Ираны саваагүй зан ба Израйлийн их зан

Өнгөрсөн оны 11 дүгээр сард бүтэлгүйтсэн Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Женевийн хэлэлцээр одоо ч шүдний өвчин болсон хэвээр. Исламын энэ улсыг цөмийн зэвсэгтэй болохоос үхтлээ айдаг Израйль, Саудын Араб хоёр хэлэлцээрийг чухам ямар шалтгаанаар орхисон юм бол. Иран яагаад цөмийн зэвсэгтэй болох гээд байна вэ гэдэг асуулт аанай л хариулт нэхсээр үлдэв.
Ер нь цөмийн зэвсэгтэй байх нь бусдын дээр гарч, аюулгүй байдлаа хангаж чадна гэсэн баталгаа яавч биш. Пакистан гэхэд 20 жилийн турш цөмийн зэвсэгтэй орны тоонд тооцогдсоор ирсэн ч цөмийн цэнэгт хошуугаа саахалтын зайнд ч хүргэх тээвэрлэгч пуужингүй явгарч байна. Хэрээ мэдэхгүй байж цөмийн зэвсэг эзэмшсэнээр хөрш Энэтхэгтэйгээ л дайсагнасан харилцаагаа хурцатгахаас хэтэрсэнгүй. Пакистан сайндаа л Энэтхэгт нэг юмуу хоёр удаа цохилт өгч магадгүй ч хариуд нь хүчирхэг хөршөөсөө үхлийн нударга хүртэж мэдэх юм.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай Герман болон Япон хэзээ ч цөмийн зэвсэг эзэмшихийг санаархаж байгаагүй нь учиртай. Хүчирхэг гүрнийхээ байр суурийг гадаад бодлогоороо дамжуулан огтхон ч сулруулаагүй энэ хоёр улс батлан хамгаалах бодлогодоо бардам зан гаргалгүй хэмнэсэн мөнгөөрөө эдийн засагтаа хувь нэмэр оруулж чадсан юм.
АНУ, Хятад зэрэг дэлхий дахинд болон бүс нутагтаа идэвхтэй өрсөлдөгч хэт их гүрэн л биш бол цөмийн зэвсэгтэй байх нь илүү зан. Харин ОХУ-ын хувьд цөмийн зэвсэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь оросууд 8500 гаруй цөмийн цэнэгт хошуугаа хаа ч хүргэх пуужингийн томоохон системтэй. Энэ нь Владимир Путиныг дэлхийн тавцанд дээрэнгүй авирлах үндэс болж байгаа юм. Оросын эдийн засгийн гол хөдөлгөх хүч бол байгалийн баялаг болохоос бус өөр гайхмаар зүйл юу ч байхгүй. Уг нь өөрийгөө цэргийн хүчирхэг гүрнээр дөвийлгөхийн оронд элэгдэж хоцрогдсон дэд бүтцээ тордсон бол илүү дээр байхсан. Харамсалтай нь нүдээ боолгосон алсын хараагүй эрх баригчдын хувьд энэ нь бүтэшгүй зүйл. Харин цэрэг зэвсгийн хүчээр далайлган бусад улсыг залгихыг санаархаж байна
ХОВ ХООСОН МӨРӨӨДӨЛ
Муллачууд засгийн эрхийг авснаас хойш олон улсын тавцанд муугаа үзэж буй Иран улс хий л сүр хүч үзүүлэх үүднээс цөмийн зэвсэгт санаархаж эхэлсэн нь саваагүй нохой саранд хуцахтай адил өөрийгөө улам ганцаардуулав. Яг л 1930-аад оны сүүлчээр нацист Герман дэлхий дахинд яаж гадуурхагдаж байсантай адилхан байдалд ороод байна. Гэвч Израйлийн сионист төр улс болон Сүннитийн хаант улс Саудын Арабыг газрын зурагнаас арчиж хаях түрэмгий гэхээсээ илүү нэрэлхүү зангаа тавьсангүй.
Бүс нутагтаа хүчирхэгт тооцогддог тус хоёр орны хувьд цэрэг, эдийн засаг, хүн ам, газарзүйн хувьд хэт нягтралтай учир хүчтэй цөмийн цохилтод улс үндэстнээрээ өртөх маш өндөр магадлалтай л даа. Гэхдээ бодит байдлыг авч үзвэл Иран ойрын үед л лав Израйль, Саудын Арабт цөмийн цохилт өгнө гэвэл санасны гарз.
Гэвч Израйль, Саудын Арабын стратегийн бодлого тодорхойлогчид заримдаа амаа татахад гэмгүй. Асуудалд иймэрхүү маягаар хандах юм бол ямар нэгэн гайхамшиг л заяахгүйюм бол хэзээ ч тохиролцоонд хүрэхгүй. Женевийн хэлэлцээрт гарын үсэг зурсан орнууд Ираныг одоохондоо цөмийн зэвсгээс татгалзуулах бус, уран баяжуулалтаа бууруулах олон улсын хуулийн цоорхойг нээж өгсөн ч Иран энэхүү үүлэн чөлөөний нарыг бас л ашиглаж чадсангүй.
Угтаа Иран цөмийн зэвсэгтэй болох нь цэргийн аюул занал гэхээсээ сэтгэл зүйн дайралт юм.Иранцөмийн байгууламжуудаа устгаагүй цагт бодит байдлыг илүү шүтдэг Израйль, Саудын Арабын болгоомжлолыг сулруулж чадахгүй. Тэд аюулгүй байдал нь 100 хувь хангагдсан нөхцөлд л буулт хийж таараа. Өнөөдөр Иранд хэн ч итгэдэггүй, эрх баригчидтай нь ярилцахдаа зайгаа барьж, эрсдэл дагуулахаас болгоомжилдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ