алдагдалгүй байх болно. Би дээр хэлсэнчлэн гэр бүл зардлаа багасгадаг шиг улс орон хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Сүүлийн гурван жил банкуудын олгосон хэрэглээний зээл нь гурав дахин нэмэгдсэн байгаа юм. Тэгэхээр бид бүхэн зүгээр л хэрэглээд байна гэсэн үг. Тэгэхээр хэрэглээн дээрээ илүү ихээр анхаараад, хоёр жил бүсээ л чангалах ёстой. Мөн идэх, үрэх гэсэн хүслээ дарах тэнхэлгүй хүмүүсийг хазаарлах нь чухал. Үүнээс гадна сүүлийн үед тун нь ихдэх гээд байгаа ашиггүй зардлаа хэмнэж болно. Зөвхөн нэг аймаг сумын ой тэмдэглэх гэж бүх нөөцөө шавхах жишээтэй. Энэ буруу тогтолцоог эртхэн засч, Засаг дарга нарыг хэдэн хүн ажлын байртай болгосноор нь шалгаруулдаг жишиг гаргая. Аймгуудыгкомпаниудаа хэрхэн дэмжиж байгаагаар уралдуулдаг болсон ч болохгүй зүйлгүй. “Гиннесийн ном"-д бүртгүүлэх гэдэг ханиад тархах янзтай. Уг нь эдийн засгаараа тэргүүлж тэр номонд орсон бол.

-Оюутолгойн далд уурхай хаагдлаа. Энэ нь нийгэмд асуудал үүсгэж маргаан дагуулаад байна?

-Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард суух шаардлагатай болж байгаа юм. Аль, аль нь хууль журмын дагуу байх ёстой. Асуудалгүй гэрээ хэлэлцээр гэж дэлхийн түүхэнд ховор байдаг. Тиймээс үүний гол гаргалгааг хурдан хугацаанд гаргахын тулд хоёр тал байнга уулзаж, аль аль талдаа буулт хийж, хуулийн хүрээнд байх шаардлагатай. Маш хүнд байсан үед Чингис бондыг оруулж ирэн амь тариа хийлээ. Магадгүй энэ бондын мөнгө орж ирээгүй байсан бол манай эдийн засаг бүр их хямрах байсан. Эдийн засагчдын тооцоогоор 2008-2009 онд 57 мянган ажлын байр байхгүй болсон гэсэн тооцоо гарсан байдаг. Харин Чингис бондын мөнгө орж ирээгүй байсан бол 176 мянган ажлын байр байхгүй болох байсан гэсэн тооцоог гаргасан. Тиймээс бид буруутай гэж нэг нэгнээ шүүмжлэхийн оронд цаг алдалгүй ажилламаар байна. Улс орныхоо эрх ашгийн төлөө нэгдээд бүхий л гарц гаргалгаа шийдлийг олох шаардлагатай.

-Ярилцлагынхаа сэдвээс жаахан хазайя. “Эх орон 36" гэж хүүхэд, хөгжлийг шаталсан хөтөлбөрийг санаачилсан байх аа?

-Анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёр зөвхөн Баянгол дүүрэгт зохион байгуулдаг байсан. Харин энэ удаад “Эх орон 36” хөтөлбөрийгУИХ-аар батлуулж, нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Найрамдал зусланд үзүүлэх сургалт арга хэмжээг зохион байгуулсан. Сэтгэл хөдлөм харагдаж байсан. Хүүхдэд багаас нь эх орон гэж юу байдаг юм гэдгийг ойлгуулах зорилготой. Ер нь бол хүнд оруулсан хөрөнгө оруулалт насан туршид үр өгөөжөө өгдөг. Улс зөв иргэн болох үндэслэлийг нь багаас нь өгөх хэрэгтэй. Хөтөлбөрт нийслэлийн бүх дүүргүүд хамрагдах болно.

-Цаашид энэ хөтөлбөр хэрхэн өрнөх бол?

-Хамгийн гол нь эх оронч үзэл. Тэдэнд эх орноороо бахархах, эх орноо хайрлах, эх орон гэдэг зүйлийн үнэ цэнийг мэдрүүлэх үүднээс хэрэгжүүлсэн ажил юм. Ирэх жилээс энэ үйл ажиллагааг үндэсний хөдөлгөөн болгон өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон. Нийт 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Батлан хамгаалахын яам, БШУЯ-тай хамтарч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Э.НОМИН

MEDEE.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ