Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр Сөүлээс 251 иргэн ирнэ

Сөүл болон Токио хотоор дамжуулан хилийн чандад байгаа, хүндэтгэх шалтгаантай Монгол Улсын иргэдийг өнөөдрөөс  /2020.04.02/  эх орондоо авчирахаар болсон билээ. Тодруулбал, Сөүл рүү нисэх тусгай үүргийн онгоц өнөөдөр 08.40 цагт  Улаанбаатараас хөөрч, 12.50 цагт Сөүлд газардана.

Ингээд 14.20 цагт Сөүлээс Улаанбаатар руу нисч, 17.00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардах юм. 

Мөн өнөөдөр  Токиогийн нислэг 13.00 цагт Улаанбаатараас хөөрч, орон нутгийн цагаар Токиод 19.00 цагт газардана. Токиод газардсан тусгай үүргийн онгоц Токиод нэг хоноод дөрөвдүгээр сарын 3-нд 08.30 цагт Токио хотоос хөөрч, Улаанбаатар орон нутгийн цагаар 13.05 цагт газардана.

Уг нь Улсын Онцгой комиссын хуваарийн дагуу  өнөөдөр 08.00 цагт БНСУ руу, маргааш /2020.04.03/  Япон улс руу нислэг үйлдэх байсан ч өчигдөр /2020.04.01/ орой нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон талаар мэдээлсэн юм. Тусгай үүргийн онгоцоор өнөөдөр Сөүлээс 251 иргэн, Токиогоос 255 иргэн ирэх аж.

Тодруулбал,Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан, асран хамгаалагчийн хамтаар 40 гаруй хүн,
  • Эрүүл мэндийн шалтгаантай хүн, асран хамгаалагчийн хамт 110 гаруй хүн,
  • Хөгжлийн бэрхшээлтэй таван хүн,
  • Жирэмсэн 19 хүн,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 51,
  • Бусад 13 хүн эх орондоо ирнэ.

Токио-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр:

  • Өндөр настан 30,
  • Эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй 10,
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл 36,
  • Дамжин ирж байгаа 50 гаруй,
  • Жирэмсэн дөрөв,
  • Бусад 120 монгол иргэн ирнэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ