УОК: Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэйгээс коронавирус илэрлээ

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулан мэдээлэл хийж байна.

Мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Цагдаагийн дэд дарга Ж.Амгалан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар хүргэж байна. 

Коронавирусийн халдвар Монгол Улсад голомтлон гарсан нь батлагдсанаар улсын хэмжээнд анх удаа буюу өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19-ийн халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын тоо тав болоод байгаа юм. 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:
Өнөөдөр нийт долоон асуудал хэлэлцсэн. Маргаашаас эхлэн УОК, ЗГ, Нийслэлийн тогтоолд тусгаснаас өөр салбарт ажилладаггүй иргэд сэлгүүцэхгүй байхыг хүсч байна. Мөн хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулна, 18 цэгт тандалт хийнэ, Цэргийн Госпитал эмнэлэгт ор нэмсэн талаарх мэдээллийг албаны дарга нар хүргэнэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Тээврийн жолоочоос хойш таван тохиолдол батлагдаад байгаа. Эхнэр, хадам ээж, дүү болон дүүгийн ойрын хавьтлын хоёр хүнээс илэрсэн. Өнөөдөр Сэлэнгэ аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрлээ. 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээгээр эерэг гарсан. Тус иргэнийг ХӨСҮТ-д  эмчлэхээр авчирч байгаа. 

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
Дам хавьтагчдын ихэнх нь тогтоогдсон. Өөрсдөө хаана байгаагаа ихэнх нь хэлж байна. Тандалтын судалгаа ойрын хоёр хоногтоо дуусна. Тиймээс ойрын хугацаанд намжина хэмээн бүгд найдан, дор бүрнээ дэглэмээ сайн сахина уу.


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ