Гадаад өрийн дарамтыг гааруулсаар л байхуу?

Олон улсын түүхээс харахад өрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр байдаг. Өрийн хямрал нь их хугацаа шаарддаг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хэдэн арван жилээр ч хойш татаж болох хямралын хэлбэр, тодотговол гадаад өрийн хямралын үндэс суурь юм. Гадаад өрийн дарамтнаас үүдсэн хямрал ямар нөхцөл байдалд оруулдагийг бид өөрсдийн сайн мэдэх улс орнуудын жишээнээс харж болно.

Тухайлбал, 1998-аас 2005 он хүртэл үргэлжилсэн Аргентины их хямралын сөрөг үр дагавар одоог хүртэл арилаагүй байна. Аргентин улс байгалийн баялагийн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байсан, өргөн хүрээг хамарсан хувьчлал явуулсан зэргээс үүдэн 1990-ээд оны эхээр гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр оржээ. Энэ нь эхний үедээ төлбөрийн балансыг эерэг гаргаж байсан боловч, нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулалт нэртэй зээл их хэмжээгээр авсанаар Засгийн газар болон хувийн хэвшил нь их хэмжээний гадаад өрөнд орсон. Аргентины Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 90 хувьд, харин улсын нийт гадаад өр ДНБ-ий 255 хувьд хүрсэн зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө татаж эхэлсэн ба энэ нь өрийн хямралыг эхлүүлэх асаагуур болсон юм.

Евро бүсийн хямрал Грек улсын нийт өр ДНБ-ийхээ 165 хувьд хүрснээр хүндэрч өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Грек иргэдийн худалдан авах чадвар 2007 онд Европын холбооны дундажтай харьцуулахад 95%, 2008 онд 96.4%, 2009 ондоо бол бүр 97.9% болсноор энэ үзүүлтээрээ Өмнөд Солонгос, Израйль, Италийг гүйцэч, ДНБ-ний өсөлт нь Европын холбооны улс орнуудын дундаж өсөлтөөс дээгүүр гарч, тэдний энэ их хөгжлийг “Грек гайхамшиг” гэлцэх болсон. Ингэж мандаж, цэцэглэж байсан орон тун удалгүй ажилгүйдлийн өндөр өсөлт, захиргааны үр ашиггүй хавтгай үрлэгэн зардал, татварын алданги, эцэст нь авлига гэх нөгөөх эдийн засгийн шүдний өвчнүүдээр өвчилж эхэлжээ.

Монгол улс 1990 оноос хойших ардчилсан өөрчлөлтийн 22 жилд гадаадын улс орнууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 2,8 тэрбум ам.долларын зээл авч, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг рүү шилжиж, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээг хамарсан ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бүс нутгийн хэмжээнд үлгэр дуурайл болохуйц түвшинд амжилттай хэрэгжүүлж чадсан.

2017 оны байдлаар Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл 24,8 их наяд төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний 84.8 хувьд хүрэх тооцоотой байна. Үүний 54 хувийг гадаад өр, 30.6 хувийг дотоод өр эзэлж буй юм.

Өнөөдөр Монголын төр нь их өртэй, хувийн хэвшил, ард иргэд нь бүр их өртэй байгаа нь манай улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж болох өрийн хямрал нүүрлээд байна. Иймд бид юуны өмнө гадаад өрийн бүтэцдээ бүрэн дүн, шинжилгээ хийж, гадаад өрийн дарамтыг аль болох бууруулж, үүсэж болох нөхцөл байдлын эрсдлийг бууруулах цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Г.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ