Ч.Батболд: Сэтгэлээ илчилсэн охидын захидалд хариу бичээгүйдээ харамсдаг

“...Үе тэнгийн охин чамдаа
Үнэхээр би чинь дурлажээ
Үерхлээс дурлал үүсдэг гэдгийг
Үүнээс найз нь ойлгосон юм.
Заяа Заяа Заяа
Анхны минь хайр чи билээ
Заяа Заяа Заяа
Чи миний сэтгэлийн дагина...” хэмээн тэрбээр дуулж бүсгүйчүүдийн зүрх сэтгэлд уран бүтээлтэйгээ хоногшсон билээ.
“Цэцэг” хамтлаг гэхээр 1980-аад оныхон андахгүй мэднэ. Хүүхдийн ордны дэргэдэх энэ хамтлагаас Л.Байзда, Марка, Маадай гээд олон дуучин төрсөн. Тэдний нэг нь Ч.Батболд. Багшийн сургуулийн хөгжмийн багшийн анги дүүргэсэн тэрбээр өдгөө “Гэгээрэл” бүрэн дунд сургуульд Урлаг, гоо зүйн тэнхмийн эрхлэгчийн алба хашдаг.
-Намрын өрнүүн ажил эхэлчихлээ. Зуны улирал таны хувьд хэрхэн өнгөрөв?
-Зуны богинохон сарыг үр бүтээлтэй ашиглаж, уран бүтээлийн ажлаа нэлээд амжууллаа. 90 жилийн ойн баяраа тэмдэглэж буй хоёр ч аймгийн наадамд уригдаж уран бүтээлээ толилуулсан. Төв аймгийн Дэлгэрхаан сум аав, ээжийн минь төрсөн нутаг л даа. Тэнд очиж ая дуугаа өргөлөө. Хөдөөнөөс дөнгөж ирээд л сургуулийн завгүй ажилтай золгож байна даа.
-Дуучин залуугийн сэтгэлийг яагаад багшийн мэргэжил татсан юм бол?
-Намайг сурагч байхад урлаг, спорт, сурлагын амжилт гаргасан тэргүүний шилдэг хүүхдүүд Олон улсын Найрамдал зусланд амардаг байлаа. Найрамдал төвийн пионерын удирдагч багш нараа хараад багш болох юмсан гэдэг бодлыг олон жил сэтгэлдээ тээсэн. Би сэтгэлийнхээ дуудлагаар багш болсон юм шүү. 1993 онд анх Олон улсын Найрамдал төвд дуу хөгжмийн багшаар ажиллаж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Би урлагтаа дуртай, багшийн мэргэжилдээ ч хайртай. Хүүхдийн гэнэн цагаан сэтгэл, дуу шуугиан уйтгар гуниг, уур бухимдлыг үргээж, аз жаргал, урам зориг, баяр баяслыг бэлэглэдэг. Мэргэжил бүхэн сайхан. Гэхдээ энэ бүхний оройн дээд нь багш гэж боддог.
-Та хүүхдүүдийн тухай их ярих юм аа. Шавь нараа их санасан бололтой?
-Сургуулийнхаа хүүхдүүдийг их саналаа. Хичээлийн шинэ жилээр тэдэнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж сууна. Хүүхдийн дуу цангинаагүй газар цаанаа л нэг уйтгартай. Айл гэр, эрдмийн их өргөөг аз жаргалтай болгодог эзэд бол хүүхдүүд. Тэдний баяр хөөр, энерги сургуулийн ажлыг урагшлуулж, утга учиртай болгодог. Амьдрах итгэл төрүүлж, аз жаргал бэлэглэдэг болохоор би хүүхдүүдэд хайртай. Багшлахынхаа хажуугаар уран бүтээлээ ч туурвидаг. Ингэх нь надад жаргалтай санагддаг болохоор ажил руугаа яаран тэмүүлж ирдэг.
-“Цэцэг” хамтлагийн залуус нам гүм байдаг. Тэд хаана юу хийж яваа бол?
-“Цэцэг” хамтлагаас төрсөн дуунууд зөвхөн минийх биш. Энэ хамтлагт байсан залуус зүрх сэтгэлээрээ нэгдэж, уран бүтээлээ туурвисан. Тэд маань амьдрал зохиож, өдгөө тус тусын ажил хөдөлмөрөө эрхэлж өөдрөг яваа. Энэ зун “Аяс” хамтлагийн ахлагч, хөгжимчин Д.Энхжаргалтай хамтарч “Чи минь”, “Чамайг хүлээнэ” шинэ дуу хийж, олны хүртээл болголоо. Үүнээс гадна хүүхдийн зохиолч Д.Содномдорж гуайн шүлгийг дуу болгож, амилуулсан. Би олон жил хүүхэдтэй ойр ажиллаж байна. Тиймээс хүүхдийн ертөнц рүү хандсан гэгээлэг уран бүтээл түлхүү туурвина. Надад нэг том дутагдал байдаг. Дотоод ертөнцдөө хадгалсан зүйлээ гадагш гаргахдаа маруухан. Санаа, сэдлүүдээ цаасан дээр буулгаж амжихгүй яваадаа өөртөө жаахан бухимддаг тал бий. Хамтлагийн маань залуус уран бүтээлээ тууштай дагнасан. Тэдний дундаас боловсролын салбар руу урваж, багш болсон нь би.
-“Цэцэг” хамтлаг ид мандаж байсан 1990-ээд оны дурсамжаасаа хуваалцаж болох уу?
-Өө тэгэлгүй яахав, тэр үеийн сайхан дурсамжаас татгалзахгүй шүү. Яривал урт түүх өгүүлнэ, номоор зүйрлэвэл боть болох хэмжээнд очно. Хүнд хамгийн сайхан дурсамжийг залуу нас үлдээдэг. 1990-ээд оны үед Л.Байзда бид хоёр оюутан болчихсон, УБИС-ийн хөгжмийн ангид хамт сурдаг байлаа. Оюутан залуусын шоу цэнгүүнд миний “Чиний минь инээмсэглэл” дуу хоёрдугаар байрт шалгарсан юмдаг. Яг тэр үед “Хар сарнай” хамтлаг тайзан дээр ид мандаж, залуусыг байлдан дагуулсан.Тэдний дуулж, бүжиглэхийг залуучууд хараад үнэхээр шүтэн биширдэг байсан шүү.
-Таныг “ Заяа Заяа” гээд дуулахаар охид хашгираад л дагаад дуулдаг байж билээ?
-Энэ дуу 1987 онд анх олны хүртээл болсон. Социализмын үеийн хүүхдүүд байсан болохоор бид учиргүй хайр сэтгэл дуулаад байдаггүй байсан. Хамтлаг байгуулагдсан цагаас Батболд гэдэг залуугийн овог “Цэцэг” хэмээх нэрээр солигдсон. Үе тэнгийн залуус маань намайг нэг хэсэг “Ном Батболд”, “Цэцэг”-ийн Батболд, “Заяа Батболд” гэж нэрлэсэн дээ. Уран бүтээлээрээ хүнд танигдана гэдэг сайхан бахархал. Ард түмэн дууг минь сонсоод ийм нэр хайрласанд би баярлаж явдаг. Юм элбэг дэлбэг бус тарчиг байх тусмаа амттай, бас сонирхолтой. 1990-ээд он бол бидний алтан үе, товчхон хэлбэл мандан бадарсан цаг. Тэр үеийн нийгэм өнөөгийнх шиг хөгжөөгүй ч хийж, бүтээе гэсэн тэмүүлэл, өөдрөг бодол маань биднийг урагшлуулж, урам зориг өгдөг байсан.
-Энэ дуу түүхтэй байх аа. Заяа нэртэй охид өөрт нь зориулж дуулсан мэт хүлээж авдаг байсан санагдана?
-Тийм ээ, түүхтэй. Пионерын ордны бүжгийн дугуйланд сурдаг байсан Бадамдорж гэдэг залуу Заяа гэдэг охинтой үерхдэг байхдаа зохиосон юм билээ. Бид тэр дороо л сурч, нэг бадаг байсан шүлгийн мөр дээр нэмж зохиогоод дуу болгосон. Энэ дуу Заяа нэртэй ганц охинд зориулсан бүтээл биш. Монголын Заяа нэртэй бүх бүсгүйд зориулагдсан бүтээл. Тухайн үед Заяа нэртэй хөөрхөн охид Батболдтой үерхдэг гэх яриа гарч л байсан. Уран бүтээлээрээ мандаж байсан тэр үед Батболдтой үерхэнэ гэдэг охидын хувьд нэр төрийн хэрэг байсан байж болох л доо. Хошигнож яривал би чинь Монголын Заяа нэртэй охидтой үерхсэн хүн шүү дээ.
-Тэр үед та охидын захидалд дарагддаг байсан биз?
-“Цэцэг” хамтлагийнханд гээд охид танилцъя, найзууд болъё, үерхэе гэсэн үгтэй захидал их илгээнэ. Тэр дундаас ихэнх нь миний нэр дээр хаягласан байдаг. Бидний амьдарч байсан нийгэм дэндүү даруухан байсан даа. Ямарваа зүйлийг хайр дурлалын асуудал болгож дэврүүлэлгүй чимээгүй л өнгөрнө. Бид сэтгэлээ илчилсэн охидын захидалд ганц ч хариу бичээгүй юмдаг. Манай хамтлагийн Гантуг одоогийнхоор бол бидний хэвлэл мэдээллийн албаны дарга байсан гэх үү дээ. Шинээр ирсэн захиаг задалж бидэнд уншиж өгнө. Зарим нэг нь “Танай хамтлагт зориулж, ийм шүлэг бичлээ. Дуу болгож олонд хүргээрэй” гэсэн хүсэлт тавина. Хожим бодож байх нь ээ тэр олон захидлаас ганц дуу ч болов төрүүлсэн болоосой гэж харамсдаг л юм.
-Таны хүүхдүүд урлагт дуртай юу?
-Дуртай, дуртай. Манайх охин, хүүтэй. Хүүхдүүд маань урлагийн мэдрэмжтэй өссөн. Хүү маань миний "Заяа" дууны клипэнд бит бокс хийсэн. Анужин охин маань оюутан болсон, одоо III курс. Чилүүгэн хүү Гэгээрэл сургуулийн 10 дугаар ангид сурч байна. Миний ханийг В.Энхсайхан гэдэг. ТЭЦ-IV цахилгаан станцад зохион байгуулагчаар ажилладаг
-Эхнэр тань таны улаан фэн байсан уу. Хаана яаж танилцсан юм бэ?
-Тэр үед уран бүтээл хийх хүсэл их байсан ч санхүүгийн асуудлаас болоод хойшлуулчихна. Нийгэм зах зээлийн системд шилжиж, хүмүүс урлагаас илүү хоногийн хоол, талхаа яаж олох тухай боддог байсан цаг шүү дээ. Урлагийн байгууллагууд уналтанд орж, хаалгаа барьж эхлэхэд бид ч уран бүтээлээ түр завсарлахаар шийдсэн. Би 1992 онд “Эрдмийн Ундраа цогцолбор” хуучнаар 54 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллахаар очсон. Тэр үед эхнэр маань тэнд ажилладаг байлаа. Бидний танилцсан түүх сонирхолтой. Нэг өдөр өрөөндөө биеийн тамирын багш Мэндээтэй хөгжим тоглоод сууж байтал хэдэн охин ороод ирсэн. Тэгсэн миний хажууд нэг охин ирээд зогсчихлоо. Хараад яасан хөөрхөн охин бэ гэж бодсон. Хөгжмөө тоглоод нөгөө тийшээ хартал тэр охин дахиад зогсож байгаа харагдлаа. Би ч “Энэ охин миний хоёр талд гарч гүйгээд надад нэлээн талтай байгаа юм байна даа” гэж биеэ тоонгуй бодож суулаа. Тэгсэн эхнэр маань хоёр ихэр байсан юм билээ. Ингэж л бид сургуулийн дуу хөгжмийн өрөөнд анх танилцаж байлаа. Эхнэрээ эхэндээ нөгөө ихэртэй нь их андуурна. Тэр үед эхнэр маань цагаан, нөгөө ихэр нь хар цув өмсдөг байсан. Цагаан цувтай нь минийх, хар цувтай нь нөгөө ихэр нь гээд хувцсаар нь ялгадаг байсан шүү.
-Эхнэр тань таныг ямар зан чанараараа татсан бэ?
-Хүүхдээрээ шахуу бүхнийг сайхан гэж бодоод л гэрлэж байлаа. Тэр үед өнөөгийн залуус шиг ажил, амьдрал, байр, эд хөрөнгийг нь чухалчлан харж байсангүй. Зөвхөн сэтгэлээ дагаж, итгэл найдвар тээж гэрлэдэг байсан. Бид тэгж л гэрлэсэн. Товчхон хэлбэл ашиг хонжоо хараагүй. Хоёр биедээ итгэж амьдарсаар өдийг хүрлээ. Хүнд хань болж амьдарна гэдэг асар өндөр хариуцлага. Ханийн хайр халамж, түшиг тулгуурыг нь ханилж байж мэдэрдэг гэдэг үг үнэхээр үнэн юм билээ. Амьдрал, цаг хугацаа хүний мөс чанарыг таниулдаг. Одоо би ханийнхаа хайр халамжийг илүү мэдэрч байна.
-Хань тань ямар зан чанартай хүн бэ?
-Олон жил ханилсан болохоор нэг нэгийнхээ зан араншинг сайн мэднэ. Үг хэлээгүй ч үйлдэл, харцаас нь мэдэрнэ. Би ханийнхаа хэр баргийн зүйлд сэтгэлээр унаад байдаггүй тэвчээртэй, дайчин, аливаад тууштай ханддаг зангаар бахархдаг. Эрчүүд гаднаасаа гүдэсхэн, хээгүй, зоригтой, шийдмэг харагддаг ч дотоод ертөнцдөө бол өр зөөлөн, эмзэг шүү дээ. Амьдралыг эр хүн ганцаараа урагшлуулна гэвэл худлаа. Гэр бүлийн халамж, дэм тус заавал хэрэгтэй байдаг. Үнэнийг хэлэхэд хань маань амьдралаа надаас илүү залж явдаг хүн дээ.
-Багшийн цалин бага. Чөлөөт уран бүтээлч болж мөнгө ахиу олъё гэж бодож байсан уу?
-Багшийн цалин бага, дээр нь завгүй ажилладаг яаж амьдрах вэ гэж голж чамласан удаа бий. Гэхдээ багш үнэхээр сайхан мэргэжил юм. Хаана ч явсан хүүхдүүдээр хүрээлүүлдэг болохоор хэзээ ч салж чадахгүй гэдгээ ойлгосон. Одоо надад хүүхдүүдээс холдоно гэсэн бодол огт төрдөггүй.
-Та тоглолтынхоо зарлал дээр “Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг ард түмэн өгдөг. “Цэцэг”-ийн Чимиддоржийн Батболд” гэж бичсэн байсан санагдах юм?
-Монголын ард түмэн намайг Чимиддоржийн гэхээсээ “Цэцэг”-ийн Батболд гэдгээр илүү мэддэг болсон.
-Яагаад ийм нэр хамтлагтаа өгсөн юм бэ?
-1985 онд бид хүүхэд байлаа. Хөгжмийн зохиолч С.Батболд багш маань манай хамтлагт энэ нэрийг анх хайрласан. Бид “Та яагаад заавал ийм сонин нэр өгч байгаа юм бэ. Өөр гоё нэр сонгоё л доо” гэхэд багш маань “Та нарын хүүхэд нас надад цэцэг шиг санагддаг. Цэцэг чинь ургаж, хорвоог чимж байдаг хамгийн сайхан ургамал. Тэгээд л та нарыг хүндэлж ингэж нэрлэсэн юм” гэж хэлж билээ. Ухаант багшийн маань хайрласан энэ нэр биднийг олонд таниулж, хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн сайхан уран бүтээлүүдийг төрүүлсэн. Би дөчин насны босгыг хэдийнэ алхчихлаа. Хамтлагийнхаа энэ нэрээр эцгийнхээ адил овоглож өтлөх биз ээ.
-Ойрд найзуудынхаараа зочлов уу?
-Гэр бүлээрээ хотын дуу чимээнээс холдож, сар гаруй хөдөө амарсан. Амарч байхдаа зүгээр суусангүй. Урьсан газруудад очиж тоглоод зуны амралтаа зугаатай өнгөрүүллээ. Саяхан Баяраа найзындаа гэр бүлээрээ зочиллоо. Найзуудтайгаа уулзсан үедээ би амьдрал, гэр бүл, улс орны хөгжил, нийгмийн байдлын тухай голдуу ярьдаг.
-Та айлын отгон хүү гэл үү?
-Тийм ээ. Би есөн хүүхэдтэй айлын отгон хүү. Зургаан ах, гурван эгчтэй. Гэрээсээ дуучин болсон нь би. Айлын бага хүү болохоор эрх өссөн. Одоо хэр нь ээж намайг ах нараас өмөөрнө. Буруу ч байсан, зөв ч байсан хамгаалаад л хэр халдаана гэж байхгүй. Өдгөө ээж минь ная дөхөж яваа сайхан буурал бий. Ээжийнхээ дэргэд бол би ах нараасаа ч илүү эрх дархтай хүн шүү дээ.
-Төрсөн өдрөө тэмдэглэдэг үү?
-Оюутан байхдаа төрсөн өдрийнхөө баяраар найзуудаа цуглуулаад сүртэй тэмдэглэдэг байлаа. Одоо нас ахиад тэр үү, эсвэл намба суугаад гэх үү гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэдэг болсон. Заримдаа ажил гэж гүйгээд төрсөн өдрөө ч мартчихсан явдаг юм. Охин, хүү хоёр маань сюрприз барих дуртай. Надад юу хэрэгтэй байгааг эхнэр тун гярхай ажиглаад мэдчихдэг. Энэ жил уран бүтээлийн тоглолтонд зориулж өмсөх костюм бэлэглэсэн. Харин би өөртөө зориулж сүүлийн үеийн гар утас худалдаж авсан. Би утсандаа нандин чухал зүйлүүдээ хадгалдаг. Утсыг минь нээж үзвэл миний ажил, амьдралтай холбоотой олон зүйл бий.
-Та ажлаа юугаар голдуу амжуулж байна вэ?
-Гар утас, таксигаар. Эр хүн гэхэд надад ганган машинтай болъё гэх бодол төрдөггүй юм. Техникт сонирхолгүй хүн гэж байдаг даа, тэр нь л би байх. Сүүлийн үед хөл дүүжлэх унаатай болъё гэж бодоод машин сонирхдог болж байгаа.
-Дандаа инээдэг амьдрал гэж байдаггүй шүү дээ. Гэр бүлд бага зэргийн маргаан зөрчил гарч л байдаг. Та түрүүлж буулт хийдэг үү?
-Хааяа ханиасаа өөрийнхөө тухай үнэн шүүмжлэлийг сонсдог. “Чи юманд удаан, хойрго хандах юм. Чамайг ийм байхад үр хүүхдүүд чинь яах юм бэ” гээд л эхнэр үглээд эхэлнэ дээ. Дотроо буулт хийчихсэн хэрнээ гаднаа харуулахгүйг хичээж гүрийнэ шүү дээ.
-Аав ээжийнхээ захиасыг амьдралд хэрэгжүүлж чадсан уу?
-Аав ээж маань бидэнд “Хүнд муу зүйл битгий хийж яваарай. Өөдрөг сайхан зүйлийн төлөө тэмүүлж амьдар. Амьдралд юу ч тохиолдож болно, тиймээс сэтгэлийн тэнхээтэй бай” гэж захидаг. Одоо би хүүхдүүддээ “Аливаад юманд тууштай, үнэнчээр хандаж сураарай. Тэгсэн цагт амжилт ойрхон байдаг юм шүү” гэж хэлдэг. Надад нэг давуу чанар байдаг. Хүнд муу санадаггүй, тусархуу, зөөлөн зангаасаа болоод “үгүй” гэж хэлж чаддаггүй юм. Энэ зан маань заримдаа хэрэг болно, хэрүүл ч болно.
-Та спортоор хичээллэдэг үү?
-Хичээллэдэг гэж худлаа хэлэхгүй ээ. Харин сонирхож бол үздэг. Хөлбөмбөгийн тэмцээн эхэлчихсэн байвал зав гаргаад заавал үзнэ. Би “Барселона”-гийн улаан фэн. Европын аваргаас бол Испанийн шигшээ багийг дэмждэг.
Г.БАТЦЭЦЭГ "Өнөөдөр" сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ