Тавантолгойн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлторуулахтай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Би энэ төслийг дэмжихгүй байгаа. МАН, АН хоёр хамтрахдаа гадаадын өрийн хэмжээг нэмэхгүй гэсэн. Тэр үед гадаад өр ДНБ-ий 46 хувьтай байсан. Дараагаар нь Засгийн газар байгуулагдахад өр ДНБ-ий 53 хувьд хүрсэн. Ингээд энэ жил гадаад өрийг ДНБ-ий 58.3 хувьд байхаар баталсан. Өөр өөрсдийгөө гурилдан хуурч болохгүй. Орлогоороо зээлээ нөхнө гэдэг шиг худлаа зүйл байхгүй” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Сангийн сайдын хэлсэнтэй санал нэг байгаа. Манай эдийн засгийн заавал тэтгэх ёстой эрчим, хүч төмөр замыг уул уурхайн салбартаа оруулъя гэж бодож байна. Хөрөнгө оруулалтаар л бид юм хийнэ. Өр, зээлээр л улс хөгжинө. Өрийн хязгаар дотор яаж жаажигнаад ч нэмэргүй. Өрийн хязгаараа нэмье. Ирээдүйдээ хөгжлөө яаж хангах вэ гэсэн нэг бодлого. Харин авсан зээлээ төлж чадах зүйлийг, хяналтыг хамгийн чанга тавих ёстой” гэв. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал асууснаар 35 гишүүний дэмжлэгтэйгээр анхны хэлэлцүүлэгт буюу Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.

Ингээд УИХ-ын чуулган түр завсарлаж байгаа бол яг одоо Монгол Улсын сайд М.Энхсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар Тавантолгойн төслийг УИХ-ын даргад өргөн барих гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Өчигдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, тодорхой зөвшилцөл ойлголцолд хүрээд байгаа. Уг ойлголцлын дагуу УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлосон нь энэ аж.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ