Архинд донтож явсан бид Ерөнхийлөгчийг сүү өргөсний төлөө “Ура” хашгирч байлаа

Нэг үе архинд орж, алдаж явсан ч өөрийгөө засч чадсан залуусын нэг Б.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр "Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төв"-ийн нийгмийн ажилтан, аддиктологийн сургагч багшаар ажиллаж байгаа аж.

-Хэдий үеэс бор дарсанд дурлаж эхэлсэн бол?

-Хүмүүс анх яагаад архи уусан бэ гэж асуудаг юм. Ерөөсөө л ямар ч мэдээлэл, мэдлэггүй, намайг ухаан ороход л өмнөх үе маань архичин, нийгэм архидалттай байж. Ойр хавийн ах нар архи ууж, айлгаж сүрийг үзүүлэх нь гоё харагддаг байж л дээ. Эхэндээ баярын уур амьсгал ороход архи заавал хэрэгтэй гэж боддог байсан бол жаахан томроод ирэхээр хүн гомдохоороо архи уудаг юм байна гэсэн ойлголттой болж өссөн. Ерөөсөө л архи уухгүй бол нийгэмд багтахгүй юм шиг санадаг байж, тэр үеийн олонхи хүүхдүүд. Анх 14 настайгаасаа архи амсч, жилийн дараа гэхэд архинд гүн орчихсон байсан. Нийллэг зохион бай­гуу­лаад ах нартайгаа, ангийн­хан­тайгаа ууна. Одоо эргээд бодоход мансуурч, архинаас өөр зүйлийг бодохоо байчихсан байж. Инээж, наргиж, цэнгээд явахыгаа архинд донтож, хоронд автаж байна гэж мэдрэхээс илүү ид шид шиг сана­даг байлаа.

-Дунд сургуулиа төгсөхөд архины нөлөөнд орчихсон байж. Их, дээд сургуульд элсэх зэр­гээр ирээдүйгээ төлөвлөдөг байвуу?

-Архинд донтсон хүнд өнөө, маргааш нь л тод харагддаг юм байна лээ. Ойрхон архи уудаг байсан болохоор тархины эс хэдэн мянгаараа үхэж эхэлсэн үе. Оюун, санаа, сэтгэцэнд архи нөлөөлөхөд ирэхээр олон юм бодох тэнхэл ч байхгүй, хүсэл ч байхгүй болчихно. Дунд сургуулиа төгсөхөд нэг л их наргиж цэнгэсэн,архины нөлөөнд бүрэн автчихсан хүн болж хувир­сан. Дунд сургуулиа төгсөөд олны жишгээр нэг сургуульд орсон л доо.

-Дунд сургуулийн хүүхэд архины мөнгө яаж олох уу?

-Эцэг, эхээсээ авна. 1995 оны үед найруулдаг архи уудаг байсан. Таван хүүхэд 300 төгрөгөөр ний­лэхэд л спирт аваад таван шил архи болгочихдог байж. Бид бол хоёр нийгмийн завсрын үеийнхэн л дээ.

-Их сургуульд элсээд зас­рахыг бодсонгүй юу?

-Тэр үед ихэнх оюутанд сурах идэвх гэж байсангүй. Хичээл гэхээ­сээ илүүтэй гадуур тэнэнэ, архид­на. Их сургуульд ороод жил ч бололгүй л хаячихсан хэрэг. Тэгээд "100 айл"-д барилгын материалын наймаахийж мөнгө сайн олдог боллоо. Мөнгийг яаж олно яг тэр хэрээрээ архи ууна. Тухайн үед халаасандаа хэдэн төгрөгтэй за­луус бааранд л амьдардаг байлаа. Найзууд ч гэж олон. Яг адилхан сэтгэлгээтэй, хөөрөх, донтох дур­тай нөхдүүдийг л найзаа гэж явсан хэрэг. Зүгээр л хөвсөлзсөн "од" гэмээр байж амьдралынхаа арваад жилийг үрчихсэн байсан.

-Гэр бүл зохиож, амьдралаа бодъё гэж хичээхгүй юу?

-Архинд донтсон хүнд жилийн дараахь амьдралаа харах сэт­гэхгүй байдаггүй юм шүү дээ. Өөрий­гөө архичин гэж хэзээ ч хүлээн зөв­шөөрдөггүй байж. Ар­хинд мэдүүл­сэн арван жилийнхээ тухай архи­наас гарсныхаа дараа бодоход их тэвдэж, өөртөө гутардаг байлаа. Одоо бол өнгөрсөн цаг эргэж ирэх биш, алдаагаа амжилт болгоё л гэж боддог. Харамслаа гээд тэр үе минь эргэж ирэх биш дээ. Хэдхэн жилийн өмнө "100 айл"-д согтуу явж байсан нөхөр өнөөдөр жар­галтай амьдарч чадаж байна. Энэ эргэлт маань бусдад сургамж болж, зориг өгч чадвал тэр миний ам­жилт.

-Өт түүлгэж архинаас гарна, бөөд үзүүлээд архи уухаа боль­чихлоо гэдэг. Үнэхээр тэгдэг юмуу?

-Хүний архины асуудлыг ший­дэх гэж байж бөө нар нэг шил архи уу гээд өгдөг нь их сонин. Архи өгч байж яаж архинаас гаргах вэ дээ. Өт түүгээд архинаас гаргана гэж хүнээс мөнгө авдаг сүлжээ бий болчихсон. Гэдсийг нь хэсэгхэн газар цоолоод зөөлөн эдийг нь жижиг, жижгээр нь гаргахаар өт шиг харагддаг хэрэг. Хүний эд эс най­ман секундын хугацаанд хөдөлд­гийг амьд өт гэж итгүүлчихсэн. Бусдын зовлон дээр тоглож байгаа хэрэг л дээ.

-Архичны хүүхэд архичин болж өсдөг гэж үнэн үү?

-Хар багаас нь архи уух хичээл заагаад өгчихсөн юм чинь архичин болохгүй яах юм бэ. Гурван настай хүүхэд цэцэрлэгээсээ ирээд үнэр­лэж үзээд "Өнөөдөр манайд ямар баяр болсон юм бэ" гэж асууж байна. Гэтэл аав нь зүгээр л гэртээ архи уусан байгаа юм. Тэр хүүхэд архи үнэртсэн л бол баяр болсон гэж ойлгочихсон байна. Гурван настай хүү насанд хүртэл хэдэн баяр тэмдэглэх билээ. Монгол­чуудад жилд заавал тэмдэглэдэг 40 баяр байдаг гэдэг. Тэр бүрт тэр хүүхэд архи уух сургалтад хам­рагддаг гээд бод. Цагаан сараар аав, ээж нь дагуулаад айлд очоод архи ууна. Шинэ жилээр ширээгээ тойрч суугаад архидна. Бүр хүүх­дэдээ архи амсуулж баярладаг айл байна. Архийг жигшиж өсдөг хүүх­дүүд бий. Гэхдээ насаараа архи уух "сургалтад" суухаар далд ухамсарт нь нөлөөлчихдөг юм байна.

-Архинд уруу татдаг найзууд гэж байх уу. Ер нь хүнд уруу татагдаад архи уудаг хүн гэж байх уу?

-Архи уух л сэдэл төрүүлэхээс уруу татна гэж байхгүй. Цуг архид­даг дөрвөн найз уулзахад хамгийн түрүүнд архи уух юм байна гэж боддог судалгаа байна. Ерөөсөө л архинд донтсон нөхдүүд хэн нь хэнийгээ уруу татах билээ.

-Та яаж архинаас гарсан бэ?

-Зургаан жилийн өмнө нэг өдөр гэртээ сэрэхэд гаднаас цоожил­чихсон. Нэг ойтой охин минь дэргэд бүлтийгээд зогсч байсан. Гэр орноо түйвээчихсэн, гэрлээ хагалчихсан. Гэр бүрэнхий. Өнөө л гунигтай амьдралдаа урьдын адил сэрж байлаа. Сэтгэцийн өвчтэй, солиор­чихсон байсан учраас нүдэнд хий юм үзэгдэж байгаа юм. Айсандаа гэрэл гаргах гэж телевизээ асаа­лаа. Тухайн үед телевизээрЖ.Цогт­сугар гуай"Архинаас гарч болдог юм, би гарч чадсан. Өөрий­гөө ялж чаддаг аавын хүү архийг хаяж чаддаг" гээд яриад сууж бай­сан. Бөөдсөн, ламдсан, эм уусан, гэдсээ хатгуулсан, хамгаалалт тавиулсан гээд архинаас гаргах бүхнийг хийлгэчихсэн байсан хэр­нээ "Би архинаас гарч чадах юм биш үү" гэсэн бодол яг тэр үед орж ирсэн. Анх удаа өөрөө архинаас гаръя гэж шулуудаж байгаа нь тэр. Охиноо хартал тэр хөөрхөн нүд маш гунигтай, ирээдүйгүй харагд­сан. Харамсалтай нь би тэр өдрийг болтол "Миний охин том болоод..." гэж хэзээ ч бодож байгаагүй юм билээ. Тэр үед үнэхээр айсан. "Би энэ нялх амьтныг амьдаар нь алж байна" гэж айсан. Ингээд шөнөжин бодож хоноод өглөө эрт Ж.Цогт­сугар багш дээрээ очиж байлаа. Шууд ганцаараа очиж чадахгүй байсан учраас ахыгаа дагуулаад явсан.

-Тэнд сургалтад хамрагдсан уу?

-Эм уулгахгүйгээр архинаас гаргана гэхэд гайхаж л байлаа. Ерөөсөө л архинаас гарсан залуус тэнд байсан. Эр хүнд "Би чадна" гэдэг зоригийг тэд өгдөг юм билээ. Сэтгэхүйг нь өөрчилж, эмчилсэн учраас архийг хаяж чадсан. Эр хүн бүр зоригтой, чадалтай байдаг. Түүнийг л сэргээсэн. Тэр сургалтад хамрагдсан 5000 залуу өөрийгөө өөрчилж чадсан шүү дээ.

-Арван жил архи уусан хүнд архинаас гарахад хэр хугацаа оров?

-Эхний жил хэцүү байсан. Хүн бүр намайг архичин гэж харна. Гэхдээ хамт олон маань надад эр зоригийг маань мэдрүүлж, хүний төлөө гэсэн сэтгэлийг өгсөн учраас өөрийгөө ялж чадсан. Арван жил архи уусан нөхөр эр зориг яриад архинаас гарлаа гэхэд зарим хү­ний инээд хүрэх байх. Хэцүү байх нь байдаг. Гэхдээ тархийг нь эм­чилдэг учраас болдог юм. Би үнэ­нийг л ярьж байна. Хүн чадна л гэсэн бол чаддаг юм шүү.

Гэхдээ сургалтад суугаад гара­хад ар гэрийнхэн, ойр тойрныхон нь хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад гэвэл архи ойр тойрныхныг нь давхар өвчлүүлчихсэн байдаг. Тиймээс одоо би залуустаа "Гэртээ очиход чинь хэцүү байдгийг мэдэж байна. Тэр тусмаазоригтой байна шүү" гэж захидаг юм.

-Одоо баяр ёслолоор ганц нэг уух уу, үгүй юу?

-Огт уухгүй. Арван жил архи уухдаа хэдэн ч тонныг уусан юм бэ. Одоо надад тэр зүйл хэрэггүй. Архигүй л бол баяр, ёслол тэм­дэглэж болдоггүй гэсэн ойлголтыг сургалтанд суугаад тархинаасаа авч хаясан. Архийг хаяж чадсан учраас байгууллагадаа үлдэж олон залуусыг зөв замд нь хөтлөхөөр сэтгэл шулуудсан. Бид архинаас гарахыг уриалаад явахад нийгэм хүлээж авахгүй хэцүү үе байсан. Бүх дарга нар архи уудаг. Яваад ороход загнаад гаргадаг дарга олон байсан. Тэр үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ жилийн үдэш сүү өргөөд "Архигүй Монголын төлөө" уриалсан нь маш агуу зүйл байсан. Бидэнд тэр үг маш том хүчийг хайрласан. Хүмүүс олим­пийн аварга төрлөө гэж талбай дээрээ цуглаж согтуурхдаг бол бид Ерөнхийлөгчийг сүү өргөлөө гэж төв талбай дээрээ цуглаж баярлаж байлаа. Архинд донтож явсан бид Ерөнхийлөгчийг сүү өргөсний төлөө "Ура" хашгирч байсан юм. Ерөнхийлөгчийг сүү өргөсний дараа Монгол Улс сэргэсэн юм шүү. Нойр хоолгүйгээр Монголын ирээдүйн төлөө тэмцэх замыг нээж өгсөн. Архигүй Монголыг уриалс­наараа л Монголын ирээдүйг аварлаа шүү дээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх "Архигүй Монголын тө­лөөх үндэсний сүлжээ" нэртэйгээр бүх аймаг, суманд очиход сүү бариад угтдаг болсон. Дарга нарын хандлага ч өөрчлөгдсөн. Энэ бүхэн үнэхээр таатай хандлага, архинаас гарах хүчийг залууст өгсөн түүхэн уриалга.

-Ерөнхийлөгчийн дэргэдэх "Архигүй Монголын төлөө үн­дэсний сүлжээ" хэдэн хүнийг архинаас гаргаж, хичнээн айлыг зовлонгоос ангижруулсан бол?

-Албан ёсны тоогоор манай сүлжээнд 3400 залуу элссэн. Үүний ард гэр бүлийнхэн нь жаргалтай амьдрах болсон. Өөрчлөгдсөн залуучуудыг маань харж, үлгэр авч байгаа хэдэн мянган хүн бий. Нэг хүнийг гэхэд 100 хүн ажиглаж байгаа шүү дээ. "100 айл"-д хамт архидаад явж байсан нөхдүүд­тэйгээ одоо өнгөрсөн амьдралаа түүх, онигоо болгоод ярьж баймаар байна шүү дээ. Тэр үед үр хүүхэд минь, тэдний үр хүүхэд архигүй, араатан авиргүй нийгэмд амь­дарна.

-Сүү өргөөд баяр тэмдэглэж болдог юмуу. Баярын уур амьс­гал орохгүй биздээ гэж гайхах хүн бас олон бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Хамгийн сайхан зүйл чинь тэр шүү дээ. Манай клубийнхэн, гэр бүлийнхэн маань сүү өргөөд л баярладаг. Тэнд л хамгийн үнэ цэнэтэй үг, сэтгэлийн үг гардаг. Буянтай буурлынхаа, найз нөх­дийнхөө үгийг эрүүл саруул ухаа­наар сонсоод сууна гэдэг жаргал шүү дээ. Хамгийн үнэтэй яриа тэнд л өрнөдөг. Тиймээс сүү өргөж баярлах хамгийн үнэтэй зүйл.

Халахгүй болохоор баярлаж чадахгүй гэдэг үгээр нийгмийг тархийг угаасаар иржээ. Архи­гүйгээр нэг зүйл дутагдаад байдаг гэж бодож байгаа бол тэр ерөөсөө л архинаас үүдсэн сэтгэлгээ. Үнэн­дээ монголчуудын өвөг дээдэс ерөөсөө архи уудаг ч үгүй байсан юм билээ. Бид хамт олноороо нэг газар ороод архи уухгүй дуулж, хуурдаад баярлахаар гайхаад ширээн доогуур хараад байх хүн олон байдаг. Архигүйгээр хамгийн сайхан баяр тэмдэглэж, хамгийн үнэн үр дүнтэй яриа өрнүүлж бол­дог гэдгийг сүүлийн зургаан жил маш сайн мэдэрч байна.

Архи уухгүйгээр ажил бүтдэггүй гэдэг яриа бол зүгээр л архи уух санаа. Үнэндээ архи уугаад ажил ярьсны дараа юу ярьснаа сана­даггүй биз дээ.

-Архи уухгүйгээр чөлөөт цаг өнгөрөөх газар байна уу?

-Согтууруулах ундаа хэрэглэгч олонтой, ашигтай учраас баар олон байгаа. Залуу архинаас гараад эхлэхээр аяндаа хаалгаа бариад энэ төрлийн бизнес эрхлэг­чид өөр салбарт хүчээ үзэхээс аргагүй болно. Манай клубийг анх байгуулсан таван залуу спиртийн үйлдвэрийг худалдаж аваад арьс, шир боловсруулах үйлдвэр бол­гоод зүтгэж байна. Нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөхөөр архины бизнес эрхлэгчид ч өөр салбар руу орно.

-Зарим сургууль "Архигүй Хонхны баяр" уриатайгаар төг­сөлтийн баяраа тэмдэглэлээ. Цөөнч гэсэн ийм уриалга сайхан сонсогдож байлаа.

-Тэгэлгүй яах вэ, маш том дэв­шил. Өмнө нь би согтуу, манай захирал согтуу л зогсдог байлаа шүү дээ. Архигүй Монгол ойрхон байгааг энэ жишээ харуулж байна.

-Архины хяналтын тухай хуу­лийн төсөл боловсруулах гээд иргэдээс санал авч байна. Ийм хууль зайлшгүй шаардлагатай юу?

-Ийм хууль зайлшгүй хэрэгтэй. Тамхины хяналтын тухай хууль үр дүнгээ өгч байна. Одоо иргэн бүр саналаа нэмэрлээд боловсруулсан хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ гэж хүлээж байна.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ