“Өнгөрсөн шөнө Сэлэнгэ, Дарханд хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн”

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76470 шинэ халдвар бүртгэгдэж, 4880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193989 болсон байна. Коронавируст халдварыг ХӨСҮТ-өөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатор зэрэг зургаан газар зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн Д.НАРАНГЭРЭЛ “Коронавирусийн халдвар 7-14 хоногийн дотор 400 гаруй мянган хүн оншлогдож байгаа учраас өвчний тархалт ямар хурдацтай байгаа нь харагдаж байна. Мөн сүүлийн үед бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 14 хүн бүртгэгдсэнээс хоёр хүн нь эдгэрч, тусгаарлалтад байна. Мөн өнгөрсөн шөнө буюу 24 цагийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний хариу гараагүй байна. Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Энэтхэг, Солонгос Турк улсаар дамжин эх орондоо ирсэн бөгөөд уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй, өөрийгөө 14 хоног тусгаарласан ч хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан. Мөн түүнийн ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарлаад байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь ОХУ-д сурч байгаад ирсэн оюутан бөгөөд өөрийгөө 14 хоног тусгаарлаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн бие хэвийн байгаа” гэлээ.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ “ХӨСҮТ тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэг 42, Замын-Үүд боомтод 34, тандалтын тав гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээ хийж, тандалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргасан бөгөөд өнөөдөр Токиогоос ирэх 74 хүнийг хүлээн авах бэлтгэлээ хангаад байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ