Аав ээжтэйгээ гурвуулаа буудуулсан Ламаадан хүү гэж хэн байв

Г.ЖАМЪЯН (МУСГЗ)
1940-өөд оны сүүлчээр, далдыг хардаг, их зөнч Цэрэнпунцаг буюу Ламаадан хүүгийн тухай яриа өрнөж байгаад төдхөн НАХЯ-ны зүгээс хориглон сэм дарж билээ. Тэр үед Ламаадан 13 настай хүүхэд байсан. Эцэг эх хоёр нь лавтай цаазлагдсан боловч "Ламаадан хүү буудуулсан гэнэ", нэрийг нь өөрчлөөд амьд үлдээсэн гэнэ, "Ламаадан хүү, яамныхны хатуу хяналтанд нууц байгаа" гэсэн цуу яриа дэгдсээр тэгсхийгээд намжсан. Мэргэн жаалыг цаазлагдсан гэдэгт олон түмэн итгэдэг байсан боловч нэг хэсэг нь амьд байгаа, хэзээ нэгэн цагт хүрээд ирэх байх гэж хүлээдэг байсан юм билээ. Тэр дундаа Хэнтий аймгийн Биндэр, Батноров зэрэг сумынхан Мэргэн жаал минь нэг л өдөр ороод ирнэ гэж тэсгэлгүй хүлээсээр байсан гэдэг юм. Тэгтэл"Би Ламаадан байна" гэсэнЧогсом гэдэг хүн Хэнтийд 1969 онд, мөн Банзрагч гэдэг хүн 1979 онд, Чимиддорж гэдэг хүн 1989 онд гурван удаа ирсэн байгаа юм.Тэр хүмүүс өөрсдөө ирсэн үү, хаа нэг газраас зориуд илгээдэг байв уу гэдэг нь бүдэг, бүүдгэр. Нутгийн сайн мэддэг хүмүүс ах дүүсийнх нь ярьж байгаагаар бол "Би Ламаадан байна" гээд арван жилийн давтамжтайгаар ирсэн тэр гурван хүний аль нь ч Ламаадантай төсгүй байсан гэнэ. 12-13 настайдаа баригдаад явсан Цэрэнпунцаг буюу Ламаадан нь буржгар хар үстэй, улаа бутарсанцарайтай, цагаан хүү байсан гэнэ. Ирсэн гурван хүний алинд ч Ламаадан хүүгийн дүр төрх, зан авир байсангүй аж.Иймээс ойр орчмын хүмүүс "Манай Ламаадан хүү биш" гээд буцаасан сурагтай.
Би, Ламаадан хүү хэн болох, аль нутгийн хэний хүү, ямар байдлаар амьдарч байгаад хувь заяа нь харамсалтай төгссөн талаар үнэнийг олохоор нутаг нугын ах дүү нартай нь уулзаж, Хэнтий аймгаар яваад ирлээ. Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Г.Баатарчулуун: Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын уугуул. Миний ээж Х.Цэенпил гэж хүн нутагтаа амьдарч байгаад 1994 онд таалал төгссөн. Цэрэнпунцаг буюу Ламаадан гэгч мэргэн жаал чинь манай ээжийн удам угсааны хүн. Миний ээж амьд сэрүүндээ Ламаадан хүүгийн тухай үзсэн харсан зүйлээ барин тавин ярьдаг байсан. Манай ээжийн талыг Хасынхан гэнэ. Хасын Цэенпил, Хасын Цэнд, Хасын Гомбо гэхчилэн бүгдээрээ Хас овогтой. Ээжийн ах Хасын Гомбо нь Биндэрийнхийдэд лам байсан. Хасын Цэнд нь лам ахынхаа тогоо шанагыг барьдаг байсан юм билээ. Ламаадан хүү бол Онь Гомбо гэж айлд өргөгдсөн өргөмөл хүү гэсэн. Ээжээс дөрөв тав дүү, ээжтэй нэг гэрт таван жил хамт амьдарсан тул ямар хүүхэд байсныг нь тун сайн мэддэг юм билээ. Буржгар хар үстэй, цагаан царайтай нэлээн мариалаг, хөөрхөн хүү байсан гэдэг юм. Багаасаа юмыг далдаас харчихдаг, тэр нь таарах ч бий, таарахгүй ч бий. Хүүхдийн гэнэн томоогүй зан гээд ээж бол төдийлөн хайхарч үздэггүй байсан гэдэг юм. Тэгтэл Ламааданг долоон настайбайхад хувилгаанаар тодруулж Арангатын овооны энгэрт ойр хавийн сумдаас олон хүн цугласан наадам хийсэн байгаа юм. Арангатын овоо бол тахилгатай, нутгийн олон түмэн жил болгон тахьдаг шүтээн уул л даа. Арангатын өвөр бэлд жижиг хөөрхөн толгой бий. Тэр наадмаас хойш жижиг толгойг "Хүүхдийн овоо" гэж нэрлэн бас тахьдаг, сүслэдэг болсон юм гэнэ лээ. Түүнээс гадна Өмнөдэлгэр суманд Ламаадан хүүгийн хөшөөг дөрөв таван жилийн өмнө босгосон. Нутгийн Хорлоо хөгшин, сайн санаатнуудтайгаа эвсэж хамсан энэ хөшөөг босгосон юм гэдэг. Хорлоо гуай "Миний хүү Ламаадантай тоглож өссөн юм. Хорин тавтайдаа таалал төгссөн. Тэгээд хүүгийнхээ багын анд Ламаадан мэргэний хөшөөг босгож байгаа юм" гэж хуучилсан байдаг. "Би Ламаадан байна" гэж хамгийн сүүлд ирсэн Чимиддорж гэж хүн, миний эгч Аюурзанатай уулзсан. Ээжтэй уулзалгүй явсан байна билээ гэж ярилаа.
Хэнтий аймгийн Батноров сумын уугуул өндөр настан Ч.Дашдаваа гуайтай уулзаж ярилцлаа. Дашдаваа гуайн нөхөр Жагдаг гуайгаас Ламаадан мэргэн гурав, дөрөв ах байсан гэнэ. Айл аймаг явсан, хүүхдүүд багадаа их тоглодог ойр дотно байсан тухай Жагдаг гуай хуучилдаг гэнэ. Дашдаваа гуай: Нэг өдөр Ламаадан, Жагдаг хоёр гадаа тоглож байсан юм билээ. Гэтэл гэнэтхэн Ламаадан Жагдагийг гэртээ ор гээд, орохгүй болохоор чирч оруулаад хаалгыг гаднаас нь түгжээд, өөрөө гэртээ ум хумгүй орсон гэнэ. Гэтэл, хэсэг хугацааны дарааа эдний хотонд галзуу чоно ирж түйвээгээд хүүхдүүд эсэн мэнд өнгөрсөн байгаа юм. Жагдаг одоо болтол "Ламаадангийн ачаар амь аврагдсан" гэж ярьдаг гэлээ.
Ч.Дашдаваа гуай цааш нь:Ламаадангийн ах Амгабазар гэж хүн цэрэгт явсан байгаа юм. Нэг өдөр Ламаадан гадаа тоглож байснаа гэнэт орж ирээд гэрт байсан хүмүүст: Муу ах минь хатаж үхлээ" гээд ус авч гаран зүүн урагшаа, өөрөөр хэлбэл Амгабазар ахынхаа явсан зүг рүү цацаад байсан юм билээ. Сүүлд Амгабазар ах нь цэргээс халагдаж ирээд яг тэр үед ус ундаагүй газар ангаж цангаж үхэх дөхсөнөө ярьсан гэдэг. Тэгж явтал нь гэнэт чийгтэй газар таараад нүцгэн цээжээрээ даран хэвтэж, цангаагаа тайлснаа "муу дүүгийн минь явуулсан ус л миний амийг аварсан байх" гэж ярьдаг байсан. Нэгзун Онь Гомбо гуайнд хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй нэг залуу хүн байгаад байдаг болсон. Бодвол албаны хүн л Онь Гомбо гуайтай танилцаад, тэднийхээр орж гардаг байсан байх гэж нутгийнхан ярьдаг байж. Өндөр сайхан залуу тэр хавьд нэлээн учир битүүлэг байгаад зун буцахдаа Гомбо гуайд: Хүүгий чинь намар сургуульд оруулна" гээд явсан юм билээ. Манай хадам ээж бол дотроо айж л байсан гэдэг юм. Намар сургууль цуглах үеэр нэг өдөр Онь Гомбо гуай Ламаадан хүү хоёртой замд таарчихаж. Онь Гомбо гуай хүүгээ сургуульд суулгана гэж аймаг руу аваад явж байгаа нь тэрсэнж. Хүүгээ тэргэн дээр суулгачихсан, аав нь хөтлөөд явж байсан гэдэг юм. Ламаадангийн өнөө хөөрхөн буржгар үсийг нь хусчихсан, мөлчийсөн толгойтой цагаан бандийг сүүлчийн удаа харсан гэж ээж минь ярьдаг байлаа. Ээж "Эрдэм сайн сураарай" гээд толгой дээр нь үнсэхэд тэрэг хөдөлсөн гэдэг юм. Ламаадан, аав хоёрыг аймгаар дайруулаад хот руу аваад явчихсан юм билээ.Нөхөр, хүү хоёроо хүлээж цөхөөд сураг гарахгүй болохоор Ламаадангийн ээж хойноос нь хот орж ирээд нутгийн айл сураглаж явсаар Гандангийн дэнжид таньдаг айлдаа очсон чинь Онь Гомбо гуай хүүтэйгээ тэднийд байж байна гэнэ. Гурвуулаа тэр айлд байтал нэг өдөр Онь Гомбо гуай хүүтэйгээ гадагшаа гараад буцаж ирсэнгүй. Хэд хоногийн дараа Ламаадангийн ээж ч учир битүүлэг алга болсон юмбилээ гэж Ч.Дашдаваа гуай хуучилсан юм.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул А.Аюурзана: Мэргэн хүү хэмээн олноо нэрлэгдсэн Цэрэнпунцаг буюу Ламаадан нь манай аавын төрсөн дүү юм. Намайг жаахан байхад л Ламаадан хүү аав, ээжтэйгээ гурвуул цаазлагдсан гэнэ. Хамаагүй ярьж хэлцэж болохгүй шүү гэдэг байлаа. Буудуулах үедээ Ламаадан маань арван хоёр, гуравтай л байсан байх. Ламаадангийн дүү ч удалгүй нас барсан. Ингээд Онь Гомбо гэж айл зүйл дууссан л даа. Ламаадангийн аав ээж хоёр бол цаазлагдсан юм билээ. Тэр тухай албан ёсны бичиг баримт нь аавд байдаг байсан. Харин Ламааданг үхсэн, үхээгүй гэж манай үүгээр их шуугисан даа. "Би Ламаадан байна" гэсэн хүмүүс ч ирдэг л байсан. Нэг л, үнэмшил итгэл муутай. Аавыг амьд байхад "Би Ламаадан байна" гээд Чимиддорж гэж хүн ирсэн. Аав эргэлзэж л байх шиг байсан гэж ярилаа.
Ийнхүү мэргэн хүү Цэрэнпунцаг буюу Ламаадангийнхолын хамаатан удам угсааны хүмүүс Хэнтий аймагт байна аа. Харамсалтай нь, чухам юуны учир тэр айлорвонгоор устгагдсан нь өнөө хүртэл учир битүүлэг байгаа юм. Гарцаагүй үнэн нь бол тухайн үеийн нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, түүний удирдлагад байсан цөөн хэдэн хүний гараар үйлдэгдсэн нь яалтгүй үнэн. Чухам яагаад Ламааданг аав, ээжтэй нь устгах болсон бэ? гэдэгт л нарийн учир нь байгаа юм. Аливаа нууцалсан зүйл бүхэн хардлага, таамаг дагуулдаг болохоор нутаг усныхан нь ч гэсэн янз бүрийн бодолтой л байдаг байна.
1930-1940-өөд оны их хэлмэгдүүлэлтийн бараан сүүдэр арилаагүй, ард түмний шүтэнбишрэх эрх хаалттай байсан үед Ламаадан гэгч "хувилгаан" тодорч Хэнтий аймгийнхны сэтгэл санаанд гүн гүнзгий нөлөөлөөд байхаар хүүг яаралтай устгах хэрэг гарсанболуу. Тэгээд амьд гэрч үлдээхгүй гэдэг, тагнуулын байгууллагын хатуу хуулиар аав, ээж хоёрыг нь бас хороосон байх талтай гэсэн бодол, настайчуудад байдаг юм байна.
Өөр бас нэг сэжиг таамаг байдаг байна. Үнэхээр далдыг мэддэг онцгой билэг авьяастай хүү учраас нийгмийг аюулаас хамгаалахынхан хэл үг болгохгүй хэмээн аав ээж хоёрыг нь устгаад, Ламаадан хүүг чанд нарийн харуул хамгаалалтан доор үзүүлж харуулдаг, нууцыг тайлуулдаг байсан бол уу гэсэн таамаг ч бий.
Энд хамгийн анхаарал татаж байгаа нэг зүйл бол Чогсом, Банзрагч,Чимиддорж гэсэн хүмүүс Хэнтий аймагт "Би Ламаадан байна" гэж очсон явдал. Энэ хүмүүс Ламаадан хүүгийн дүрээр шүтэн бишрэгдэх гэсэн санаа байж болох юм. Өнөөдөр хүмүүс янз бүрээр амьдрах гэж зүтгэх болсны нэг хэлбэр нь нутаг усны нэр цуутай хүмүүсийн хойт дүр, өөрөө, ах дүү нь болж жүжиглэх явдал элбэгшсэнтэй холбоотой юм болов уу гэж хүмүүс ярьж байна билээ. Гол анхаарал татаж байгаа зүйл нь 1969,1979, 1989 онд дээрх гурван хүн арван жилийндавтамжтайгаар очсон нь сонинбайгаа юм. Цаанаас нь нэгэн хүчин зүйл зохион байгуулалттай явуулаад ч байгаа юм шиг. Их сонин байгаа биз?!
Мөн, хүний төрөлхийн буржгар үсийг яаж ч аргалаад өөрчилж болдоггүй. Гэтэл "Би Ламаадан байна" гэж очсон гурван хүний хэн нь ч буржгар үсгүй. Харин ч зарим нь халзан толгойтой хүн байсан гэнэ. Ийнхүү, мэргэн хүү Г.Ламааданы нутгаар яваад ирлээ. Хан-Хэнтий нутгийнхан аймаг байгуулагдсаныхаа 90 жилийн ойг зун тэмдэглэхээр, ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байна даа.
DNN.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ