НАТО үзээгүй юмаа үзэж байна

Германы Шпигель сонинд нийтлэгдсэн нэгэн материалыг уншигчдадаа сийрүүлэн хүргэж байна.
Энд НАТО-гийн сөргөлдөгч орнуудын армид хачин сонин хэзээ ч байгаагүй зэр зэвсэг бүтээгдсэн тухай бус харин өмнө нь тулгарч байгаагүй геополитикийн өөрчлөлтийн тухай өгүүлэх болно.
21-р зууны босгон дээр манай гаригт НАТО-гийн эвсэл хамгийн хүчирхэг нь байлаа. Тарж бутарсан ЗХУ-ын буурин дээр арай ядан өндийж яваа хүчирхэг Орос гүрэн цэрэг армиа олигтой төвхнүүлж ч амжаагүй, өнөөдрийнх шиг цэрэг зэвсэгтээ найдаж, түрийн барьсан чадварлаг гадаад бодлого явуулдаг ч үгүй байлаа. БРИКС ч байгуулагдаагүй. Тэгэхэд НАТО-гийн генералуудад айх аюул байдаггүй байв.
Төмөр хөшигний нөгөө тал нуран унасан тул Бельги, Дани, Нидерландын батлан хамгаалахын онгоцууд Балтийн тэнгис дээгүүр илт өдсөн маягтай нислэг байнга үйлддэг байв. Тэгвэл цаг хугацаа 15 он улираахад л бүх юм өөрчлөгдсөн байх аж. Дахин 15 жилийн дараа гэхэд бүр ч өөр болсон байх болов уу. Одоо бол НАТО-гийн онгоцууд Балтийн тэнгис рүү хошуугаа ч цухуйлгахгүй байна. Харин ч эсрэгээрээ ОХУ-ын цөмийн бөмбөгдөгч онгоцууд Скандинавын хойгийн өмнүүр Бельги, Голланд, Францын хойд хошуу хүртэл нислэг үйлдэж байна.
АНУ Ойрхи Дорнодтой зууралдсаар үнэн хэрэгтээ хүчээ барж дотоодын нийгмийн асуудалдаа баригдан цэрэг дайны идэвхтэй ажиллагаа явуулахаас улам бүр татгалзсаар байна. НАТО-гийн нөлөө бүхий орнууд Герман, Франц ч ОХУ-тай сөргөлдөх асуудалд төвийг сахьсан байр луу улам шилжсээр байна. Францын хувьд Хойд Африкт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа бол Герман улс дэлхийн дайны шархаа эдгээсэн ч үл мартахын төлөө эдийн засаг, нийгмийн асуудалдаа илүүтэй анхаарсаар байна.
Нэг ёсондоо зэвсэглэлээр хөөцөлдөх тал дээр германчууд хэдийнэ хөршүүдээсээ хоцорсоноо ойлгож, хүлээн зөвшөөрч байна.
Харин НАТО-гийн бусад идэвхтэй орнуудын генералууд юунд санаа зовно вэ? Тэдний айх аюул дорно зүгээс наашилж байна. Номхон далайн гүн рүү Хятадын цэрэг арми уламтүрсээр. Хэдийгээр Хятадад Вьетнам, Филиппин, Япон зэрэг ойр тойрны улсуудтайгаа хилийн маргаантай арлууд байгаа боловч түүртэлгүй урагшилсаар байна.
Хятадын гадаад бодлого зугуухан хэрнээ хүчтэй зогсолтгүйгээр урагшилсаар байгаа цэрэг армийн өсөлтөө дэмжиж газар нутгийн хүрээгээ ч томруулсаар байна.
Хойшоогоо Монгол, Орос, Казакстан зэрэг тусгаар улсуудтай хиллэдэг, урагшаа тийм ч таатай бус Энэтхэг, Вьетнам зэрэг Өмнөд Азийн орнуудтай залгаа Хятад улс цэрэг армийнхаа нөлөөллийн хүрээгээ зүүн тийш Номхон далай руу тэлэхээс аргагүй юм. Энэ тэлэлт АНУ-ын санааг зовоож байгаа шиг НАТО-гийн орнуудын генералуудыг ч мөн айдаст автуулаад байгаа юм.
Хэдийгээр Умард Атлантын эвсэл байнга цэргийн сургуулилт зохион байгуулж сүр хүчээ гайхуулдаг боловч БРИКС-ийн өсөн нэмэгдэх нөлөө, эдийн засаг батлан хамгаалахын өсөлт алсуураа тэднийг шахсаар байгаа юм. Америкийн удирдлагаар НАТО Украин, Польш, Балтийн орнуудын нутагт шатрын нүүдлээ үргэлжлүүлсээр байгаа ч нөгөө талдаа Хятад, Энэтхэг, Бразил зэрэг гүрнүүдийн тэлэлтийг тогтоох аргагүй болж байгаа нь ёстой л ийм юмтай нүүр тулж үзсэнгүй гэж тайлбарлахаас өөр аргагүй юм.
НАТО-гийн сургагчид орчин үеийн дайн кибер дайн байх болно гэдэгтэй санал нэгддэг боловч тулгаралт эх газарт бус далай тэнгист болж тэндээс л эх газарт заналхийлэл ирнэ гэж үздэг. Энэ үзэл баримтлалаа ч тэд бага сагаар харуулсаар байгаа.
Шууд цэрэг буулгаж эзлэн авсан Иракийг эс тооцвол тэнгисээс байнга довтолсоор эцэст нь сөргөлдөгч талаа буулгаж авсан түүх Ливи юм. Хурандаа Каддафийн талын цэрэг хүчнийг НАТО-гийн усан онгоцууд зогсолтгүй буудаж, агаараас бөмбөгдөж довтолсоор ялагдалд хүргэсэн. Энэ цэргийн ажиллагаа Сири болон Иракийн нутагт дахин туршиж байна. “Исламын улс” хэмээх бүс нутгийн террорист байгууллагын эсрэг тэмцэлдээ яг ийм л стратеги баримталж байгаа юм.
Тэгэхээр өөрсдийн баримталдаг стратегиэр нь харж үзвэл Энэтхэгийн далай, Номхон далай бол НАТО-гийн хувьд жинхэнэ төмөр хөшиг болж хувирч байна гэсэн үг. Үүнийг л урьд нь тулгараагүй юм гэж тэд үзээд байгаа юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ