Ард түмэн та нараас залхаж байна

Ардчилсан нам засаг барих чадваргүй, нэг үгээр хэлбэл аманд орсон шар тосоо түлхээд гаргачихдаг гэдгээ баталж байна. Шар тос гэдэг нь төрийн гурван өндөрлөгийг атгаж байгаа хэр нь хийсэн бүтээснээрээ Ардын намыг дараагийн сонгуульд шал арчиж хаях боломжийг хэлж буй хэрэг. Харамсалтай нь Ардчилсан нам тийм боломжоо өөрсдийнхөө гараар баллуурдан хаяж өрсөлдөгчдөдөө зориулан ухсан нүхэндээ өөрөө яваад орчихлоо.
Учир юун гэвээс Ч.Сайханбилэгийн засгийн газрыг огцруулах тухай шуум төрийн ордноор хэзээний тархаад амжиж. МАН-ын баасыг арчих гэж зүдэрсээр байгаал унасан Н.Алтанхуягийн засгийн газрын тарьсан бодлогогүй алхмуудаас болж сүйрсэн эдийн засгаа аврахаар "Эдийн засаг, эдийн засаг бас дахин эдийн засаг" гэж гарч ирсэн Шийдлийн засгийн газар энэ удаа олигтой ажил амжуулаагүй хэрнээ зарим нэгэн улстөрчийн нүдэнд огцрох дээрээ тулсан нь харамсалтай.
Төрийн албан хаагчдыг хоморголон халсан тухай шуугиан дэгдээд удаагүй, зарим нэг яамных нь Төрийн нарийн хүртэл ажлаа авч амжаагүй Засгийн газар дахин огцорч дахин Ардчилсан намын хэн нэгэн засаг барьж сайд нар томилж тоглоно гэхээр дотор муухайрам. Халагдсан төрийн албан хаагчдад татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг олгох болсноо юман чинээнд санахгүй хэрнээ дараагийн хуйгаар нь солих томилгоог санаачлан хор найруулагчдаар энэ төр дүүрээ юу дээ гэмээр.
Тэгвэл засаг солих өвчин энэ удаа дахиад л Ардчилсан намын дотоодоос үүсэлтэй гэнэ. Ер нь засгийн эрх барьсан цагаасаа л хоорондоо талцаж, хэрэлдэх болсон Ардчилсан намынхны дотоод маргаан хэнд ашигтай вэ, Ардын намынханд л ашигтай гэдэг маш энгийн томьёог тэд ойлгодоггүй бололтой.
Өнөөдөртөө МАН Ч.Сайханбилэгийн засагт хамтрагчид боловч, маргаашийн хувьд өрсөлдөгчид.Хоёр Энхболдын хослон тоглолт хол явахгүй нь тодорхой. Хувь улстөрчдийн шунал, том компаниудын лоббиноос болоод АН-ынхан өдөр ирэх бүр өөр хоорондоо эвдрэлцэж өс зангидаж байна.
Тэдний хэрүүл Монголд засаглалын хямрал авчраад зогсохгүй, бүхэл бүтэн улсыг эдийн засгийн хямралд оруулж дууслаа. Ард түмэн Ардчилсан намын хэрүүл тэмцлээс үнэндээ залхаж байна.
2012 онд долоон хувийн өсөлттэй, 4408 тэрбумын хөрөнгө оруулалттай эдийн засгийг Ардын намаас авч байсан Ардчилсан намынхны засаглалын гурав дахь жилдгадаадын хөрөнгө оруулалт 74 сая долларын хасахтай гарч, эдийн засгийн өсөлт дөнгөн данган гуравхан хувьд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог Азийн хөгжлийн банкныхан гаргасан.
Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналтын цикл Ардчилсан намынэрх барих үетэй давхацсан чөөр олон боломжуудаа ашиглаж чадсангүй гэж хэлбэл бодит үнэнээс хол зөрөхгүй байх. Хэрвээ Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюутолгойн асуудлыг эв зүйгээр шийдэж, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиа баталчихсан бол Ардчилсан нам 2016 оныхоо ялалтыг аль хэдийн халаасалчихсан гэж хэлж болох байв.
Өнгөрсөн болгоноо өнөөдөр баллуурдаж байгаа Ардчилсан намынхны хоорондын их тэмцэл, эрх мэдлийн төлөөх зодоон Ардын намынхныгл хамгийн ихээр баярлуулж байгааг дахин, дахин сануулахад илүүдэхгүй биз. Ер нь цаана чинь МАН, МАХН нэгдэж сонгуульд орох тухай яриагаа улам гүнзгийрүүлсээр байгааг дашрамд сануулъя. Хуваагдсан коммунистууд эргэн нэгдвэл "Сант Марал"-ын дүнгээс харахад МАН-ын 38.9 хувийн рейтинг дээр МАХН-ын 18.9 хувийг нэмбэл 57.8 санал зулгаах магадлалтайг рейтингээ жилийн дотор тэн хагасыг нь алдаж 33 хувьтай ардчилагчид ойлгох болов уу.
Х.Цахилгаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ