А.Мөнхбат: Яс хаяж байгааг дүү нар ойлгохгүй булаацалдаж байгаа нь харамсалтай

МЗХ-ноос ирэх сонгуулийг угтан улстөрчдийн хар жагсаалт гаргах тухайгаа зарлаад байгаа. Тэгвэл МЗХ-ны дарга А.Мөнхбатыг өөрөө тэр хар жагсаалтдаа орох хүний нэг хэмээн МОХ-ноос мэдээлээд байгаа. Энэ тухай юу гэж бодож буйгаа А.Мөнхбат хэвлэлд ярилцлага өгөхдөө илэрхийлжээ. Тэрээр "За яах вэ. Хүүхдүүд учраа олохгүй л явж байгаа байлгүй. Залуучууд санал санаачлага гаргахаар буцаагаад залуучуудаар нь турхируулдаг хуучин хүмүүсийн муу арга байна шүү дээ. Тэр арганд л учраа мэдэхгүй орцгоож байгаа хэрэг.

Тоогоод сүйд болсон юм алга. “Хоёр нохой ясаа булаацалдаж байхад эзэн рүүгээ дайрдаггүй” гэж үг бий. Өөрөөр хэлбэл МОХ, МЗХ хоёрын дунд яс хаях гэж байна л даа. Яс хаяж байгааг нь дүү нар маань ойлгохгүй булаацалдаж байгаа нь харамсалтай. Бид учрыг нь ойлгож байгаа учраас тэрэнд нь автахгүй байна ш дээ. Үүнийг яриад яваад байх шаардлагагүй. Хар жагсаалтын өөрийнх нь зорилгыг янз бүрээр харах нь аргагүй.

Бид нэлээн амбицтай хэрнээ нэлээд бүрхэг зүйл ярьчихсан. Бүрхэг байгаа зүйлээ удахгүй тодорхой болгоно. Тодорхой болгосон зүйл маань манай нийт ард иргэдийн жинхэнэ нүдийг нээнэ. Монголчууд сүүлийн 90 жилийн сонгуулиа дандаа сохроор өгсөн. Социализмын үеийн 70 жил дандаа үзэл суртлын далбаан дор сонгуулиа өглөө.

Тэр үзэл суртал одоо болтол салж өгөхгүй байна. Төрөө барих гэж байгаа улстөрчөө шинжиж мэддэггүй. Тэгсэн мөртлөө бөх, морио шинжээд байдаг. Гэтэл засаг, төр барих гэж байгаа хүмүүсээ шинжиж чадахаа больсон. Тэгээд чихэн дээр нь цэцэг ургуулна тэр хүнийг сонгодог. Уг нь өвөг дээдэс нүд үнэнч, чих худалч гэж сургасан. Гэтэл бид чихэндээ итгэж, уран сайхан амлалтад хууртаж сонголт хийдэг. Бидний гаргах гээд байгаа хар, цагаан жагсаалт ард түмний нүдийг нээх болно" гэсэн ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ