“Элэг бүтэн Төв аймаг”-чууд нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

-Улсын эмнэлгүүдэд үзүүлж, шинжилгээ өгөх гэсэн иргэдийн ачаалал их байлаа-
Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд дээгүүр жагсаж яваа улс орны тоонд ордог. Тодруулбал, Монголчуудын нас баралтын шалтгааныг авч үзвэл 1 дугаарт зүрх судасны өвчлөл
2 дугаарт халдварт өвчин, тэр дундаа элэгний хорт хавдарөвчин орж байгаа талаар статистик судалгааг НЭМГ-аас гаргажээ.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүн өчигдөр Төв аймагт “Элэг бүтэн Төв аймагчууд” нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгөөр аймгийн хэмжээнд эрүүл мэндийн цогц арга хэмжээг үнэ төлбөргүйгээр үздэг оношлогоо хийсэн юм. Мөн аймгийн сумдуудад түргэний машин болон багийн эмч нарт мотоцикль гардуулж, зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг олгосон билээ.
Өдөрлөгт ЭМЯ, ХСҮТ, ХӨСҮТ, Улсын гуравдугаар эмнэлэг, Гренд мед эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, АӨСҮТ, Эм ханган нийлүүлэх төв эмийн сан, аймгийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Нүүдлийн эмнэлэг гээд олон байгууллага оролцож нэг өдрийг иргэдэд нээлттэй, эелдэг дотноор үйлчлэсэнд үзүүлсэн, зөвлөгөө авсан хүн бүр ам сайтай байв.
Элэгний болон халдварт өвчлөл их байгаа учраас энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд хамгийн түрүүнд Улсын төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвүүдийн оролцоотойгоор орон нутгийн хүн амд хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулж газар дээр нь эрүүл мэндийн тусламж үзүүлэг үзүүлэх зорилгоор 21 аймагт өдөрлөг зохион байгуулж эхэлсэн нь сайхан үйл явдал юм. Энэ хөтөлбөрөөр энэ жил 40-65 насныхныг үзлэг оношлогоонд хамруулж байгаагаар ихээхэн онцлогтой. Ирэх жил 30 дээш насныхныг хамруулахаар төлөвлөсөн байгаа юм.
Д.Очирбат:2020 он гэхэд элэгний В, С вирусын шинжилгээг бүрэн хийж, хавдрыг бууруулж, элэгний хатуурлыг эмчилж чаддаг болно
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Энэ хөтөлбөр 21 аймгаар хэрэгжинэ. Эхнийх нь Баянхонгор аймаг байсан бол дараагийнх нь Төв аймаг болж байна. Хөдөө орон нутагт нэгдсэн өдөрлөгүүдийг зохион байгуулж, үзлэг оношлогоо хийж асуудлыг шийдвэрлэхээс гадна бүх сумдын эмч нарыг цуглуулж аймгийн эмнэлгийн удирлагуудтай уулзуулж тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцож байгаагаар ихээхэн онцлогтой үндэсний хэмжээний хөтөлбөр юм. Түүнчлэн орон нутагт энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар байна. 40-65 насны иргэдийг шинжилгээнд хамруулах явц хэр байгаа юм. Анхан шатны илрүүлэлт хийж эхэлсэнтэй холбогдуулан зарим нэгэн шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж явж байгаа нь чухал юм. Өнөөдөр гэхэд Төв аймгийн 9 сумдад эрүүл мэндийн салбарт тусламж үйлчилгээг үзүүлэхэд нь зориулж машин гардуулж өглөө. Дээрээс нь энэ үндэсний хөтөлбөрт шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх. Жишээ нь цус цуглуулж, түүнийг зөөвөрлөх, нэг цэгт авах гээд бүх асуудлыг хамтад нь хийх. Мөн 2001 иргэнд2800 төгрөгөөр вирус илрүүлэх туузан оношлогоонуудыг хийж байна. Дээр нь В, С вирус илэрсэн хүмүүст нарийн оношлогооны шинжилгээнүүдийг хийж эхэлнэ. Монгол Улс 2020 он гэхэд элэгний В, С вирусын шинжилгээг бүрэн хийдэг, хавдрыг бууруулсан, элэгний хатуурлыг эмчилж чаддаг орон болно гэж зарласан байгаа. Тэгэхээр үүний төлөө энэ үндэсний хөтөлбөр зориулагдаж байгаагаар ихээхэн онцлогтой юм. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яагаад заавал 40-65 насны иргэдээ энэ жил үзэж бусдыг нь орхигдуулах гээд байгаа юм гэсэн ойлголт байна. Бид Эрүүл мэндийн даатгалын хөрөнгө санхүүгийн асуудлаа бодолцох хэрэгтэй байсан юм. Харин ирэх 2018 онд 30 дээш нас бол 65 дээш насны иргэдийг эрүүл мэндийн даатгалаар нь үнэ төлбөргүй үзэж оношилно” гэлээ
Ж.Батжаргал:Өнөөдрийн байдлаар 6000 гаруй иргэнийг оношлогоонд хамруулсан байна
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагт сурталчлах ажлын хүрээнд өнөөдөр манай аймагт нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Орон нутгийн зүгээс 9 сараас эхлэн “Элэг бүтэн Төв аймагчууд" хөтөлбөр баталж гаргаж, элэгний халдвар хамгааллын чиглэлтэй асуудлыг сайжруулах, элэгний В, С вирусыг бууруулах эрт оношлох зэргээр ажилласан. Өнөөдрийн байдлаар нийт 6000 гаруй иргэнийг оношлогоонд хамруулсан үр дүнтэй байна. Энэ онд 40-65 насныханд үзлэг оношлогоо хийх ёстой. Оношлогоонд хамрагдах зардлыг орон нутгийн төсвөөс гаргахаар ажиллаж байна. Энэ 2017 онд 40-65 насны 23 мянган иргэнийг үзлэгт хамрагдана. Ирэх 2018 онд 30-39 насныхан хамрагдана. Тэгэхээр аймаг, Нийслэлийн хэмжээнд элэгний хавдрын эсрэг хязгаарлалт хийж, иргэд эрүүлжих боломж бүрдэж, элэг бүтэн амьдралыг ард түмэндээ бэлэглэнэ” гэлээ.
Д.Нямхүү: Улсын хэмжээнд 540 мянган иргэн шинжилгээнд хамрагдах тоо гарсан
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү энэхүү нээлттэй өдөрлөгт оролцсон бөгөөд тэрбээр “Улсын хэмжээнд 540 мянган хүн энэ хөтөлбөрийн хүрээнд В, С вирусын шинжилгээнд хамрагдах тооцоо гарсан байгаа. Тэгэхээр энэ иргэдийг бүрэн хамруулж элэгний В, С вирустай иргэдийг илрүүлж тоолно. Хэрвээ вирустай гарсан хүний ачаалалыг тоолно, тэгээд үзлэг хийнэ, хатуурал үүссэн эсэхийг үзнэ, хамгийн түрүүнд алийг эмчилгээнд оруулах уу зэрэг үе шаттай үзэж салгаж оруулна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн бүх халдвартай хүмүүсийг нэгдсэн мэдээллийн сан байрлуулна. Вирус илэрсэн тохиолдолд клиникийн эмч, лобаритори, эмийн компани гурав бүртгэлдээ оруулж, нарийн хяналтанд байлгана.
Аймгийн хэмжээнд 40-46 насны 23 мянган иргэнийг В, С вирусийн шинжилгээнд хамруулна
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар дундын болон олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийг шалгаруулж, урамшуулах болзолт уралдааны журмыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн тушаалаар баталсан байгаа.
Тиймээс аймгуудад эрчимтэй хэрэгжүүлж, үр бүтээлтэйгээр үзлэг оношлогоо хийх, вирус байгаа эсэхийг эрт илрүүлэх ажлыг эхлүүлсэн нь цагаа олсон ажил хэмээн Төв аймгийн иргэд ам сайтай байна.
Энэхүү хөтөлбөр батлагдсанаас хойш өнгөрсөн оны 9 сараас эхлэн хөтөлбөрийн хүрээнд хамруулахаар төлөвлөсөн 30-аас дээш насны 41286 иргэнээс аймгийн хэмжээнд 5000 иргэнийг хамруулах зорилт тавьж үүнээс 4851 /97.02/ хүнийг В, С вирус илрүүлэх ажиллагаанд хамруулж, В вирус илрээгүй 318 хүнийг В вирусын дархлаажуулалтад, 140 хүнийг С вирусын эмчилгээнд хамруулжээ. Мөн өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Баруун Зуунмод өрхийн ЭМТ-тэй хамтран 6 багийн нийт 643 хүнийг В, С вирус илрүүлэх үзлэгт хамруулж, С вирус илэрсэн 87, В вирус илэрсэн 45 хүнийг хяналтад авч, В вирус илрээгүй 589 хүнд сайн дурын дархлаажуулалтад хамруулж зөвлөгөө өгчээ.
Ийнхүү тус аймгийн нэгдсэн эмнэлэг болон 27 сум, өрхийн ЭМТ-дөө лицензийн дугаараар эрх нээж өгч 40-65 насны иргэдийг элэгний В, С илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд иргэдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалсан юм.
Үзлэг оношлогоонд хамрагдахаар дараалал үүсгэн оочерлож байгаа иргэдийн ихэнх нь өндөр настангууд харагдав. Халуун наранд ангаж цангахаа ч үл анзааран “Ээдээ яаж ийж байгаад үзүүлж л байвал болоо шүү. Дахин ийм боломж олдоо ч үү, үгүй ч үү” хэмээн халаглан дугаарлаж байв.
Төв эмийн сан эрүүл мэндийн даатгалаар газар нь эмнүүдийг тодорхой хөнгөлттөй хүнээр үйлчлэхээс гадна элэгний С вирусын эмийг 130 мянгаар худалдаалж байна. Мөн ажлаасаа болж элэгний С вирусын халдвар авсан зургаан хүнд 780 мянган төгрөгийн “Ледивир” гэх эмийг үнэ төлбөргүйгээр олгов. Ийнхүү нийт 382 төрлийн эмээр үйлчилсэн юм.
Үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүд үйлчлүүлэгчдийг 100, 100-гаар нь таслаж оочер тарааж, нэрсээр нь дуудаж оройны 19.00 цаг хүртэл үйлчилгээгээ үзүүлсэн ч дугаарласан иргэд олон байв. Хамгийн гол нь элэгний В,С вирусын шинжилгээг газар нь дээр авч тэр даруй шинжилгээний хариуг нь гаргаж байгаагаараа ихээхэн онцлогтой байсан юм. Ингээд зарим иргэдийн сэтгэгдлийг сонирхсон юм.
Өндөр настан Г.Балгансүрэн: “Өвөө нь хөдөөний хүн. Аймгийн төв дээр эмнэлгүүд үнэгүй үзлэг оношлогоо хийх гэж байна гэсэн мэдээлэл аваад өчигдөр ирсэн. Өнөөдөр оочерлож байгаад эход харуулсан зүгээр байна гэнэ. Харин тэр айхтар вирусын шинжилгээг өгсөн. Цагийн дараа хариугаа авахыг нь хүлээгээд сууж байна. Энэ их сайхан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ЭМЯ-ны удирдлагууд, энэ эмч нарт баярлалаа. Бид нар уулын мухарт хэдэн малтай байдаг улс тэр бүр эмнэлэгээр явж чадахгүй юм. Явахаар хэдэн өдрийн ажил болно. Харин ганц өдөр бүх төрлийн шинжилгээ үзлэг оношлогоонд орлоо. Иргэдэдээ ингэж илүү ойр ажиллаж байгаарай гэж хэлье” гэлээ.
Иргэн Н.Даваахүү “Би аймгийн төвийн иргэн. Хувиараа бизнес эрхэлдэг юм. Өнөөдөр Улсын гуравдугаар эмнэлэг болон арьс өнгөний эмнэлэгт үзүүллээ. Элэгний В, С вирусын шинжилгээ анх удаа өгөх байна. Би бүүр багадаа шарлаж байсан юм гэнэ лээ. Тэгээд вирус илэрчих вий гэж их эмээж байна. Одоо ч монгол хүн эрүүл саруул амьдрах баталгаа алга. Янз бүрийн л өвчин дуулдах юм. Харин хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа нарийн мэргэжлийн эмч нар болон ЭМЯ-ны удирдлагуудад талархмаар байна. Тэр болгон эмнэлэгт үзүүлээд байдаггүй, мөн боломж бололцоогүй хүмүүст ийм сайхан боломж олгосонд баярлалаа” гэв.
ИргэнЛ.Гонгор “Улсын хэмжээнд ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө ийм сайхан үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаад баяртай байна. Бүх төрлийн үзлэг оношлогоо хийнэ гэсэн мэдээллийг аваад ирлээ. Оочерлож байгаа хүмүүс олон л харагдана. Энэ талбайд зориод ирсэнийх заавал үзүүлнэ дээ. Миний нуруу нугас их өвддөг. Тиймээс “Гранд мед” гээд энэ хувийн эмнэлэгт үзүүлэхээр зогсч байна. Ер нь сүүлийн үед идэж ууж байгаа хоол хүнс, агаар уснаас болж хорт хавдрын өвчлөл их нэмэгдсэн гээд яриад байх юм билээ. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч байх нь зөв хэрэг учраас эмнэлэгт үзүүлж харуулж байхад гэмгүй шүү. Манайхан өвчнөө хүндрүүлчихээд эмнэлэгт ханддаг. Энэ бол маш буруу дадал юмаа. Эртнээс эрүүл мэнддээ анхаарч байгаарай гэж захъя даа” гэлээ.
Ийнхүү “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг Төв аймагт амжилттай хэрэгжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ