Унгарын Ерөнхийлөгч нутаг буцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч ноён Янош Адер, гэргий Анита Херцегийн хамтаар манай улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас тусгай үүрийн нислэгээр нутаг буцлаа.
Энэхүү айлчлал нь Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Боловсон хүчний яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурсан.
Ингэснээр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жилд 15 оюутан сургаж байсныг одоо 100 болгож нэмэгдүүлэхээр олж буй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ боломж, бололцоо болон олон улсын тулгамдсан асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад салбарын харилцааг хөгжүүлэх талаар ярилцаж, энэ нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэв.
Түүнчлэн Унгар Улсаас Монгол Улсад Элчин сайдын яамаа сэргээн нээхээр ярилцав.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ