П.Буяндэлгэр: Гар утас, таблетынхаа ариун цэвэрт анхаарлаа хандуулах цаг нь болсон

Хүний их эмч, анагаах ухааны магистр П.Буяндэлгэртэй ярилцлаа.
-Сайн байнуу танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бактер, нянгаас өөрсдийгөө хамгаалж байна гэх боловч энэ талаар тодорхой ойлголтгүй явдаг нь нууц биш. Бактер нян гэж яг юуг хэлээд байна вэ?
Бактерийг Монголоор нян гэдэг. Бактер буюу нян нь эрчим хүч ялгаруулах, амьдрах, үржихэд шаардлагатай бүх зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Гэхдээ жирийн эсээс ялгаатай нь гэвэл цөм гэж байдаггүй бөгөөд цөмөнд агуулагдах ёстой генийн материал нь эсийн доторх шингэнд нь агуулагдаж байдаг. Бактериуд нь дийлэнх тохиолдолд хуваагдах замаар бие даан үржих чадвартай бөгөөд өөрийн гэсэн бодисын солилцоотой юм. Бактери буюу нян нь “эзэн эс”-ийг зөвхөн хооллож ундлах, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Ингэхдээ нянгууд нь амьдралынхаа явцад хортой бүтээгдэхүүн ялгаруулсанаар хүний бие махбодийг хордуулж өвчин эмгэг үүсгэдэг.Товчхондоо бол ийм. Дэлгэрэнгүй тайлбарлавал маш олон зүйлийг ярьж болно.
-Тэгвэл ямар төрлийн өвчин нянгаас болж үүсдэг вэ?
Бактерийн гаралтай хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол мэдээж хоолны хордлого хамгийн түрүүнд ордог. Гэдэсний халдварт өвчинд балнад, иж балнад, цусан суулга, суулгалт өвчин буюу гэдэсний ихэнх халдварууд, тарваган тахал, булчин задрах тахал, тэмбүү, заг хүйтэн /гонорей/, идээт халдвар, боом, сахуу, татран гэх зэрэг өвчингүүд ордог.
Гэхдээ бактериудыг бүгдийг нь өвчин үүсгэгч, шимэгч гэвэл буруу. Хүний бие махбодийг эрүүл, хэвийн байхад зайлшгүй шаардлагатай бактериуд гэж байдаг. Эдгээр бактериуд нь гэдсэнд амьдардаг бөгөөд хоол боловсруулах, амин дэм ялгаруулах, гэдэсний халдвараас сэргийлэх зэрэгт чухал зүйлст шууд оролцож байдаг.
-Манай улсад бактер, нянгийн гаралтай өвчлөл их байдаг шүү дээ. Гэвч уламжлалт цөөхөн аргаар л өөрсдийгөө хамгаалдаг. Гэтэл дижитал эрин үед амьдарч байгаа дэлхий ертөнцөд шинэ шаардлагууд үүсч байх шиг. Энэ тал дээр та юу зөвлөх вэ?
Таны хэлж байгаа үнэн. Жишээ нь бид нүүр, гарынхаа ариун цэвэрт анхаарал хандуулдаг боловч гар утасныхаа ариун цэвэрт анхаарал хандуулдаггүй шүү дээ. Эрүүл амьдрахыг хүсэж буй хүн бүр гар утас, тавлетныхаа ариун цэвэрт анхаарал хандуулах цаг нь болсон гэж би боддог. Олон улсад ч ийм олон сайн жишээ бий. Ухаалаг утсыг Монголд гэлтгүй дэлхий нийтэд өргөн хэрэглэж байна. Үүнийг дагаад халдварт өвчин ч ихсэж байна. 2018 онд Монгол улсын хэмжээнд 27 төрлийн халдварт өвчний 42 074 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ бол бага тоо биш. Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчлөлийн түвшинг өмнөх онтой харьцуулахад цусан суулга, бактерийн гаралтай бусад хоолны хордлого, мөөгөнцөртөх, трихомониаз, халдварын гаралтай гастроэнтерит ба суулгалт, нярайн бактерт үжил, зэрэг өвчлөл 10 000 хүн амд 0.1-6.5-оор өссөн үзүүлэлттэй байна. 2018 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчнүүдийн 24.3 хувийг гэдэсний халдвар эзэлж байна.
-Гэдэсний халдварт өвчинд ямар төрлийн өвчин хамаардаг вэ, өвчлөл хэр их байдаг юм, энэ өвчлөлын гол шалтгаан юу вэ?
Манай улсын хэмжээнд 2018 онд гэдэсний халдварын 6 төрлийн (цусан суулга, хүнсний гаралтай бактерт хордлого, сальмонеллёзын халдвар, суулгалт халдвар, гар, хөл, амны өвчин, цочмог гепатит А буюу шар өвчин) халдварт өвчний нийт 10240 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэдэсний халдварын 61.2 хувийг цусан суулга, 5.4 хувийг бактерийн гаралтай хоолны хордлого, 3.2 хувийг сальмонеллёз, 1.9 хувийг суулгалт халдвар, 28.1 хувийг гар хөл амны өвчин, вирүст хепатит А буюу шар өвчин 0.2 хувийг тус тус эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчлөлийг өмнөх онтой харьцуулахад сальмонеллёз, цусан суулга, суулгалт халдвар, хүнсний гаралтай бактерт хордлого өвчлөлийн түвшин нэмэгдсэн ба гар хөл, амны өвчний өвчлөлийн түвшин буурсан. Гэдэсний халдвараар өвчлөх шалтгаан бол бохирлогдсон хоол хүнс, ус хэрэглэх, халдвартай хүнтэй цуг байх, бохир гар юм.
-Та яагаад утасныхаа ариун цэвэрт анхаарал хандуул гэж байгаа юм. Гарынхаа ариун цэвэрээ сайн сахихад л болох юм биш үү?
Хөлөө угаачихаад оймсоо угаалгүй яваад байвал юу болох вэ? Үүнтэй адил ойлгомжтой зүйл шүү дээ. Гар утас нь хүн бүрийн хэрэглээ болсон мөн хүүхэд бүрийн тоглох дуртай тоглоомыг агуулдаг болсон болохоор тэдний сонирхолыг ч үргэлж татаж байна. Хүний гарт хамгийн ойр байдаг хэрэгсэл нь юмуу даа. Хүний биеийн эрхтэн дотроос хамгийн түрүүнд аливаа зүйлд хүрч бохирддог хос эрхтэн бол гар юм. Хүний гараар халдварт өвчин үүсгэгчийн 90-95 хувь нь дамждаг гэж үздэг. Мөн бид гараараа гар утсандаа байнга хүрч байдаг. Хүний гарт наалдсан бактер нян нь гар утсандаа нэг удаа хүрэхэд бактер, нянгийн дийлэнх хувь нь гар утас болон бидний хүрч, барьж буй зүйлд наалдаж үлддэг байна. Тэгэхлээр гар утас бол өвчин үүсгэгч дамжуулагч гол хүчин зүйлүүдийн нэг болдог. Өвчин үүсгэгч бактер, нян гар утасны дэлгэц дээр 7 хоног хүртэл өсөж, үржиж, амьдардаг. Бактер буюу нян нь дулаан температурт өсөж үрждэг. Гар утасыг хэрэглэж байхад халдаг нь бактер, нян өсөж үржих таатай нөхцөл болж өгдөг.
Та бүхэнд нэгэн судалгаа хэлэхэд санамсаргүй сонгосон 30 ширхэг гар утасны дэлгэцэн дээрх нянгийн нийт хэмжээг тогтоож, түүнийг хаалганы бариул болон бие засах газрын жорлонгийн суултуурын нянгийн хэмжээтэй харьцуулахад гар утасны дэлгэцэн дээрх бактер буюу нян нь нийтийн бие засах газрын жорлонгийн суултуураас 18 дахин их бактер, нян агуулж байдгыг эрдэмтэд нотолсон. Манай улсын хэмжээнд энэ тоо өндөр байна. ХӨСҮТ-ийн лабораторын эмч нарын судалгаагаар утасны дэлгэцнээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн байна. Бүр жорлонгийн суултуураас 108 дахин шүү. Ийм учраас эрүүл мэнддээ хайртай хүн бүр гар утас, таблетийнхаа ариун цэвэрт анхаарал хандуулах цаг нь болсон гэж би хэлж байгаа юм.
-Бид цаашдаа юуг хэрхэн анхаарвал зохилтой вэ?
Мэдээж бид үргэлж цэвэр, цэмцгэр байдлыг эрхэмлэх ёстой. Тиймдээ ч хүн бүр хувийн ариун цэврээ сахидаг. Гар, нүүрээ угаах гээд л. Гэвч бид нүүр, гараа угаадаг ч бактер, нян хамгийн их байдаг, бас үрждэг түлхүүр, үзэг бал, карт, гар утсаа болохоор арчдаг ч үгүй. Цаашдаа эдгээр зүйлүүд дээрээ аль болох анхаарахыг хичээгээрэй.
Ярилцсан Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ