Д.Данзан: Р.Гончигдорж нарын хууль батлагдвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүснэ

УИХ-ын гишүүн Р.Гончигдоржоор ахлуулсан хэсэг гишүүд "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" хуулийн төслийг санаачилсан. Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн учир Их хуралд өргөн бариад байгаа юм. Хэрвээ Их хурал баталчихвал Р.Гончигдорж гишүүний санаачилсан хууль өнөө жилийн үндэсний их баяр наадмаар хэрэгжих бүрэн боломжтой болох билээ. Уг хуулийн төсөлтэй холбогдуулж Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.

-Р.Гончигдорж нарын гишүүд "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах" хуулийн төсөл санаачлаад түүнийг нь Засгийн газар дэмжээд Их хурлаар батлагдах гээд байж байна. Үүнд, Монголын үндэсний бөхийн холбоо хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газарт тийм хуулийн төсөл ороод дэмжигдсэнийг сонссон. Энэ тухай нарийн мэдээллийг сониноос л үзлээ. Түүнээс Монголын үндэсний бөхийн холбоонд хандсан зүйл байхгүй. Үндсэндээ бид бүхэнд урьдчилж мэдэгдэлгүйгээр Р.Гончигдорж гишүүнээр ахлуулсан хэсэг гишүүд санаачилсан юм билээ. Өмнө нь миний бие наад асуудлыг чинь сөхөж байсан. Тодруулбал, өнгөрсөн оны есдүгээр сард "Үндэсний их баяр наадамд дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга цол олгоё. Далай аварга гэдэг цолыг хэрэгсэхгүй болгоё" гэх нийтлэл бичсэн юм л даа. Тийм нэг өөрчлөлт хуулинд тусгахгүй бол монгол бөхийн дархан аварга хэмээх эрхэм дээд цол тасрах аюулд хүрээд байсан юм.

-Далай аварга гэдэг цолыг чухам яагаад бий болгосон юм бэ?

-Улсын алдар цолтой 17 бөхийн бүрэлдэхүүнтэй 1990 онд хуралдсан Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар шийдсэн асуудал л даа. Дамдин, Баянаа, Мөөеө гээд аваргууд бүгд байж байгаад л улсын наадамд гурав түрүүлсэн бөхөд далай аварга цол өгнө гээд шийдсэн. Тэгээд л уг дүрмийн дагуу улсын наадамд нэг түрүүлэхэд арслан, хоёр түрүүлбэл аварга, гурав түрүүлбэл далай, дөрөв түрүүлбэл даян, тав түрүүлбэл дархан аварга болно гээд заасан байдаг. Уг заалтыг миний бие зөөллөж улсад тав биш дөрөв түрүүлсэн бөхөд дархан аварга олгоё гэж л санал дэвшүүлсэн хэрэг шүү дээ.

-Тэгвэл таны дэвшүүлсэн саналыг үндэслэж Р.Гончигдорж нарын гишүүд хууль санаачилсан юм биш үү?

-Тэгж ойлгож огт болохгүй. Өмнө нь "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Саналаа өгнө үү" гэсэн бичгийг Их хурлаас бүр тодруулбал, Я.Содбаатар гишүүн манай холбоо руу явуулж байсан. Үндэсний бөхийн холбоо уг бичгийг хүлээн аваад миний дээрх нийтлэлийг явуулсан байдаг. Р.Гончигдорж, Я.Содбаатар нарын гишүүд хоорондоо зөвлөлдсөн эсэхийг би мэдэхгүй. Ямар ч байсан ийм нэг хуулийн төсөл Их хуралд өргөн барьчихлаа. Уг хууль шуудхан хэлэхэд, цөөн хэдэн бөхөд л зориулагдаад байна уу даа гэх хардлагыг төрүүлээд байгаа. Хэрвээ энэ хууль Их хурлын гишүүдийн дэмжлэг аваад батлагдчихвал монгол бөхөд эцэс төгсгөлгүй маргаан үүсгэж, лай ланчгийн эхлэл болно. Ухаандаа, энэхүү хуульд улсын наадамд 1024 барилдахад арслан цолтой ес давсан бөхөд аварга цол олгох, арав давбал даян аварга цол олгох тухай заасан байна. Энэ заалтыг мөрдөөд үзвэл Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын даян аваргууд дархан аварга болох боломж нь бүрдэнэ. Г.Өсөхбаяр аварга улсын наадамд дөрөв түрүүлсэн. Хуулийн дагуу далай аварга цол хасагдвал шууд дархан аварга болох боломжтой.

-А.Сүхбат аваргын хувьд гэвэл?

-А.Сүхбат аваргад 2000 оны наадамд Б.Гантогтохтой үлдэж түрүүлэхэд нь хуулийн дагуу арслан цол олгосон. 2001 онд арслан цолтой бөх Г.Өсөхбаяраар ес давахад нь аварга, Б.Бат-Эрдэнэ аваргаар арав давж түрүүлэхэд нь даян аварга болчихож байгаа хэрэг. Тэгээд 2004 оны улсын наадамд Б.Гантогтохоор ес давж түрүүлэхэд нь дархан аварга цолны болзол хангасан гээд үзчихэж байна. Тухайн хуульд зааснаар бол ингэж болно л доо. Гэхдээ л монгол бөхийнхөө зуу зуун жилд явж ирсэн ёс уламжлалыг эвдэж арай л эрээ цээргүй даварч байх шиг.

-Өөр ямар бөхчүүд цол нэмэх магадлал байгаа вэ?

-Тухайн хуульд зааснаар улсын баяр наадамд, найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан цол олгохоор болжээ. Тэрхүү болзлыг хангасан хүн бол улсын гарьд Б.Гантогтох л доо. Тэрээр 2000, 2002, 2004 онуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байдаг. Мөн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэвэл улсын аварга болно гээд заачихсан байна. Энэ бол Д.Мөнх-Эрдэнэ арсланд зориулсан заалт. 1995 оны улсын баяр наадмын дараа Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурлаар О.Балжиннямд улсын аварга, Д.Мөнх-Эрдэнэд улсын арслан цол олгосон. Уг хоёр бөхийн үзүүлсэн амжилтыг үнэлж тийм цол олгосон байдаг. Тэгвэл Д.Мөнх-Эрдэнэ арслан цолтойгоор 1996,1997 оны наадмуудад тус бүр найм давж үзүүрлэсэн байгаа. Тиймийн учир түүнд зориулсан цол гээд байна л даа. Ингээд Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн улсын наадамд түрүүлээгүй хэрнээ аварга болчихож байгаа хэрэг. Ийм л сонин нэмэлт, өөрчлөлтүүдтэй хууль өргөн баригдаад байна л даа. Тодруулаад хэлэх юм бол улсын наадамд огт түрүүлээгүй хүн үндэсний бөхийн дээд цол болох аварга цолыг хүртэж болох уу. Хэрвээ арслан цолтойгоор хоёр үзүүрлэсэн бөхөд аварга цол олгож байгаа юм бол заан цолтойгоор хоёр удаа долоо давсан бөх хуулийн дагуу гарьд, начин цолтой бөх хоёр удаа тав давсан бол шууд харцага, харцага цолтой бөх хоёр удаа зургаа давбал шууд заан болох боломж нь бүрдээд ирж байгаа. Эцэс төгсгөлгүй маргаан гэдэг нь үүнийг л хэлээд байгаа. Хэрвээ энэ хууль батлагдвал бөхчүүд "Би ийм цол авна, шинэ хуулийн дагуу болзлоо хангачихаж" гээд л тал бүрээс босоод ирнэ. Эл бүгдийг тооцоололгүйгээр, Үндэсний бөхийн холбоотой зөвшилцөлгүйгээр ингэж шийдэж болохгүй байх аа. Дүйцүүлж цол өгнө гэсэн ойлголт манай монгол бөхийн түүхэнд байгаагүй. Олон улсын жишигт ч ийм зүйл байхгүй дээ. Ухаандаа, олимпоос хрёр мөнгөн медаль хүртсэн тамирчинг автоматаар шууд олимпийн аварга болгодоггүй биз дээ. Бөхчүүдийнхээ үзүүлсэн амжилтыг үнэлүүлэх зорилгоор бид даваа бүхнийг цолтой болгосон. Амжилтаар нь эрэмблэдэг болсон. Уг жишгийн дагуу л монгол бөхийн барилдаан явах учиртай. Бид уул нь Их хурлаас зарчмын тодорхой өөрчлөлтүүдийг л "Баяр наадмын тухай хууль"-д тусгуулахыг хүссэн юм. Гэвч асуудал өөрөөр эргээд зовлонтой юм аа.

-Их хурлаас ямар зүйлийг хүссэн гэж?

-Аймгуудын баяр наадмыг улсын баяр наадамтай ижил долдугаар сарын 11, 12-нд явуулахыг хуульчилж өгнө үү гэж хүссэн. Тийм бол бөхчүүддээ ч наадамчин олонд ч амар байгаа юм. Ингэж хуульчлаагүйн улмаас аймаг бүхэн дуртай цагтаа наадмаа хийж 512 бөх барилдуулан аймгуудын наадам гэдэг манайхны хэлдгээр "улаан найраа" болж хувирсан. Том цолтой бөхчүүд нь очиж найрааг удирддаг болсон. Хэрвээ хуулиар улс, аймгийн баяр наадмууд нэг өдөр болдог болбол аймгуудын наадмууд найраагүй болно. Улсын наадмыг өнжөөд аймагт барилдаж байгаа бөх яс үзэхийг бодно биз дээ. Мөн бөхчүүд маань аймаг, бүсийн наадам энээ тэрээг бодолгүй улсын наадмынхаа бэлтгэлийг сайтар хийх нь мэдээж. Ийм л зарчмын заалтуудыг "Баяр наадмын тухай хууль"-д тусгуулмаар байна даа.

Н.ГАНТУЛГА

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ