Хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан мэдээлэл хийв

Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар гадаад, дотоодын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч, сэтгүүлчдэд зориулан хамтарсан мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ:
“Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер миний урилгыг хүлээн авч, гэргий Анита Херцегийн хамт манай оронд 2015 оны 4 дүгээр сарын энэ өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.
Унгар Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь 21 жилийн дараа хэрэгжиж буй Унгарын төрийн тэргүүний айлчлал бөгөөд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил хэрэгжиж буйгаараа онцлог юм.
Би өнгөрсөн 2014 оны 10 дугаар сард Унгар Улсад айлчлал хийсэн. Энэ айлчлалын үеэр ярилцаж тохирсон зүйлүүд, Эрхэмсэг Ерөнхийлөгчтэй тохиролцсон зүйлүүд үргэлжлэн амжилтай хэрэгжиж байгаад туйлын баяртай байна. Унгар Улстай бидэндхамтын ажиллагааны уламжлалт салбарууд байдаг. Хөдөө аж ахуйн чиглэлд Унгартай хамтарч байгуулж байсан Биокомбинат байдгийг та бүхэн мэднэ. Энэ Биокомбинатыг цогцоор нь шинэчлэх ажлыг Унгар Улс, Монгол Улс хамтарч хийхээр болж байна. Энэ бол сайхан мэдээ. Ингэж чадах юм бол Унгар Улстай Монгол Улс чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Азийн болон Европын зах зээлд хамтарч гарах боломж бүрдэх юм.
Байгаль орчин, ялангуяа усны болон мод тариалах салбарт хамтарч ажиллах өргөн боломж байна. Мөн боловсролын салбарт хамтарч ажиллах сайхан бололцоо гарч ирж байна. Өмнө нь бид энэ салбарт хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр сургах оюутны тоог олон дахин нэмэгдүүлэх боломж нээгдлээ. Өмнө нь жилд 15 оюутан сургаж байсныг одоо 100 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь маш сайхан мэдээ юм.
Унгарт өндөр технологийн салбарт гарч байгаа олон амжилт байдаг. Үүнийг хамтарч хэрэгжүүлэх талаар мөн сая Ерөнхийлөгчтэй ярилцлаа.
Эрхэмсэг Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нартай уулзаж, харилцааны тодорхой асуудлуудаар ярилцах болно.
Ингээд Эрхэмсэг Ерөнхийлөгч Янош Адер болон гэргий Анита Херцег, албаны бусад хүмүүсийг манай улсад амжилттай сайхан айлчлахын өлзийтэй сайхан ерөөл дэвшүүлье. Баярлалаа” гэв.
Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер хийсэн мэдээлэлдээ:
“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Бидэнд хандаж сайн сайхныг ерөөж, амжилт хүссэнд талархал илэрхийлье. Энэ айлчлал маш чухал айлчлал юм.
Яагаад гэвэл бид энд ирээд Монгол Улстай ямар салбарт хамтран ажиллах, Монголын талаар юу мэдэх шаардлагатай болохыг газар дээр нь мэдэж авлаа. Монголд болсон 1990 оны улс төр, нийгмийн системийн өөрчлөлтийн дараа Монгол Улсад ямар өөрчлөлт гарсныг манайд цөөхөн хүн мэдэж байгаа.
Монголд иргэдийн аж амьдралын түвшин дээшилж, эдийн засаг хурдацтай нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд бидний ойлгож байгаагаар Монголын ДНБ-ний өсөлт 8-17 хувьтай байна. Нөгөө талаар алт, зэс, нүүрс гэх мэт ашигт малтмалын их нөөцтэй улс. Энэ нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүсийн анхаарлыгих татаж байна. Монгол Улс ашигт малтмалаар баян орон боловч усны талаар дутагдалтай хэвээр байна. Усаар аж үйлдвэрийн салбарын хэрэгцээг хангахаас гадна хүн амын хэрэгцээг хангах шаардлага мөн тулгарч байна. Экспортын 80 орчим хувийг гаргаж байгаа уул уурхайн салбарыг бас усаар хангах асуудал гарч байна.Хөдөө аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхэд ч ус хэрэгтэй.
Унгарын усны мэргэжилтнүүд 1950-иад оноос эхлэн Монголд ирж ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч бидэнд дурдахдаа монголчууд Унгарын усны мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байдаг гэж хэлсэн. Монгол Улсын хувьд усанд хэмжээний хувьд ч, чанарын хувьд ч өндөр шаардлага тавьж байна. Урьд өмнөх туршлагадаа үндэслэн усны аж ахуйн салбарт цаашид ямар хэлбэрээр, яаж хамтран ажиллах талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцлаа. Усны аж ахуйн салбарт бүхий л чиглэлээр хамтран ажиллах бүрэн бололцоотой.Усны даацыг хамгаалах, хэрэгцээ хангасан чанартай ундны ус гаргах, газар доогуурх усны сувгийн системийг шинэчлэх зэргээр хамтран ажиллах бололцоотой.
Хамтран ажиллах өөр нэг салбар бол хөдөө аж ахуйн салбар юм. Унгарын туслалцаатайгаар урьд нь баригдсан Сонгинын Био үйлдвэрийн иж бүрэн шинэчлэлтийн ажлыг ойрын жилүүдэд хийх бүрэн боломжтой. Үүнд зориулж Унгарын тал хөнгөлөлттэй зээл, санхүүгийн эх үүсвэрийг бий болгож байна. Био үйлдвэрийг шинэчилснээр мал аж ахуйд дутагдаж байгаа бэлдмэл, вакцинуудыг үйлдвэрлэх бүрэн бололцоотой болно.
Энэ нь Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад тус болох юм.Мал аж ахуйн селекцийн чиглэлээр ч хамтран ажиллах нь зүйтэй. Хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, Европын холбооны стандартыг нутагшуулах, олон улсын хэмжээний стандартыг бий болгох бүрэн бололцоотой. Бид бас нар, салхины эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний салбарыг орчин үеийн болгох талаар хамтран ажиллах боломжтой.
Бид бас хоёр зүйлийн талаар ярилцлаа. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн өнөөдрийн уулзалтаар Монголоос Унгарт сургах оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Жилд Засгийн газрын тэтгэлгээр 15 оюутан хүлээж авдаг байсан, одоогоос эхлэн жилд100 оюутан хүлээж авч суралцуулахаар боллоо. Унгарын аль их сургуульд, ямар мэргэжлээр сургахыг Монголын тал өөрсдөө шийднэ. Өмнө нь ч бид энэ тал дээр хамтран ажиллаж ирсэн. Одоог хүртэл барагцаалбал 400-500 монгол оюутан манай их, дээд сургуулийг төгссөн.
Хоёрдугаарт, Энэ оны5 дугаар сард Унгар Улс Монголд ЭСЯ-аа дахин нээхээр болж байна.Энэ нь цаг үеэ олсон шийдвэр болсон. 2006 онд Унгар улс Элчин сайдын яамаа хаасан нь буруу алхам байсан гэж бодож байна. Шинэ Элчин сайд ирээд өнөөдөр ярилцсан хөдөө аж ахуй, ус, боловсролын салбарын асуудлуудыг амьдралд хэрэгжүүлэхталаар идэвхтэй ажиллах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ