Булган аймагт гарсан ойн түймрийг хоёр өдөр ажиллаж унтраажээ

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Бууралын шивэрт” гэдэг газарт гарсан ойн түймрийг хоёр өдрийн турш ажиллаж унтраажээ.
Тодруулбал, тус аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т ойн түймэр гарсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 1-ний 14:40 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 4 автомашин, 8 мотоцикл, 4 морь, нийт 67 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 4 морьтой ажиллаж, 3-ны өдрийн 16:00 цагт ойн түймрийг унтрааж тус багийн Засаг дарга Р.Хатанбаатарт хүлээлгэн өгчээ.
Орон нутгийн 10 иргэн манаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар 42 га ойн талбай шатжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл болон бусад аймгуудад галын дуудлага хэд хэд гарсан бөгөөд өчигдөр гэхэд ахуйн галын дуудлага 12 ирсэн байна.
“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу.
Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ