Чингис ломбард, Өгөөдэй эрэгтэйчүүдийн эмнэлгээр үйлчлүүльеье

Будаач будаач гэхээр сахлаа буддагийн жишээ ойрын үед мөн ч их гарч байна даа. Монгол хэл, бичгийн мөн чанар алдагдаж ядаж байгаа энэ цаг үед зөв бичгийн дүрэмд өөрчлөлт оруулж үсэг хасах гэнэ.
Бяцхан хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном хараалаар дүүрч, сургуулийн хүүхдийн сурах бичиг алдаагаар хахаж цацаж байхад түүнээс өөр ажил тэдгээр эрдэмтдэд олддоггүй аж.
Бухимдаж ядаж байтал бас нэгэн хачирхалтай явдал саяхан боллоо. Хэнтий аймгийн төв Өндөрхааныг “Чингис хот” хэмээж орхисон нь тэр. Нэлээн дээхэн үед Сү.Батболд гэж нөхөр өөрийн зочид буудлаа эзэн богдын нэрээр нэрлэснээс хойш Чингисгүй юм байхаа болив.
Тун саяхны жишээг дурдахад хотын удирдлагууд Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээгээд олон иргэдээс үгэн жавтий хүртсэн.
{!!!right!!!}Ямар сайндаа Үүл дарга “Их Монгол улсыг Чингис хаан байгуулсан. Сүхбаатарын түүхэн үүргийг би мэднэ. Гэхдээ улсыг үндэслэгчээс дээгүүр тавих ёсгүй. Чингисээр архи нэрлэхээр яах ч үгүй байж, төв талбайгаа нэрлэхээр эсэргүүцээд байдаг. Ёстой их гайхаж байна” хэмээн гайхширсан байдаг.
Нээрээ ч улсынхаа нийслэлийн төв талбайдаа их эзнийхээ нэрийг харамлаад ч яахав хэмээн бодоод өнгөрч билээ.
Гэтэл бас болоогүй ээ, Хэнтийгээс УИХ-д сонгогдсон Д.Гарамгайбаатар, Б.Бат-Эрдэнэ болон “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, аймгийн Засаг ноён Ж.Оюунбаатар тэргүүтэй нөхдүүд санаачлан Өндөрхааныг Чингис хот хэмээн зарлачихлаа.
Чингисийн нэрийг энд тэнд нааж, элдвээр дуудуулах эрхмүүд тэднээр л дутаад байсан бололтой. Төрийн түшээд Чингисийн талаар академич түүхчдээсээ илүү мэдлэгтэйгээ дахин нэг батлаж (өмнө нь Чингисийн төрсөн өдрийг чуулганаар хэлэлцээд тогтоож орхисон) их хааны төрсөн газрыг нь нэрээр нь нэршүүлж байгаа нь энэ юм гэнэ.
Сумын төвөөс арай томхон энэ газрыг Чингисийн унасан газар, угаасан ус хэмээн жуулчид зорих вий дээ гэж санаа зовж байтал ашгүй тэнд түүхэн цогцолбор байгуулахаар болж гэнэ. Энэ төслийн удирдагчаар өнөөх Ч.Энхтайван сонгогдож ажиллаж юм байх.
Тэгээд Чингис хотыг их хааны хүрээ маягаар засаж, голд нь орд өргөөтэй байх, түүнийгээ эрдэнийн чулуугаар барих гээд их ажлыг сэдэж буй аж. Бодвол аймгийн засаг ноён ч юм уу “Чингис хотын захирагч” гэх ерөнхий сайд ч атаархам гоё гуншинтай Н.Базарханд эрхэм тэр эрдэнийн чулуун өргөөндөө залрах байлгүй.
Үгүй яахав дээ, сайнаар бодоход орон нутгийн хөгжлийг дэмжих л учиртай юм. Гэхдээ л сэтгэл зүрхэндээ дээдлэж, хөх тэнгэртэйгээ шүтэж явдаг их эзнийхээ нэрийг аливаад онооход монголчууд нэг л ёозгүй хүлээж авдгийг би мэднэ.
Их хаан маань уудам эх орныхоо өнцөг булан бүрт хараа бэлчээн Монгол хэмээн нэгэн цул болгосноос хойш алга дарам газрыг нь хүртэл Чингисийнх хэмээн үр хойчис нь амиараа аргамжсан түүх байгаа.
Уг нь их хааныхаа нэрийг хэрэглэх асуудлыг дамаа нь хуульчилж өгвөл, үгүй ядахнаа бүх ард түмний санал асуулгаар шийддэг байвал олон улсын жишигт ч ойр юм даа.
Социализмын үед дуудахаас ч айдаг байлаа шүү дээ хэмээн цээжээ дэлдсэн дуртай болгон нь их өвгөдийн өндөр дээд алдрыг хэрэглээд байвал удахгүй Чингис аптек, Өгөөдэй ломбард, Хубилай эрэгтэйчүүдийн эмнэлэг гээд явж өгвөл яана. Өөрсдийнхөө үнэ цэнэтэй бүхнийг үнэгүйдүүлж суудаг сэтгэлгээнээс хэзээ ангижрах вэ бид.
Их хааны маань алдар, түүхийн шаргал хуудастай хамт цаг нь болоогүй хийрхлээр өвчилсөн улстөрчдийн зугаа болоо юу даа. Тэд хэзээ Чингисийн иргэний үнэмлэхийг хэвлэх бол...
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ