Тавантолгой энэ долоо хоногт шийдэгдэж магадгүй

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтөнгөрсөн пүрэв гаригт Тавантолгойн хөрөнгө оруулалтын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Урд орой нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нар уулзаж Тавантолгойн асуудлаар ойлголцолд хүрсэн хэмээх мэдээлэл энэ үеэр цацагдаж эхэлсэн юм.

Үнэхээр ч ямар нэгэн асуудалгүйгээр УИХ-ын дарга Тавантолгойн гэрээний асуудлыг хүлээн авсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч улстөрчид зүгээр суусангүй, Тавантолгойн төсөлтэй холбоотой асуудлуудаар дээр доргүй зөвшилцсөн гэх. Тэгвэл үүний дагуу өнөөдөр болох намын бүлгүүдийн хуралдаанаар уг төслийн талаар хэлэлцэхээр болжээ.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд болох бол МАН-ын бүлгийн хуралдаан “Б” танхимд,“МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус болох юм.

Хаврын чуулган эхэлсэн цагаас хойш анхаарлын төвд байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг ийнхүү бүлгүүд хуралдаанаараа хэлэлцэж, цаашид баримтлах байр сууриа нэгтгэн, ирэх өдрүүдэд байнгын хороодоор хэлэлцэх бололтой.

Ардчилсан намын бүлгийн хувьд Тавантолгойн асуудалд намын даргынхаа байр суурийг баримтлагсад байхад бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тэргүүтэй эерэг байр суурьтай гишүүд ч байгаа. Харин МАН-ын бүлгийн хувьд намын дарга М.Энхболд тэргүүтнүүд Тавантолгойн гэрээний төслийг муу болсон гэдэг талд зогсож байгаа.

Өнөөдрийн хувьд намын бүлгүүд ийнхүү Тавантолгойн асуудлаар хуралдсаны дараа буюу ирэх лхагва гаригт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэх юм. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдсэнээр Тавантолгойн гэрээний төслийн асуудал энэ долоо хоногтоо шийдэгдэж магадгүй хэмээх хүлээлт үүсээд байна.

Б.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ