СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хачигт хазуулсан нэг иргэн амиа алджээ

hachig

Орхон аймагт энэ оны таван сарын байдлаар хачигт хазуулсан гэх иргэдийн тоо 21 бүртгэгджээ. Үүнээс дөрвөн хүн хачигт халдвараар өвчилж, нэг хүн нас барж, нэг хүний бие маш муу байгаа аж. Хачигт хазуулсан иргэд 20-40 насныхан бөгөөд Булган аймгийн Бугат, Хангал, Хутагт-Өндөр, Майнт, Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумдад зорчиж байхдаа хазуулсан байна. Хачигт халдвар нь хүн малд хачигаар дамжин халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Хачигаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн халдвар байдгаас өнгөрсөн онд Орхон аймагт хачигт энцафелитийн хоёр, хачигт риккетсиозын нэг тохиолдол бүртгэгджээ. Мөн 2005 оноос хойш манай улсын хэмжээнд хачигт боррелизийн 61, хачигт риккетсиозын 59, хачигт энцефалитийн 12, бүртгэгдэж хоёр хүн нас барж байсан аж. Хачигт энцефалит нь төв мэдрэлийн систем гэмдээдэг, хорвуу чанар өндөртэй. Дамжуулагч нь хусны хачиг юм. Мөн хачигт боррелиз нь нянгаар халдварладаг томоохон үеүд болон захын мэдрэлийн өрөвсөл үүсгэдэг ажээ.

Сүүлийн үед хачигт энцафелит өвчнийг дамжуулагч ойн хачгийн идэвхжил ихсэж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Үүнтэй холбогдуулан ой модонд ажил эрхлэх, зугаалах, жимс, эмийн ургамал түүх, ууланд алхах үед ард иргэд ялангуяа эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хачигт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Хачиг ихэвчлэн хүний нимгэн арьстай, чийглэг газар болох суга, цавь, хөхний дор, чихний ард, үсэн дотор байрлаж хаздаг аж. Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй гэнэ. Тиймээс ой мод, өвс ихтэй бүс нутгаар ажиллаж, аялж байгаа тохиолдолд 3-4 цаг тутам биедээ хачиг байгаа эсэхийг шалгаж байхыг анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ