Ч.Сайханбилэг: Бид татварыг нэмэхгүй байх бодлого баримталж байна

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаар нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсэн юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон улсын санхүүгийн корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үзүүлэлтээр Монгол Улсын татварын орчин дэлхийн 84 дэх таатай улс гэж үнэлэгдэж, татварын дундаж хувь хэмжээ 24.4 хувь байгаа нь дэлхийд 28 дахь бага татвартай улс болсон байна.

Монгол Улсын эдийн засгийн орчин хурдацтай хөгжиж, олон улсын эдийн засгийн харилцаанд улам бүр татагдан орж, үндэстэн дамнасан корпорациуд бий болж, дэлхийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүд эрчимтэй хэрэгжиж буй энэ үед нийгэм, эдийн засгийн шинэ нөхцөл байдлыг зохицуулах, тэдгээрийн шинж чанартай уялдуулан татварын орчныг цаг алдалгүй боловсронгуй болгох зорилгоор татварын хууль тогтоомжийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон гэж үзэж байна.

Засгийн газрын тэргүүний хувьд өнөөгийн татварын бага хувь хэмжээг цаашид нэмэхгүй, тогтвортой байлгах бодлого баримтлана. Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна хэмээн хэлсэн.

Татварын шинэчлэл хийх хамгийн гол зорилт нь татварын хууль тэгш, шударга хэрэгждэг болгох явдал гэж Ерөнхий сайд хэлээд тогтмол орлоготой боловч аж ахуйн нэгжээр бүртгэгдээгүй түргэн хоолны газрын эзэн жилд 300 мянган төгрөгний татвар төлж байхад өдрийн 25 мянган төгрөгийн орлоготой ажилчин жилд 720.000 төгрөгийн татвар төлж байгаа нь өнөөгийн татварын тогтлолцоог өөрчилж илүү шударга байдлыг хангах шаардлагатайг харуулж байна гэсэн юм.

Тэрбээр, Бид татварын орчныг бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглүүлж өөрчилнө. Олон улсын санхүүгийн байгууллагын хийсэн судалгаагаар хөгжиж буй орнуудад жижиг, дунд үйлдвэрлэл нийт ажлын байрны 45 хувь, ДНБ-ий 33 хувийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд жижиг, дунд үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлдэг юм. Иймд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор боловсруулсан НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, сайн дураар бүртгүүлэх босгыг 10 сая төгрөгөөр тогтоох тухай хуулийн төслийг Улсын Их Хурал удахгүй хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлого бүхий жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн тухайн жилд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг тодорхой хугацаанд буцаан олгох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан гэлээ. Засгийн газар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ажлын байр бий болгох, ирээдүйд хөгжүүлэх шаардлагатай байгаа тодорхой салбаруудад чиглүүлэхтэй нийцүүлж дэмжсэн бодлого баримтлах болно хэмээгээд цаашид Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүрэг, амлалтад нийцүүлэн импортын зарим бараанд тарифын зохицуулалт хийх замаар дотооддоо хэрэглээгээ бүрэн хангах боломжтой, нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлнэ гэж мэдээлэлдээ дурдсан юм.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын эдийн засаг тураалд орсон үнээ мэт болоод байна гээд нэгэнт сүү гарахгүй болсон үнээний дэлэнг шувтарч суухаар үнээгээ тэжээж тордох хэрэгтэй. Эдийн засгаа өөд нь татахын тулд татвар төлөгчиддөө ч ажиллах бололцоог олгох нь зүйтэй гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, манай улс татварын ачааллаараа бусад улсуудтай харьцуулахад ямар хэмжээнд яваа вэ гэж тодруулсан. Ерөнхий сайдын хариулснаар, татварын тогтвортой бодлогын үр дүнд эдийн засгийн хэмжээ нэмэгдэх тутам татварын ачаалал тогтмол буурч байгаа бөгөөд Монгол Улсын татварын ачаалал шилжилтийн эдийн засаг бүхий бусад улсуудын дундаж түвшинтэй ойролцоо байгаа ажээ. Цаашид татварын ачааллыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтална гэж тэрбээр хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, татварын хуулиудын төслүүд УИХ дээр ирээд гацчихлаа. Энэ нь тодорхой бус байдал үүсгэн, хүлээлт бий болгоод байна. Зарим татвар төлөгчид татварын өршөөлийн хууль гарчихвал гээд, зарим нь татварын хувь хэмжээг бууруулж магадгүй гээд татвараа төлөхгүй суугаад байна. Үүнээс болоод татварын орлого бүрдэхгүй төсөв тасраад байгаа. Татвар нэмэх үү, эсвэл бууруулах уу. Энэ байдалд Ерөнхий сайд тодорхой хариулт өгөөч гэж хэлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад буй Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Татвар төлөгчдийн тайлагнасан, эсхүл хяналт шалгалтаар илэрсэн боловч одоог хүртэл татварын өрөө төлөөгүй бол өршөөхгүй. Хуулийн төсөл өргөн баригдсан сургаар, зарим нэг хүний хариуцлагагүй мэдэгдлээр төлөх ёстой татварыг өршөөнө гэж хоосон хүлээлт үүсгэж татвараа төлөхөөс цааргалах нь Үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ зөрчиж байгаа төдийгүй улс орны эдийн засгийг хойш нь чангааж буй хэрэг гэдгийг ухамсарлах шаардлагатай байна хэмээсэн.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Том аж ахуйн нэгжүүд нь татвараа төлдөггүй гэдэг. Тийм атлаа иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдийг татвараа төл гээд шахаад байдаг гэсэн яриа байдаг. Ингэхэд татвараа төлөөгүй том аж ахуйн нэгж хэд байгаа вэ, хэдий хэмжээний татварын үлдэгдэлтэй байгаа вэ гэж асуусан.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Том татвар төлөгчид буюу 1.5 тэрбумаас дээш орлоготой 900 аж ахуйн нэгж байдаг. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар төсвийн орлогын 87 хувийг бүрдүүлдэг. 50 саяас 1.5 тэрбум хүртэл төгрөгийн орлоготой 4000 аж ахуйн нэгж бий. Тэдгээр аж ахуйн нэгжүүд төсвийн орлогын 11.4 хувийг бүрдүүлж байгаа. Үндсэндээ 5000 хүрэхгүй аж ахуйн нэгж төсвийн орлогын 98.4 хувийг бүрдүүлж байгаа гэсэн хариултыг өгсөн юм. Гишүүд ийнхүү асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр Ерөнхий сайдын мэдээллийг сонсох асуудал дуус

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ