Л.Эрдэнэчимэг ахлагчтай баг Тавантолгойг шийднэ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн сүр жавхлантайгаар телевизийн дэлгэцээр ард түмэндээ хандан мэдэгдсэнээр Оюутолгой, Тавантолгой гацаанаас гарч олон улсад албан ёсоор зарлах боллоо, сайхан цаг ирлээ хэмээн ард биднийгээ баярлуулсанаас хойш багагүй хугацаа өнгөрөөд байна.

Олон улсад зарлах нь бүү хэл гэрээнд үзэглэхээр Улаанбаатарт ирсэн хөрөнгө оруулагчид монголын улстөрчдийн хэлсэндээ байдаггүйг гайхсаар тус тусын улсдаа буцсан. УИХ-ын чуулганаар орохгүй, оруулна гэж хэсэг талцсаны эцэст оруулахаар болсон ч харганын ноосны үлгэр үргэлжилсээр л байна.

Тэгвэл өчигдөр УИХ-аас “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтжээ.

Тус ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах бөгөөд “Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх”, “Гэрээ нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх”, “Эрдэнэс Таван толгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх” зэрэг 14 зүйл заалтад дүгнэлт гаргах учиртай.

Товчоор хэлбэл уг ажлын хэсэг Тавантолгойн асуудлыг эцэслэн шийднэ. Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ дахь АН-ын бүлэг гаргасан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд уг саналыг оруулсан юм. Ингэснээр байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан түр хэлэлцэхээ түр хойшлуулаад байгаа юм.

Ажлын хэсэгт багтсан гишүүдийг "ажиглавал" М.Энхсайхан сайдын боловсруулсан Тавантолгойн гэрээг намнах үүрэг авсан нөхөд гэмээр хэмээн хэвлэлүүд бичиж эхлээд байна. Мэдээж хэрэг аливаа гэрээний эсрэг байдаг С.Ганбаатар гишүүн, хэдхэн хоногийн өмнөөс Тавантолгойгоор дуугарч эхэлсэн Л.Эрдэнэчимэг, за тэгээд араас нь О.Баасанхүү, "Хурд"-ын Д.Чойжилсүрэн, Б.Наранхүү, Д.Сумьяабазар зэрэг сайчуулыг ямар санаагаар энэ ажлын хэсэгт оруулаа вэ л гэлтэй. Хэрхэхийг харж л байя.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ