Хонг Конгийн хосгүй өв устахаас эмээж байна

Гуанчжоугийн дуурь бол Хонг Конгийн хэдэн зууны түүхтэй дуурийн урлаг боловч олон хүн үүнийг бүрмөсөн үгүй болох вий гэдгээс эмээж байна.

Энэ урлагийнхан ихэвчлэн босоогоороо ажилладаг ба хөдөлгөөн хийхийн зэрэгцээ дуугаа ч дуулдаг өвөрмөц онцлогтой. Хятадын өмнөд зүгээс гаралтай энэхүү урлагт Хонг Конгчууд, ялангуяа өндөр настнууд нь илүү хайртай. Жил бүр Хонг Конгт мянга гаруй Гуанчжоу дуурь тавигддаг боловч тус улсын залуучууд энэ төрлийн урлагийг сонирхох нь багассаар байгаа ажээ.

“Үзэгчдийн ихэнх нь ахимаг настай юмуу тэтгэвэрт гарсан хүмүүс байдаг” гэж Хонг Конгийн Боловсролын ИнститутынСоёл урлагийн газарын профессор Лэунг Бо Ва хэлж байна. Энэ чиглэлээр амьдралаа залгуулах нь хэцүү гэж залуучууд үздэг ч гэлээ эндээс бид Хонг Конгийн ард түмний гайхамшигт соёлыг харах боломжтой юм. Тэгээд ч жүжигчид маань Хятадын өмнөд зүгийн Гуанжчоу /cantonese/ хэлээр ярьдаг нь өв соёлоо авч явж байгаагийн баталгаа болдог гэдгийг профессор нэмж хэлжээ.

Мөн Хятадын дуурийн сургуулийн Театрын урлагийн тэнхимийн эрхлэгч Фередэрик Мао хэлэхдээ “Энэ бол Хятадын үнэт өв соёл хийгээд Хонг Конг улсын ард түмний хүндэлж биширдэг урлаг билээ. Мөн түүхэн хөгжлийнхөө явцад зогсонги байдалд орж байгаагүй. 1966-1976 онд Хятадад болсон соёлын хувьсгалын үеэр уламжлалт Бээжин дуурь, өрнөдийн кинонууд гэх мэт урлагтай холбоотой олон зүйлийг хорьсон ч тухайн үед Английн колони байсан Хонг Конгт энэ урлаг зогсолтгүй үргэлжилсээр байсан. ЮНЕСКО үүнийг олон сайхан түүхийг өөртөө агуулсан өвөрмөц урлаг гэж тодорхойлсон. Гуанчжоу болон бусад хэлээр ярьдаг хүмүүсийн хоорондын холбоо уялдааг ч энд гаргаж харуулдаг.” гэсэн байдаг.

Хонг Конгийн засгийн газар энэхүү урлагийг дэмжих үүднээс 2017 онд томоохон театр байгуулахаар төлөвлөжээ. Жил бүрийн 11 дүгээр сард Гуанчжоу дуурийн өдрийг Гуангдон, Макао болон Хонг Конгт хийдэг аж. Гэвч засгийн газар үүнийг анхаарлаа гээд асуудал шийдэгдэхгүй бөгөөд хамгийн гол нь залуучууд үүнийг сонирхож ирээдүйд авч үлдэхийн төлөө хөдлөх хэрэгтэй. Үүнд л Хонг Конгчуудын санаа ихэд зовниж байна.

Митчи Чойё 22 настайдаа Гуанчжоугийн дуурьт анх хөл тавьжээ. Тухайн үед тэрээр хэл шинжлэлийн чиглэлээр зэрэг хамгаалсан аж. Анх зодооны урлаг болон дуурийн дуу сурах хүсэлтэй байсан ч түүнийг эрэгтэй хүний дүрд жүжиглүүлэх болсон байна. Түүний хувьд анх суралцаж байх үедээ мэдээж эмэгтэй хүний дүрээ бүтээхийг хүсч байсан гэнэ. Харин багш нь түүний биеийн өндөр, бүдүүн хоолой нь эрэгтэй хүний дүрд яг тохирно гэж үзсэн гэдэг.

Одоо тэрээр эрэгтэй хүний дүрийг бүтээх ажилдаа дуртайн дээр өөрийгөө өөр ажил хийж байгаагаар төсөөлж ч чадахгүй болсон хэмээв. Гэвч дасгал сургуулилт хүнд бөгөөд карьер нь хаа хүрэх нь тодорхой бус гэдгийг Митчи Чойё мэднэ. Гэсэн ч тэр энэ урлагтаа хайртай.

Б.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ