УОК: Тав хоногт 3500 орчим хүнд шинжилгээ хийж, тархалтыг бүрэн хянаж чадна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тав хоногийн хугацаанд халдвар авсан тухайн иргэний ойрын болон дам хавьталын 3500 орчим хүнд шинжилгээ тандалт судалгааг бүрэн хийж, хариу арга хэмжээг авч, тархалтыг бүрэн хянаж чадна хэмээн УОК тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Коронавирусын халдвар авсан иргэн, түүний гэр бүлийн гурван гишүүн халдвар авсан нь тогтоогдоод байна. Мөн тэдгээрийн ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авчээ.
Тэдний шинжилгээний хариу 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагт гарах бөгөөд дам хавьтлын хүмүүсийг судлан тогтоож, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна гэж ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоолыг гаргаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ