МАН засгаас гарч чадах уу

Ардчилсан намын доторх зодоон гаднаа ч ил болж, Засгийн газар эдийн засгаа хөдөлгөх гэж ядаж, улс орны амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байхад МАН дахиад л бойкотлох сураг дуулдаж эхэллээ. Ядаж байхад МАН бойкот гэдэг ажилдаа тун чиг туршлагатай.
Засгийн газарт ороогүй бол орно гэж гацаана, огцруулна, унагана. Орсон хойноо ч тааламжгүй байна гарна, гацаана гэж айлгана.
Ч.Сайханбилэгийн кабинетэд эвсэж ороод хагас жилийн нүүр ч үзээгүй хэрнээ, олигтой ажил хийж амжуулаагүй мөртөө МАН Засгаас гарна гэж айлгах нь үнэндээ цагаа олоогүй хэрэг.
Уржигдрын Тусгаар тогтнолын ордонд болсон хуралдаанд энэ тухай яригдсан тухай тус намын удирдлагууд хэвлэлээр баталжээ. Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр зэрэг МАН-ын залуу гишүүд энэ саналыг гаргаж М.Энхболд, С.Бямбацогт зэрэг арай тулхтай дарга нар нь галыг намжаасан гэнэ.
"АН-тай засагт хамтрахдаа олон асуудал дээр гэрээ байгуулж, тохиролцсон. Гэтэл АН гэрээнд тусгагдсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байх байдал гарч болзошгүй юм байна. Цаашдаа ийм байдалтай байвал эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө юу болох вэ гэдэг асуудал бүлэг дээр яригдсан. Үнэхээр түншлээд явах түнш мөн үү биш үү, дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөөд байх вий гэсэн зүйл яригдсан. Гэхдээ асуудалд албан ёсоор шийдвэр гаргаагүй. Зарим гишүүдээс ийм санал гарч байсан" хэмээн МАН-ын парламент дахь бүлгийн дарга С.Бямбацогт энэ тухай ярьжээ.
Тэгвэл сар гаруйн өмнө МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нэгэн ярилцлагадаа "Хүнд хэцүү үед нь улсынхаа эдийг засгийг газарт унаж дэлбэрэхийг нь хараад суух эрх бидэнд байгаагүй. Ачааны хүндээс үүрэлцье л гэсэн. Нэгэнт хамтрагч маань ганцаараа ачаа даахгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрч, хадгаа бариад ирж байхад унаж яваа онгоцны хошууг буцаагаад өлийлгөх нь харин ч бидний үүрэг гэж үзсэн. Манай намын хувьд хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоох байсан" хэмээн ярьсан байдаг.
Үнэхээр эдийн засгийн хямралаас улс орноо гаргахын төлөө МАН засагт орсон юм бол ганц нэг барилга байшингийн төлөө хэрүүл, квотоор авсан яамдынхаа албан хаагчдыг хуйгаар нь сольсон тухай шүүмжлэл зэрэг ялих шалихгүй юманд авталгүй ажиллах хэрэгтэй юм.
Харамсалтай нь МАН ердөө л сөрөг хүчин, тэд засагт эвссэн ч хариуцлага хүлээхгүй тул юу ч гэж хэлж ямар ч үйлдэл хийхээс буцахгүй гэдгийг ард түмэн ч Ардчилсан нам ч сайн мэднэ. Магадгүй 2012 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуягийн бүх хариуцлагыг нь нуруун дээр нь тохож үлдээгээд засгаас гарч сонгуульд унагасан "тахимдах" мэхний хувилбарыг эргүүлээд өөрт нь хийхээр МАН санаархаж байж болно.
Гэхдээ л мега төслүүд хөдлөх үү үгүй юу, улс орон сэхэх үү гэдэг дээрээ тулсан цаг үед улс төрийн тоглоомоо жаахан хойш нь тавимаар.
Магадгүй энэ болгоомжлол илүүц байж ч мэднэ. Хоёр жил хагас Засгийн ажилд байдаг чадлаараа тээг болж байсан Ардын намынхан засаг унагасаныхаа шанд овоо хэдэн яам агентлаг авч тэндээ ч төрийн албан тушаалтнуудыг хайр найргүй хольж сольж өөрийнхнийгөө суулгаж авсан.
Тэгэхээр Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр зэрэг залуусын засаг унагаж тоглох гэсэн амбийцад автаад энэ намын төрд орсон гишүүд нь хоёр жил хагас гудамжинд өнгөрүүлсэн амьдралдаа эргэж орох уу гэдэг асуудал тулгарна. Сонгууль болтол бас ч үгүй зай байна. Тиймээс МАН-ын дийлэнх нь энэ саналаас татгалзах л учиртай. Ёстой нөгөө залуусын хэлдгээр "МАН амжих уу" гэдэг шиг.
Байсгээд л төрхөмдөө буцаад байдаг айлын авгай шиг зан гаргаж улс эх орныхоо амьдралд нэрмээс болоод байвал Ардчилсан намын унаж яваа рейтингээс дутахгүй л газар шороодно гэдгээ МАН мэдмээр.
Н.Умард
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ