УИХ, Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” компанийн төлөөллөөс хэвлэлийн хурал хийлээ.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос санаачлан Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Японы олон улсын хөгжлийн агентлаг /JICA/ хамтран өнгөрсөн сарын 26-нд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар “Нэг зорилго- Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэвлэлийн хурлаар уг хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн Зөвлөмж боловсруулж, Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаа юм байна.

1/ Хөрөнгө оруулалтыг дэмжих

  1. Татварын таатай орчинг бүрдүүлэх. Бусад хөгжиж буй улсуудын жишгээр хөрөнгө оруулагчдад чиглэсэн татварын таатай орчинг бий болгох. Үүнд: ногдол ашгийн орлогын татвар, ханшийн зөрүүний орлогын татвар болон компанийн бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх.

  2. Зах зээлийн дэд бүтцийг нэгдсэн цогц байдлаар сайжруулах. Үүнд: олон улсын стандартыг хангасан төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх /аюулгүй, найдвартай/, орон зайн хязгаараас үл хамааран зах зээлийн харилцаанд оролцох боломжийг бүрдүүлэх, хямд бөгөөд түргэн шуурхай цахим үйлчилгээ үзүүлэх орчныг бий болгох, ялангуяа хөрөнгийн, хөдөө аж ахуйн, үнэт цаасны бусад биржүүдийн дэд бүтцийг нэгдсэн цогц байдлаар шийдвэл өртег хямд, зардал бага, үйлчилгээ түргэн шуурхай болох нөхцөл бүрдүүлэхэд анхаарах.

  3. Үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжлийн байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, МХБ болон Үнэт цаасны арилжааны клирингийн төвийн тодорхой хувийг хувьчлах;

  4. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бий болгох. Үүнд: Нийгмийн даатгалын сан, хувийн тэтгэврийн сан, даатгалын сан, ЗГ-ын тусгай зориулалтын сан болон Хөгжлийн банк зэрэг боломжит институциональ хөрөнгө оруулагчдыг үнэт цаасны зах зээлд татан оруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх.

  5. Олон нийтийн санхүүгийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх: ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийн тухай сэдвийг оруулах, төрийн болон мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээллийг иргэдэд тогтмол, тодорхой хөтөлбөрийн дагуу хүргэх, хөрөнгө оруулагчдыг бэлтгэн төлөвшүүлэх.

  6. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс хувьцаат компаниудын компанийн засаглал болоод тайлагналыг олон түвшинд хүргэх, хяналт шалгалтыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх ажлыг зөвхөн захиргааны хэлбэрээр бус урамшуулал, хөшүүргийн аргаар зохион байгуулах.

  7. Арилжааны банк болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг олон улсын стандартын дагуу зохицуулж санхүүгийн зах зээлийн бодлогод тусгаж хэрэгжүүлэх.

2/Үнэт цаасны зах зээл дээр бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх

  1. Олон нийтэд нээлттэй болж байгаа компаниудыг баялгийн хуваарилтанд орж, далд эдийн засгийг ил болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэн, төрөөс эдгээр компаниудыг татварын оновчтой бодлогоор дэмжих.

  2. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй тендер, худалдан авах ажиллагаанд нээлттэй хувьцаат компаниудад давуу эрх олгох.

  3. Төсвийн хөрөнгө оруулалтын тендер, концессийн гэрээнд зөвхөн хувьцаат компаниудыг хамруулдаг байх шаардлагыг тавих.

  4. Төрийн санхүүжилтийг нээлттэй болгох үүднээс ЗГ-ын тусгай зориулалтын сангууд болоод Хөгжлийн банкны зүгээс хийгдэж буй санхүүжилтийг үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудаар дүн шинжилгээ хийлгэсэн үнэт цаас гаргаж буй компаниудад тэргүүн ээлжинд хөрөнгө оруулах.

  5. Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын өмч хувьчлалыг нээлттэй, ил тод, олон нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс хөрөнгийн зах зээлээр дамжуулан хийх.

  6. ЗГ-ын бонд, бусад төрлийн үнэт цаасны арилжааг хөрөнгийн зах зээлээр, олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй хэлбэрээр тогтвортой зохион байгуулах.

  7. Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, Орон сууцны * хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмын дор Засгийн газрын баталгаат үнэт цаас /варрант/ гаргаж хөрөнгө оруулалт босгох, их бүтээн байгуулалтыг явуулах.

  8. Арилжааны банкнуудын зээлийг үнэт цаасжуулах замаар хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг бий болгох, санхүүгийн тэнцвэртэй зах зээлийг хөгжүүлэх.

  9. Газрын баялгийг эзэмших, ашиглахад оролцсон компаниуд зөвхөн хувьцаат компани байх /ашиглалтын лиценз/ ёстой гэсэн шалгуур тавих.

  10. Гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын давхар бүртгэлийг хийх таатай орчинг бүрдүүлэх.

  11. Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага болон төрийн өмчит хуулийн этгээд, мөн нээлттэй хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, удирдах албан тушаалтнуудыг томилохдоо хөрөнгийн зах зээлд ажиллаж буй туршлагатай, мэргэшсэн байхыг харгалзан үзэж МҮЦАЭХолбооны саналыг тусгадаг байх.

  12. Үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу валютын фьючерс /FX futures/ зах зээлд нэвтрүүлэх.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ