Хүнсний хомсдол үүсэхгүй, бөөнөөр нөөцлөх шаардлагагүй!

Улаанбаатар хотод хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн.
Гэтэл айж сандарсан иргэд бие биеэсээ зай барихаа мартан, өөрсдийгөө улам илүү эрсдэлд оруулан байж хүнсний дэлгүүр, захуудын лангууг хоосолж, өөрт хэрэг болно гэж үзсэн бүхнээ нөөцөлж байна.
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, амны хаалт, халдваргүйжүүлэх бодис, зарим эм, хоол, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж буй иргэдийг буруутгахгүй. Гэхдээ нийтээрээ хэт туйлширч, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдтөл зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй юм. Өчигдөр гэхэд “Хүчит шонхор” зах, “Бөмбөгөр” худалдааны төв, “Имарт” зэрэг хүнсний томоохон дэлгүүр өчигдөр олны хөлд дарагдлаа. Гурил, будаа, мах зэрэг өргөн хэрэглээний хүнсний барааны лангуунуудад иргэд дараалал үүсгэж, үймээн шуугиан дэгдээв.
Хүнсний бүтээгдэхүүнийг яагаад их хэмжээгээр нөөцлөх болсныг иргэдээс лавлахад “Удахгүй “Нарантуул” болон томоохон хүнсний захуудыг хаах байх. Тиймээс мах, гурилаа амжиж нөөцлөхгүй бол болохгүй” гэсэн бол нөгөө хэсэг нь “Наймаачид өвчнийг далимдуулан бараагаа үнэд хүргэж зарахаас нь өмнө худалдан авч байна” гэв.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нь сайшаалтай ч ингэж нэг талыг барьж, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэж болохгүйг албаныхан иргэдэд анхаарууллаа. Учир нь манай улсад гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай бий тул Улсын онцгой комисс болон ЭМЯ-ын зөвлөмжийг дагаж, албан ёсны мэдээллийг тухай бүрт нь авахыг хүсье.

Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ