Монголчууд Оюутолгой, Тавантолгойгоос болж дайтахгүй ээ, харин...

Цэнхэр гаригийнхан бид өнгөрсөн хугацаанд дайтаж ирсэн түүхэн замналаа эргэн харахад эрх мэдэл, газар нутаг, эд баялгийн төлөө цус асгаруулан тэмцэж иржээ. Харин ирээдүйд бидэнтэй нүүр тулах томоохон дайн бол дээрхээс тэс өөр буюу усны төлөөх тулаан байх болно.

Дэлхийн усны нөөц жилээс жилд хомсдож байгааг тойм судалгааны туслалцаагүйгээр бид бэлхнээ харцгааж байгаа. Хэдхэн жилийн дараа гэхэд газрын баялаг алт, алмааз, Арабаас ундарч байгаа газрын тос, цаашилбал Оюутолгой, Тавантолгой үнэндээ усны хажууд юу ч биш болох нь ээ.

Дэлхий нийтээрээ усны хэрэгцээндээ 1993 оноос санаа зовниж эхэлсэн. Усны өдөртэй болж, түүнийг хэмнэж, гамнаж хэрэглэх нь ач тустай гэдгийг ухааруулахаар чармайж эхэллээ.

Одоогоор дэлхийн хүн амын бараг тал хувь, 90 гаруй улс цэвэр усны дутагдалд орсон тухай ДЭМБ-аас мэдээлэв. Цэвэр усны хэрэглээ жил тутам хоёроос дээш хувиар өсч байгаа нь 21 жил тутамд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ хараахан усгүй болж, хатаж үхэх дээрээ тулаагүй билээ. Тийм байдалд хүрэхгүйн тулд харин одооноос усны зөв менежмэнтийг аль ч улс оронд хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгараад буй.

Далайн ус асар баялаг ч гэсэн хүний хэрэгцээнд үл нийцнэ. Ирээдүйд хүн төрөлхтөн далайн усны давсыг шүүж хэрэглэлээ гэхэд ялгарсан давс нь нэг жилийн дотор Австрали тивийн газар нутгийг бүрхэхүйц болох юм. Мэдээж хэрэг энэ байдлаараа хэдий чинээ удаа аж дээ.

Манай дэлхий дөрвөн том далай, 250 гаруй цэнгэг уст гол мөрнөөр тэжээгдэж байгаа. Газар нутгийн байршлаасаа болоод зарим орнууд, ихэвчлэн Ойрхи Дорнодын улсууд цэвэр усны эх үүсвэр нэг нь нөгөөгөөсөө хараат байх нь олонтаа. Хөрш зэргэлдээ буюу дайтагч улсаасаа усны эх авч байгаа. Олон шалтаг тоочихоос илүүтэйгээр энэ нь ердөө л дайны шалтгаан болж мэднэ. Энэ мэт усны төлөөх дайнд шалтгаан юу эс мундах билээ.

Бид 2050 оны талаар тэнгэрт тулсан хөгжлийн тухай л төсөөлөн ярьцгаадаг. Гэтэл тухайн цаг мөчид бидний усны эрэлт хэрэгцээ өнөөдрийнхөөс 1.5 дахин нэмэгдэнэ. Тэр үед дэлхийн одоогийн хүн ам 10 тэрбум болон үржсэн байна хэмээн тооцоолсон. Энэ тухайд нэгэнтээ “Дэлхийн даац хэтрэх нь” хэмээн хошигнож байсан нь үнэндээ ортой болж байгаа юм.

Дэлхийн томоохон хотууд, хүн амын нягтаршил ихтэй газруудад усны үнэ цэнийг хатуу ойлгож эхэлжээ. Тэнд усны үнэ өртөг ч өндөр, дэлгүүрүүдэд шилтэй цэвэр ус янз бүрийн витаминтай ундаа, цайнаас илүү ханштай байдаг. Хэрэглээгээ дахин ашиглаж буй усаар л хангаж байна даа.

Одоогоос 15-20 жилийн дараа гэхэд уснаас үүдэлтэй дайн, дажин үүсэх магадлал өндөр байгааг анзаарсан НҮБ-ынхан 2010 онд Ерөнхий ассамблейн чуулганаараа “Ус уух нь хүний үндсэн эрх мөн” хэмээн баталсан явдал юм. Тиймээс юу ч тохиолдож болохоор эгзэгтэй ирээдүйд ёстой л “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байхын тулд үүнийг хүний үндсэн эрхэд багтаасан хэрэг. Гэхдээ дусал усны төлөөх өнгө мөнгөний зөрүү, хүчтэй хүчгүй хоёрын ялгаа ирээдүйд бүү хэл одоо ч гараад эхэлчихсэн билээ.

Өнөөдөр бид усаар байлдан тоглож байгаа, харин ирээдүйд ус биднээр байлдаж тоглох юм биш биз. "Цэнхэр алт"-ны төлөөх дайны чимээ улам наашилсаар байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ